Дэлхийн аваргууд шөвгийн наймд

Өмнөх хоёр дэлхийн аваргын түрүү багууд болох Итали болон Испанийн шигшээ багууд “Евро-2012”-ын шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. Өнгөрсөн шөнө болсон “С” хэсгийн сүүлийн тоглолтод Италийн шигшээ Ирландын багийг 2:0 харьцаатай хожиж, энэ хэсгээс шалгарах болзол хангасан бол тив, дэлхийн аварга Испанийн шигшээ тоглолтын эцсийн мөчид Навасын оруулсан гоолын ачаар Хорватын багийг буулган авлаа. Сэлгээгээр талбайд гарсан Сеск Фабрегас анхлан Хорватын багийн хамгаалалтыг сэтэлж, улмаар Андрес Иньестагийн дамжуулалтаар Хесус Навас тун чухал гоол оруулж, багтаа ялалт авчирчээ. Тоглолтын 61 дэх минутад Торресийн оронд сэлгээгээр талбайд гарсан тэрбээр 88 дахь минутад гоолдож, шигшээ багийнхаа төлөө хоёр дахь гоолоо оруулсан байна.

Испани болон Хорватын шигшээ багийн ялагч нь Познань хотноо болсон Ирланд ба Испанийн тоглолтын үр дүнгээс үл хамааран хэсгээсээ шалгарах нь тодорхой байсан. Гэхдээ тэмцээний дүрмийн дагуу бол тоглолт 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөвөл Испани болон Хорватын шигшээ хоёул шөвгийн наймд шалгарах боломжтой байлаа. Гэхдээ Висенте дел Боскегийн “Ялагдашгүй Армада” эцсийн мөчид Навасын гоолын ачаар ялалт байгуулж, тэмцээнийг цаашид үргэлжлүүлэхээр болсон юм.

Италийн багийн тухайд Антонио Кассано /35’/, Марио Балотелли /90’/ нарын гоолын ачаар өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан. Харин Ирландын шигшээ ийнхүү Голландын багийн адил нэр төрийн оноо ч үгүй нутаг буцах болж байна.
Өнөө шөнө хэсгийн шатны сүүлийн тоглолтууд болж, маргаашнаас шөвгийн наймын тулаанууд эхэлнэ. Хуваарь ёсоор өнөө шөнө 02.45 цагаас “D” хэсэгт багтсан Англи ба Украйн, Франц ба Шведийн багийн тоглолт болно.

С.Цэлмэг

URL:

Сэтгэгдэл бичих