Tөрийн далбаа маань далайн дээрэмчдийн далбаатай адил адлагдаж байна

Алтан соёмбот Монголын далбаа … гээд сайхан шүлэг бага байхдаа цээжилдэг байж билээ. Хэдийгээр тэр үед төрийн туг далбааны талаар ямар ч ойлголтгүй байсан ч ямар нэг сүрлэг, ариун зүйл юм байна хэмээн балчир ухаандаа мэдэрч байв. Үнэхээр энэхүү алтан соёмбот далбаагаа хараад л бид монгол хүн болж төрснийхөө ид бахыг мэдэрч, омогшин, эх орноороо бахархдаг. Тамирчид маань ч олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг л мандуулах гэж зүтгэн тэмцэж, мандсан хойно нь нулимс дуслуулан уярдаг билээ. Тэгвэл бидний хүндлэн биширч, баяр ёслолын үеэрээ л өргөн мандуулдаг төрийн далбаа маань харьд үнэгүй нэгэн даавуу мэт үзэгдэн, эх орныхоо нэртэй хамт гундлаа гэвэл та итгэх үү? Далайд гарцгүй манай орны далбааг зээлдэж буй гаднын хөлөг онгоцнууд байнга хэл ам татлан, хэвлэл мэдээллээр “Монгол онгоц” хэмээн чичлүүлж байна.

Сүүлийн хагас жилийн дотор гэхэд монгол далбаатай онгоцтой холбоотой хэрэг таван ч удаа гарлаа. Энэтхэгээс нүүрс ачин Австралийг зорьж явсан манай онгоц Энэтхэгийн далайд живсэн бол алс холын Африкт нэг нь хууль бус зэвсгийн наймаанд оролцоод баригдсан байх юм. Гүржээс төмөр ачиж явсан “Василий” онгоц шуурган дунд Хар далайд гарч яваад живж, хүний амь нас эрсдэн, багийн хоёр гишүүн нь одоо болтол олдоогүй байна. Тэднийг хориотой бараа зөөснөө нуухаар зугтаж яваад осолдсон гэж Украины шүүх үзэж буй.

Украины нэгэн боомтод мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн хэргээр нэгэн онгоц баригдахад мөн л Монголын далбаа дээр нь намирч байв. Оросын Находка боомтод ирсэн манай далбаатай онгоцны ачаа бараанаас хортой шавьж, нян илэрсэн гэх. За тэгээд, далайчдынхаа цалинг өгдөггүй хэргээр сар хэртэй баривчлагдаж байж, өрөө барагдуулсан хөлөг онгоц бас манайх.

Дандаа л болохгүй бүтэхгүй зүйлд орооцолдож байдаг болохоор нь гадаадын гааль, усан боомтынхон Алтан соёмботой далбаа харахаараа “За, энэ хэд ч “НО”-той” гээд л сэжиглэдэг болсон гэнэ. Ийнхүү алтан соёмбот далбаа маань бараг л далайн дээрэмчний хохимой толгойтой далбаатай адил адлагдаж, ямар ч нэр хүндгүй болоод байна. Монголын далбааг дандаа үл бүтэх нөхөд зээлдэг юм болов уу. Эс бөгөөс бид өөрсдөө ямар ч хяналтгүйгээр гуйсан бүхэнд өгөөд байна уу? Хянаж шалгадаг нь хэн юм бол? Гадаад валют олдохгүй хэцүү үед яахав, хэдэн доллар олдог байсан байх.

Гэвч одоо уул уурхай, алт мөнгө гээд нэг үеэ бодвол бид баяжжээ. Хэдий болтол хэдхэн халтар долларын төлөө улс орныхоо нэрийг багахан салхи сэрчигнэхэд живчихдэг амбасын үеийн хуучин хөлгүүд, хулгайн тээвэр хийдэг жижиг гарын наймаачдад ашиглуулж байх билээ. Саяхан СьерраЛеон улсын засгийн газраас гадаадын хөлөг онгоцыг бүртгэж, үндэсний далбаагаа зээлүүлэхээс татгалзах шийдвэр гаргалаа. Тэд энэ шийдвэрээ олон улсын бүсэд хулгайн тээвэр, агнуур хийхийн эсрэг тэмцэх зорилготой гаргасан хэмээн зарласан.

Тус улс олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас үгүйрч хоосорсон, эх орноо сэргээн босгохын тулд нэмэлт хөрөнгө олох зорилгоор далбаагаа зээлж байсан гэнэ. 2005-2009 онд Америкийн НьюОрлеан дахь Олон улсын далайн тээврийн газарт 50 гаруй хөлөг онгоц Сьерра-Леоны далбаан дор бүртгүүлсэн байна. Онгоцны эзэд тус бүр 50 мянган доллар төлсөн гэхээр далбааны бизнес сүртэй их орлого оруулдаггүй нь харагдана.

ОХУ-ын Далайн тээврийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга А.Савельев “Далбаа зээлүүлээд их мөнгө олдог мэтээр ярьдаг нь хоосон яриа. Тэр багахан мөнгөнөөс болж улс орны нэр хүнд унаж байна гээд бодохоор хэн хохирч байгаа нь тодорхой. Сьерра-Леон улсын энэ жишээ Монгол, Гүрж, Камбож, Белиз мэтийн орнуудыг далбаагаа гадаадын хөлөгт өгөхөөс татгалзахад хүргэвэл сайнсан. Далбаа зээлүүлнэ гэдэг хулгайн тээврийг албан ёсоор дэмжиж байгаа хэрэг гэж хэлэхэд ч болно” гэж мэдэгдсэн байх юм.

Бид цаашдаа хэдхэн ногооноор улс орныхоо нэрийг худалдаж идээд сууж байх уу? Сьерра-Леон улсын жишээгээр татгалзах уу. Африкийн энэ бяцхан орноос бид юугаар дутуу гэж. Сьерра-Леон ямар ч гэсэн хэдэн онгоц бүртгэж, хэдэн төгрөг олсноо мэддэг, зарладаг юм байна. Тэгвэл бид улсынхаа төсвийн хэдэн хувийг далбаа зээлсэн онгоцноос гаргуулж, тэндээс орсон мөнгөөр юу барьж байгуулж, идэж ууснаа мэддэг бил үү? Дэлхийд далбаагаа зээлдэг 32 орон байгаа нь бүгд ядуу буурай гэсэн ангилалд багтсан улс байна.

Үүнээс Монгол, Боливи улсууд далайд гарцгүй. Зарим толь бичигт “Монгол, Тонга, Сан-Томе зэрэг зарим орон далбаа зээлэх үйлчилгээгээ гадаадын жижигхэн, сэжиг бүхий компанид даатгаж орхисноос үнэн хэрэгтээ энэ салбараа хянаж чадахгүй болдог” хэмээн бичсэн байна. Ингэхэд далбаа зээлэх гэж юу болох талаар судалж үзье. “Орчин үеийн эдийн засгийн толь бичиг”-т “Далбаа зээлэх (flag of convenience) гэдэг нь ямар нэг жижиг улс гадаадын хөлөг онгоцыг нэр дээрээ бүртгэн, далбаан дороо ажиллахыг зөвшөөрөхийг хэлнэ. Анх 1950 оноос эхэлсэн энэ ажиллагаа одоо болтол үргэлжилж байна.

Жижиг орны далбааг зээлэх замаар онгоцны эзэд аюулгүй байдлын дүрэм баримтлах хариуцлага, өндөр татвараас зугтаадаг” хэмээн тодорхойлжээ. Далбаа зээлсэн онгоц нь тухайн орны нутаг дэвсгэрт тооцогддог. Тиймээс л төрийн далбаа мандуулж байгаа. Тэгвэл манай орны нутаг дэвсгэр болох хөлөг онгоцнуудад Монгол Улсын хууль дүрэм үйлчлэх ёстой. Тэнд хулгайн тээвэр, агнуур хийж байгаа бол энэ нь манай хуулийг зөрчиж байна гэсэн үг. Энэ талаар ярьж бичиж байгаа зүйл манайд огт алга. Бүр мэдэж байгаа хүн ч алга.

Гадаадын далбаа зээлсэн онгоцны эзэн, далайчдын хооронд цалин хөлсний маргаан байнга гардаг аж. Далайд гарахын өмнө гэрээ байгуулдаг ч үнэн байдал дээр цалин хөлсийг нь хэдэн сараар удаах, гэрээнээс бага цалин өгөх гээд будлиан тасрахгүй. Угаасаа ингэх гэж л бусад орны далбааг зээлж байгаа хойно чадаж байгаа юманд арга байхгүй. Далайчид маргалдан, үйлдвэрчний эвлэл, шүүхэд хандахад Канад, Тайландын онгоц байсан ч манайх Монгол далбаатай тул Монгол явж заргалд л даа хө гээд л хаячихна.

Дургүй хүргэсэн ажилчнаа хэзээ л бол хэзээ халчихдаг болохоор далайчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд далбаа зээлэхийн эсрэг тэмцдэг юм билээ. Тэд гадаадын далбаатай онгоцыг оруулахгүй байхыг дэлхийн боомт болгонд уриалж байна. Дэлхий даяараа далбаа зээлэхээс татгалзаж эхэлж байгаа өнөө үед бид ч бусад оронд үлгэр жишээ үзүүлбэл ямар вэ. Монгол, Камбож орнууд далбаа зээлүүлсэн хөлөг онгоцнуудынхаа талаар ямар ч хариуцлага хүлээдэггүй хэмээн алдаршсан байх юм.

