ҮШ БОГД ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ЖИШГИЙГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс ҮШ Богд Жибзундамбын түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлж дүгнэсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 1911 оны 12 дугаар сарын 29-нд ҮШ Богд Жибзундамба хутагтыг “Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч нэрэн гэрэлт хаан”-д өргөмжлөн туурга тусгаар улсаа зарлан тунхагласнаас хойш жил бүрийн энэ өдрийг улсын баярын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтож зарлиг гарч байжээ.  60-70 жилийн туршид энэ үйл явдлын ач холбогдлыг зохих ёсоор үнэлж дүгнэж чадаагүй байсаар 1990 онтой золгосон бөгөөд ҮШ Богд Жибзундамын түүхэнд оруулсан хувь нэмрийг ч бүрхэгдүүлж иржээ. Энэ удаагийн дугаартаа МУИС-ийн түүхийн тэнхимийн доктор, профессор Ж.Болдбаатартай уулзаж ҮШ Богд Жибзундамбаын талаарх түүхэн бодит баримтыг толилуулж байна.

-ҮШ Богд хэдэн настай манайд ирсэн юм бэ? Яагаад Түвд хүнийг хаанд өргөмжлөх болов?

-Жавзандарнад хувилгаан Богдын найман дүр тодорсон байдаг юм. Хамгийн анхных нь дүр Өндөргэгээн Занабзаар бөгөөд Чингисийн алтан ургийн хүн түшээт хан Гомбодоржийн хүү юм. Нэг, хоёрдугаар богд монгол хүн байсан сүүлийн зургаан богд Түвдээс тодорчээ. ҮШ Богд 1870 онд Түвдэд нэгэн чинээлэг түшмэлийн гэрт мэндэлсэн. Түүнийг Өндөр гэгээн Занабазарын хойд дүрээр буюу ҮШ Богдоор тодруулж таван настайд нь Монголд авч ирснээс хойш Монголоос хэзээ ч дахин гараагүй. Хаанд өргөмжилсөн нь ч учир шалтгаантай. Тухайн үед Монголын шарын шашны тэргүүн оюун санааны удирдагч бйасан. 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэлд голлож оролцсон. Нэгэнт Өндөр гэгээний хойд учраас өөрийгөө Чингисийн алтан урагт тооцож байсан төдийгүй тэр үедээ хамгийн баян хүн байсан. 90 груй мянган хамжлагатай, 90 гаруй мянган толгой малтай тийм баян хүн халхад байгаагүй. ХХ зууны эхэнд л гэхэд 20-30 мянган малтай 30-аад  хүн байсан байдаг юм билээ. Тэднээс л хэд дахин давуу малтай байсан байдаг. Богд гэгээнтэй өрсөлдөхүйц хаан болох хүн байгаагүй. Ийм учраас Монголын хаанд өргөмжлөгдсөн байдаг.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд ҮШ Богд ямар үүрэг гүйцэтгэв?

-20 гаруй насандаа улс төрийн зүтгэлтэн болохоо харуулж Манжаас Монголыг тусгаарлах ажлыг сэдэж Шанзав Бадамдорж зэрэг хүмүүсийг 19 дүгээр зууны сүүлчээр Оросын цагаан ханд илгээж тусламж хүсч байсан мэдээ байдаг. “Одоо монгол өвөгтөн бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон” гэж айлтгал лүндэндээ буулгасан нь Чин улсын ноёрхолд байсан Монголчууд нэгдэж тусгаар тогтнолын төлөө тэмцэх улс төрийн мөрийн хөтөлбөр болсон.

-ҮШ Богд олон улсын парламентын жишгийг Монголд хэрэгжүүлсэн гэж та хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэмжээлшгүй эрхт хаан байсан шүү дээ. Үүнийг үргэлжлүүлэхийг хүсээгүй. Дэлхийн чиг хандлагыг нэлээн судалж Хаант бүгд найрамдах улс болохыг хүсч байсан. 1914 онд улсын дээд, доод хурлыг олон улсын парламентын жишгээр байгуулсан. Хэдийгээр энэ хурал сонгож байгуулагдаагүй боловч их чухал үүрэгтэй байжээ. 1921 оны ардын хувьсгалын дараа хэмжээт эрхт хаан болсон. 1925 онд Германы нэгэн томоохон сонинд ҮШ Богдыг маш хашир чадамгай улс төрч гэдгийг тэмдэглэж бичсэн байдаг. ҮШ Богдыг олон жил судалсан Германы нэрт эрдэмтэн Хайсиг, Английн эрдэмтэн Онон Өргөнгөө нар түүнийг улс төрийн томоохон зүтгэлтэн байсан хэмээн дурьдсан нь бий.

-ҮШ Богд хувь хүний хувьд ямар хүн байсан юм бол?

-Хүүхэд байхдаа их дураараа хүүхэд байж л дээ. Хоёр өрөө байшин дүүрн тоглоомтой, хоёр ямаа хөллөсөн жижиг тэрэгтэй. Бас орос эхнэрийн хувцас өмсч алиалдаг хүүхэд байсан гэж Оросын консул Шашмеровын тэмдэглэд дурьджээ. Х1Х дүгээр зууны сүүлч ХХ зууны эхээр Дондогдуламтай гэрлээд эх дагина хэмээн өргөмжилжээ. Дондогдуламыг нэлээд зальтай, арга саам ихтэй сүрхий эмэгтэй байсан гэж гадаадын сонин хэвлэлд бичсэн нь бий.

-Богдыг тэмбүүтэй байсан гээд л бичдэг?

-Богдод янз бүрийн өвчин эмгэг байсан байдаг. Сүүлийн жилүүддээ саажилттай болсон. Хөдөлгөөний хомсдолд орсон.

-Боловсролын хувьд?
-Найман Богдоос ганцаараа таван боть 790 гаруй хуудастай ном цээжилж гавжийн дамжаа барьж байсан юм. Богдыг олон сайн лүндэнгүүд байдаг шүү дээ. Тэр дундаа ард түмний ёс зүйн асуудал, тамхи, архинаас сэргийлэх, ер нь хүн биеэ яаж авч явахын талаар тод томруун илэрхийлж үлдээсэн. Ирээдүйг зөгнөж харсан олон бошго, гэрээс нь айхтар сүрхий таарсан байдаг. Ер нь эгэлгүй номтой хүн байсан гэдэг. Номыг их эрхэмлэдэг түүгээр ч барахгүй гадаадын зохиол бүтээлийг орчуулж судалж ирсэн байдаг юм. Богдын даалгавраар Хятадын “Хүйтэн уулын бичиг”, “Энх амгалангийн бодлогын бичиг”, “Тан улсын судар”, “Гурван улсын түүх” зэргийг орчуулсан байдаг.

-Хүрээний хөгжилд нэлээд хувь нэмэр оруулсан гэдэг?

-Зоопарк анх байгуулж байсан хүн шүү дээ. Тэнд нь арслан, заан, бар, сармагчин, жигүүртэн шувууд бүгд л байж. Заан нь усанд шумбаж сармагчин нь моднос модонд дүүлж, тогос шувуу өдөө дэлгэн айван тайван алхаж байсан гэж бичсэнийг бодоход их л сайхан сэтгэл хөдөлгөм орчин төсөөлөгдөж байгаа юм. ҮШ Богд маань Монголд анхны авто машин эзэмшигч шүү дээ. Германаас хоёр цлиндртэй “Дэмлер” гэдэг машин Монгод анх унасан. Сүүлд Ардын засаг байгуулагдсаны дараа анхны 100 машин монголд орж ирсэн юм. Бенз, фордын загвараас 50, 50-ыг авч ирсэн гэдэг. Мөн утсан харилцааг ч Монголд анх нэвтрүүлсэн. 60 эзэмшигчтэй жижиг телефон станц, хүрээний ойр зуурыг гэрэлтүүлэх жижиг цахилгаан станц Германаас авч ирүүлж байсан байдаг. Ер нь Германтай их дотно түншилдэг тэндээс бараа таваараа авдаг.

-1921 оны ардын хувьсгалд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ, Киноноос үзэхэд тамга дарангуутаа “би юу хийчихэв ээ” гэдэг. Энэ хэр ортой юм бол?

-Юу хийхээ мэдэхээ больсон баримжаагүй хүн байгаагүй. 1921 оны ардын хувьсгалыг дэмжиж байсан. Энэ утгаараа хэмжээт эрхт хаанд өргөмжлөгдсөн. Ер нь Богдыг 1921 оны хувьсгалын удирдагчид их хүндэлдэг. Сүхбаатар ямар нэгэн бичиг баримт үйлдэхдээ “Оройн дээд Богд ламаа зална” гэдэг үгийг их олонтаа хэрэглэсэн байдаг юм. Тэд хоорондоо их сайн харилцаатай, үе үе очиж шатар нүүдэг байсан гэж бичсэн байдаг юм.
Д.Догсмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих