Нэр дэвшигч Ш.Одгэрэл олон улсын байгууллагын нэрээр сонгогчдын ходоодыг “тогшиж” байна

Сонгуулийн сурталчилгааны давчуу хугацаанд өөрийгөө таниулах, иргэдийн итгэлийг олох гэсэн нэр дэвшигчид өвөрмөц, уран гоё үгтэй, толгой холбосон уриа гаргаж, лоозон бүхий самбар байрлуулж, хэвлэмэл материал тарааж байна. Нэг хэсэг нь харанхуй бүдүүлэг улсад нар мандаана гэж хашгирч, нөгөө хэсэг нь балчир хүүхэд тэвэрч өөрсдийгөө чимсэн зураг бүхий самбар байрлуулжээ. Тэгвэл “Хот бүхлээрээ миний тойрог” гэж эзэрхийлсэн нэгэн байхад “иргэн амгалан, нийгэм амгалан” хэмээн логик, утга авцалдаагүй үгс бүхий самбартай нэр дэвшигч ч байна.

Улстөрийн намууд ч “Монголдоо сайхан амьдарцгаая”, “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэх мэт уриа дэвшүүлжээ. Тэгэхээр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд монголчуудаа харийн нутагт боолын хөдөлмөр эрхлүүлж, нохой шиг амьдруулж байсан гэмээ ухаарсан юм байлгүй. Харин хувь нэр дэвшигчид “цэцийн Лхагважав”, “Зүтгэх хүч Л.Эрхэмбаяр” гэх мэт өөртөө имиж бүрдүүлж байхад ганц нэг нь гадны байгууллагын нэр зээлдсэн шиг явж байх юм. Тухайлбал, НИТХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Баянхошуу бүсэд нэр дэвшигч Ш.Одгэрэл гэгч нөхөр.

Тэрээр сүүлийн 10 орчим жил Дэлхийн зөн олон улсын байгууллагын Баянхошуу бүсийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд нийслэлийн захын гэр хорооллын эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнс, хувцас хунараар буян үйлдэх ажил хийж ирсэн. Тиймээс баянхошуу бүсийнхэн өөрт нь “хайртай” болсон гэж ойлгож байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл эмзэг бүлгийн иргэдийн “ходоодонд” найдсан гэхэд хилсдэхгүй. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын өглөг, буяныг ашиглан өөрөө зөөлөн сэнтийд залрах хүсэлдээ хөтлөгджээ. Тиймдээ ч “Зөнгийн Одгэрэл” гэсэн плакат тарааж сууна. АН-аас нэр дэвшигч Одгэрэл гэхээр хэн ч танихгүй харин “Зөнгийн Одгэрэл” гэхээр сонгогчдын нэлээд хэдэн хувийнх нь ходоодонд хүрч мэдрэгдэнэ гэж тооцоолжээ. Монгол Улсын Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34.6-д дараах этгээдээс хандив авахыг хориглоно гэж заажээ. Үүнд,

34.6.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;
34.6.2.олон улсын байгууллага;
34.6.3.гадаад улсын иргэн;
34.6.4.харьяалалгүй хүн;
34.6.5.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
34.6.6.сонгууль зарласан өдөр арван найман насанд хүрээгүй Монгол Улсын иргэн
34.6.7.төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд;
34.6.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй хуулийн этгээд;
34.6.9.Yйлдвэрчний болон бусад төрийн бус байгууллага;
34.6.10.шашны байгууллага гэж тодорхой дурджээ.

Тэгэхээр энэ эрхэм Олон улсын байгууллагын нэр ашиглан сурталчилгаа хийж байгаа нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэрэг болж байна. Нэрээ зээлүүлнэ гэдэг хандив оруулсан нэг хэлбэр гэж үзэх боломжтой гэдгийг хуульчид хэлж байгаа. Үнэхээр баянхошууныхны төлөө юм хийсэн, олонд танигдсан улстөрч байсан бол гадны буяны байгууллагын нэр зээлдэхгүй л байсан.Бас болоогүй АН-ын штабаас тухайн тойргийн нэр бүхий сонгогчдод нэр заан тусгайлан урилга тараажээ.

Дэлхийн зөн байгууллагын лого нэр бүхий урилга нь СХД-ийн 76 дугаар сургуулийн байрны хойно байрлах Дэлхийн зөн Баянхошуу ОНХХ-н хүний хөгжлийн төв байранд зургадугаар сарын 13-нд лекцэнд ирэхийг урьжээ. Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяагийн “Гэр бүлийн харилцаа” сэдэвтэй лекц гэжээ.

Дэлхийн зөн байгууллагаас баянхошууны иргэдэд хандан олон нийтийн ажиллагаа явуулж байгаа бол яагаад Ш.Одгэрэлийн сонгуулийн штабаас нэр бүхий иргэдэд хандан урьдаг билээ. Лекц нэрийн дор сонгуулийн ямар нэг сурталчилгаа, санал худалдаж авах үйл ажиллагаа явуулсан байхыг үгүйсгэхгүй. Энэ мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд хандан шалгуулахад гэмгүй. УИХ, НИТХ-д хувийн хэвшлийнхэн орж ирснээр хувийн компанийн төлөө ажиллана гэж шүүмжилж байгаа. Тэгвэл олон улсын байгууллагын төлөөлөл шийдвэр гарах түвшин рүү сэмхэн гэтэж байна шүү.
Х.Цэлмэг

chuhalmn


URL:

Нэр: Бүрэнтөгс Огноо: 23 January 2015

Улс төрд хэн овжин байгаа нь л гардаг шүү дээ. Тэгээд ч энэ хүн гарснаар их зүйл хийж байгаа гэж бодож байна. Олигарх биш шинэ, амьдралд ойрхон хүмүүсээ дэмжих хэрэгтэй шүү дээ. Энэ хүн Баянхошууны шороотой, утаатай амьдралын зовлонг сайн мэддэг хүн гэж би хувьдаа үнэлдэг.

Нэр: Залуучууд Огноо: 23 January 2015

Би хувьдаа энэ хүнийг Сонгино Хайрхан дүүрэгтэй их юм хийж байгаа хүн гэж боддог. Зөв бодолтой иргэд бид нартайгаа ярилцаж чаддаг хүн. Хийж бүтээх гэж байгаа залуу хүнээ та нар битгий ингэж доош нь хийж байгаач ийт байвал яаж улс орон минь хөгжих вээ!!!!

Сэтгэгдэл бичих