Далбаа зээлүүлэх явдлыг Панам улс эхлүүлжээ. Панамчууд дэлхийн нэгд үгээр дайны үеэс гадаадын худалдааны хөлөг онгоцыг бүртгэх системээ хялбарчилж, татварыг багасган, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байранд тавих шаардлагаа сулруулснаар энэ оронд бүртгүүлж, далбааг нь зээлэх хүсэлтэй онгоцны эзэд олширсон гэнэ. Америкийн олон хөлөг онгоц Панамын далбаатай тээвэр хийж эхэлсэн нь Олон улсын тээврийн ажилчдын холбооны санааг зо воож эхэлжээ. Тэдний түгшүүр батлагдаж, Гондурас, Либери, Коста-Рика зэрэг орнууд гадаадын хөлөг онгоцнуудыг ил тод бүртгэж эхэлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа далбаа зээлэх явдал дэлхий дахины шинжтэй болсон тул Олон улсын тээврийн ажилчдын холбооноос гадаадын хөлөг онгоцыг бүртгэхийн эсрэг тэмцэл өрнүүлэхэд хүргэсэн байна. Гадаадын далбаатай онгоцнуудын тоо цөөрч эхэлсэн ч 1970 оноос дахин нэмэгджээ. XX зууны сүүлчээр дэлхийн нийт хөлөг онгоцны 30 хувь нь гадаадын далбаатай байсан бол энэ зууны эх гэхэд 50 хувь болж өссөн байна. 1992 онд Герман улс хөлөг онгоцны татвараа нэмэхэд ихэнх онгоц нь гадаадын далбаатай болж хувирсан гэдэг.

Далбаа зээлүүлж байгаа орон хөлөг онгоцоо хэдхэн цагийн дотор бүртгэж, ямар ч ачаа тээвэрлэхийг зөвшөөрдөг тул онгоцны эзэнд их ашигтай. Хэрэв Европын хөлөг онгоц 15- 20 хувийн татвар төлдөг бол Азийн орны далбаатай онгоц 5-6 хувийг өгдөг. Иймээс жижиг буурай орны далбааг зээлэхийг хүсэгчид олон байх нь гарцаагүй. “Хулгайгаар зэвсэг тээвэрлэхийг хүсвэл Камбожийн далбааг зээлээрэй” гэдэг яриа гэмт хэрэгтнүүдийн дунд гарсан гэнэ. Камбожийн хөлөг онгоц бүртгэх газар нь Сингапурт байрлах бөгөөд интернэтээр 24 цагийн турш бүртгэдэг аж. Камбожийн далбаатай 450 онгоцноос 25 нь живж, 41 нь мөргөлдөн, есөн онгоцонд түймэр гарч, 45 хөлгийн эзэд баривчлагдсан гэсэн тоо байна.

2004 оны арваннэгдүгээр сарын 3-нд Камбожийн далбаатай “Ароса” онгоц Монголын далбаатай “Вест” онгоцтой мөргөлдөн, 33 орос далайчин амь насаа алдсан. Ослын хариуцлагыг хэн хүлээсэн гэж бодож байна. Хэн ч биш. Далбаа зээлсэн онгоцны эзэн хэн болох нь ч тогтоогдоогүй гэдэг. Ингэж л манай нэр гарсаар, унасаар л. Яагаад танай онгоцнууд дандаа гэмт хэрэгт холбогддог юм бэ гэсэн сурвалжлагчийн асуултад Камбожийн Тээврийн яамны сайд “Манай далбааг хэн зээлснийг бид мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.

Тэд хулгай хийнэ үү, хар тамхи зөөнө үү бидэнд сонин биш” гэж уурласан гэнэ. Харин манай сайд нэг муу камбожоос арай соёлтой хүн тул ингэж дайрахгүй байгаа ч хэдэн онгоцтойгоо ядаж ард олондоо дэлгэж тайлагнах цаг болсон баймаар. Монгол далбаатай онгоц осолд орлоо гэхээр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан “Хаана ямар хэвлэлд тэгж гарч вэ” гээд биднээс хайж явах юм.

Манай дотнын анд БНАСАУ далбаагаа зээлдэггүй шууд зарчихдаг гэж байгаа. Энэ улсын далбаатай 408 онгоцноос 187 нь л солонгос онгоц. БНАСАУ-ын далбаатай онгоцнууд хар тамхи, буу зэвсгийн наймаанд оролцож баригдах нь олонтаа. Иймэрхүү хар нэртэй, бараан мөртэй орнуудын тоонд Монгол Улс багтаж, Алтан соёмбот далбаа маань далайд гарсан биш гундаж, гутааж эхэллээ.

М.СУГАР-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих