Нууц байсан хар тамхи одоо хаа л бол хаа тааралдах боллоо
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манайд албан ёсны тоогоор 561 хүн хар тамхи, мансууруулах бодис байнга хэрэглэдэг байна. Үүний цаана албан бус тоогоор хэдэн хүн байдаг нь тодорхой бус байгаа юм. Тус нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн биднийг мансууруулах бодис арваад жил биендээ тарьж хэрэглэж буй 40 гаруй насны эрэгтэй Х-тэй холбож өгсөн юм. Тэрбээр нэрээ нууцалж ярилцлага өгөхийг зөвшөөрлөө.
-Хэзээнээс мансууруулах бодис хэрэглэж байгаа вэ. Ямар төрлийг хэрэглэдэг вэ?
-1998 оны сүүлчээр айлын хуримд очоод, харьж явахдаа замдаа унтаад хөлөө хөлдөөчихсөн юм. Хөл маань хавдаад их өвчин орсон. Морфин хэрэглэдэг найз маань өвчин амархан дардаг гээд надад тарьсан. Эхлээд өвчин дараад сайхан л байлаа. Сүүлдээ улам шохоорхож, кайф авч эхэлсэн. Шунасаар байгаад л донтоод орчихсон. Морфиныг эмийн сангуудаар худалддаг. Гэхдээ зөвхөн эмчийн бичгээр. Хатуу хяналттай байдаг. Тэр үед би хөдөө суман дээр байсан юм. Сумын эмнэлгүүдээс танил талаараа гуйж түйгээд авчихдаг байсан. Хугацаа нь дууссан морфин голдуу авч хэрэглэдэг байлаа. Одоо тарихгүй нэг ч өдөр болж чадахгүй, хараат болсон.
-Өдөрт хэдэн морфин хэрэглэдэг вэ?
-Олдоц муутай байгаа учраас багасгаж байна. Олдоод байвал хийгээд л байх санаатай шүү. Саяхан нэг найзтайгаа таарсан юм. Тэр нөхөр гурван сарын өмнө зургаан цагийн зайтай тарьдаг байсан бол одоо цаг болоод тарьдаг болсон байна. Хийх тусам улам шунал хөдөлгөдөг. Биеэ хянаж байхгүй бол хурдан л үхэл рүүгээ ойртож байна гэсэн үг. Ажил хийдэггүй учраас тариагаа худалдаж авах мөнгө олдохгүй хэцүү. Хүмүүсээс гуйна, царай алдана. Бидэнд эмчийн бичиг олдохгүй учраас морфин гадуур наймаалцаж авдаг. Хэрэглэгчдийнхээ хүрээгээр л олж авдаг даа.
-Ажил хийж болдоггүй юм уу?
-Яаж ажил хийхэв дээ. Ширээний ард суугаад сэтгүүлчийн ажил хийлээ гэж бодоход, нөгөө юм чинь үгүйлэгдээд босоод алга болно. Ер нь зорилго маань морфин олж тарих даа. Архи уудаг хүн бол тэвчиж байгаад ажлаа тараад ууж болно. Бид нар тэгж чадахгүй. Бие организм маань маш хүчтэй нэхдэг. Тариагаа хэрэглэхгүй бол бүх бие янгина өвдөнө. Ухаан балартаж татаж унаад, нус нулимс өөрийн мэдэлгүй гоожно. Өвдөлтийг нь төсөөлөхийн арга байхгүй дээ. Зөвхөн морфин тарьж байж л намдана. Өөр юу ч хэрэг болохгүй. Тийм айхтар хараат болчихдог юм.
-Хэрэглэсний дараа ямар мэдрэмж төрдөг юм бол?
-Өвдөлтийг дарангуйлж шууд тархинд нөлөө үзүүлдэг. Бүх бие тайвширч, сэргэдэг. Би морфин судсаар хийдэг. Нүдний хараа, алхаа гишгээ сайхан болж эхэлнэ. Байнга хэрэглээд донтох эмгэгтэй л гэсэн үг.
-Донтсон хүнд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Асар их сөрөг нөлөөтэй. Элэг цөс, дотор эрхтэн, хараа, сонсгол муудна. Арьс хуурайшиж, хөгшрөлт хурдан явагдана. Тэглээ гээд хэрэглэхгүй байж чадахгүй. Дэлхий нийтэд хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүмүүсийг төгс эмчилсэн газар ховор. Манайд бол бүр ч эмчилж чадахгүй. Нарийн мэргэжлийн эмч ч байхгүй. Наркологийн талаас нь судалдаг хүмүүс бий. Тэд ч гэсэн яаж эмчлэх талаар мэддэггүй гэдгийг багтай хэлж чадах байна.
-Монголд морфин хэрэглэдэг хэр олон хүн байдаг бол?
-Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч байна. Над шиг тарьж хэрэглэдэг хүн дээхнэ үед цөөхөн байдаг байсан. Одоо маш олон бүлэглэл, сүлжээ бий болсон байна. Хэрэглэгчид ч залуужиж байна. Оюутнууд их хэрэглэх болсон. Морфиноос гадна хар тамхины төрлийн бодисууд Монголд ОХУ, Хятадаас их орж ирдэг юм байна лээ. Голдуу баячуудын хүүхдүүд хар тамхи татдаг. Нэртэй сайн бөхийн бага хүү хар тамхинд донтсоныг сайн мэднэ. Гадаадад Элчин сайд хийж байсан том хүний хүү манай хүрээнд байдаг. Загвар өмсөгч сайхан охин морфин хэрэглэж донтоод амьдрал нь сүйрч байна. Ер нь мансууруулах бодисын хэрэглээ замбараагаа алдаж байна.
-Тухайлбал. Орос, Хятадаас ямар мансууруулах бодис орж ирдэг вэ?
-Хятадаас сэргээх маягийн бодис их орж ирдэг гэсэн. Жолооч нар их хэрэглэдэг. Хоёр гурван өдөр нойр хүрдэггүй сэргэг байдаг гэж ярьдаг л юм. Тамхи хольж татдаг юм гэсэн. ОХУ-аас орж ирдэг нь химийн гаралтай. Манайд бол хөдөө янз бүрийн өвс их ургадаг. Түүж ирээд нүдээд хэрэглээд байдаг юм байна лээ. Залуучуудын хувьд архи, тамхи сонирхол нь биш болж. Ялангуяа баян чинээлэг айлын хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис ихээр хэрэглэж байна. Бүлэглэл үүсгэж, бусдыгаа уриалж татдаг сүлжээ бий болсон.
-Таныг гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс тань мэдэх үү. Яаж хүлээж авдаг вэ?
-Хар тамхинд орсон хүмүүсийг нийгэм даяараа л ойлгохгүй ш дээ. Хууль бус учраас нууц байдаг. Аль болох эргэн тойрон гэр бүлийнхэндээ мэдэгдэхгүйг хичээдэг. Өөрсдийгөө илчлээд ил болоод байвал тэгээд шоронд л орно ш дээ. Намайг манай гэр бүл мэднэ. Уг нь мэддэггүй байсан юм. Намайг битгий хэтрүүлж хэрэглээсэй, амьд л байж байгаасай гэж боддог байх даа.
-Эмчийн жороор морфин хэрэглэдэг хүмүүс байдаг гэсэн үү?
-Хүнд өвчтэй, группт байдаг хүмүүс эмчийн жороор авч хэрэглэдэг. Тэд бол хуулиар зөвшөөрөгдсөн. Мань мэт бол хууль бус.
-Таны эргэн тойронд хэдэн хүн морфин хэрэглэдэг вэ?
-Манай хүрээнийхэн олуулаа. Нарийн тоогоо хэлж болохгүй.
-Залуучууд яагаад хар тамхи, мансууруулах бодисонд татагдаад байгаа юм бол?
-Залуучуудын дунд шохоорхол, сонирхол их байна. Нэг удаа хэрэглээд үзчих юмсан гэж боддог. Янз бүрийн буруу сурталчилгаа мэдээлэл уншдаг. Эсвэл уруу татагддаг. Ялануяа оюутнууд нэг нэгэндээ уруу татагдаж их татдаг. Нэг л татаад хэрэглээд эхэлбэл, хориглоод дийлэхгүй. Гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Амьдрал нь там болсон бодит жишээнүүдийг гаргаж тавьж ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй гэж бодож байна.
-Та өмнө нь ямар ажил эрхэлдэг байсан бэ. Морфин хэрэглэж эхэлснээс хойш амьдралд чинь ямар өөрчлөлт гарав?
-Мэдээж хэцүү л байна. Би сэхээтэн хүн. Багш хийдэг байлаа. Одоо ажилгүй, амьдралын зорилгогүй, үхлээ хүлээгээд л сууж байна. Арваад жил ийм амьдралаар амьдарлаа. Мансуурдаг бүх л хүн ажилгүй болж, гэр бүлээсээ салдаг. Салахаас ч өөр аргагүй л дээ. Мөнгөтэй, хөрөнгөтэй сайхан залуучууд хар тамхинд орж юу ч үгүй хоосордог юм билээ. Амьдрал орвонгоороо эргэдэг.
-Морфиныг ямар үнэтэй худалдаж авдаг вэ?
-Нэг ширхэг тариа улсын үнэ 2500 төгрөг. Хуулийн хэрэглэгч өдөрт дор хаяж 30-40 ампуль хийнэ. Сараар нь бодоод үз хэдэн төгрөг болох нь вэ. Бид хууль бус хэрэглэгч учраас 2500 төгрөгөөр хээээ ч худалдан авч чадахгүй. Байнга л айж, нуугдаж амьдардаг. Тиймээс олдохгүй. Олдсон нь их үнэтэй. Морфин худалддаг сүлжээ байдаг. Гэхдээ манай хүрээнийхэн тусдаа авдаг хүнтэй учраас тэр сүлжээнд нь ороогүй. Улаанбаатарын бүх хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүнийг би мэдэхгүй шүү дээ. Зөвхөн нэг дүүргийн хэмжээнд л хэлж ярьж байгаа шүү.
-Рок, попын олон дуучид хар тамхины хэргээр ял эдэлж байна. Та нар яагаад баригддаггүй юм бэ?
-Рок попын одод хар тамхи татаж шоронд хоригдсон. Нарийн яривал Харангын Х.Лхагвасүрэн бол айхтар гүнзгий орчихоогүй л юм билээ. Сонирхож татаж үзээд хэлмэгдээд л шоронд орчихсон. Нэгэнт л хууль чанга учраас хэрэглэсэн л бол яах ч арга байхгүй. Дуучдын хэрэглэсэн бодис морфины дэргэд сул ш дээ уг нь. Бид нар маш нууц ш дээ. Гэр бүлийнхэндээ ч мэдэгдэхгүй арав гаруй жил хэрэглэж байгаа хүмүүс ч байна ш дээ. Гэрийнхэн нь архи уугаад байна л гэж боддог юм гэсэн. Би мэдэгдэхгүйн тулд гарандаа хийдэггүй. Хөлийнхөө судсанд, гуяныхаа дотор талд тарьдаг юм.
-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн тоо хэр их өссөн бол?
-Сүүлийн таван жилийн дотор хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгдэгчид хурдацтай өсч байна. Зургаа, долдугаар ангийн хүүхэд архи уугаад эрүүжүүлэгдсэн хэрэг гарсан. Үүн шиг л хар тамхи манай хүүхдүүдийн сонирхлыг ихээр татаж эхлээд байна. Одоо 20-23 насныхан мансуурч эхэлсэн. Удахгүй тав, зургадугаар ангийн хүүхдүүд татаад эхлэхийг үгүйсгэхгүй юм. Хүүхдүүд л битгий энэ хорыг хэрэглээсэй гэж бодож явдаг юм. Ухаантай байж хар тамхи, мансууруулах бодисоос хол явахгүй бол амьдрал чинь там болно. Нэг удаа хэрэглээд үзье, намайг гэрийнхэн маань эмчлээд татаад авчихна гэж буруу бодсоны хэрэггүй. Хэн ч чамайг аварч, хамгаалж, эмчилж чадахгүй. Бид нарын амьдрал тамын тогоонд чанагдаад өнгөрч байна. Залуу хүүхдүүд сэтгэлийн хат байхгүй шүү дээ. Амиа хорлохоос өөр арга байхгүй болно доо. Үхье л гэж бодож байгаа бол энэ жигшмээр юмыг хэрэглэ.
-Мэргэжилтнүүд Монголд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзээгүй залуучууд ховор болсон гэж хэлж байна. Энэ үнэн болж таарах нь уу?
-Үнэн байх аа. Зэрлэг олс, өвс татахаас эхлээд янз бүрийн л мансуурах арга, эм бэлдмэл байдаг юм байна лээ. Өвс татахад инээд хүрээд их гоё болдог юм гэсэн. Сүлдээ донтоод, хордоод балардаг. Морфин хэрэглэдэггүй байхдаа би Орост наймаагаар явж байхдаа саваагүйтээд татаж үззж байсан. Орос хэрэглээ өндөр, том ч орон. Хятад ч гэсэн хэдий хууль хатуу ч гэсэн тэрбум хүн дотор нэлээд л юм болдог байх. Том гүрнүүд бол яахав. Манайх шиг жижиг улс амархан идэгдээд л дуусна. Аль хэзээний хар тамхинд идэгдээд эхэлчихсэн дээ. Замбараагүй л хэрэглэж байна ш дээ. Одоо л яаралтай арга хэмжээ авч залуучуудын дунд хар тамхины эсрэг сурталчилгаа явуулах хэрэгтэй байна. Монгол Улс иргэдээ архинаас гаргаж чадахгүй байхад хар тамхинд нэвчүүлээд эхэлбэл сүйрэл ойрхон байна гэсэн үг.
-Хар тамхи татсан хүн өвчин тусахдаа хэр вэ?
-Шинээр элдэв халдварт өвчин юм уу, хүнд өвчин бараг тусахгүй дээ. Морфины нөлөө байдаг байх гэж бодож байна. ДОХ авах магадлал бол өндөр байдаг. Зүү тариураа сольж хэрэглэдэг хүмүүс их байдаг болохоор.
-Хар тамхи хэрэглэсэн хүнийг гаднаас хараад мэдэх боломжтой юу. Ямар нэг үнэр үнэртдэг үү?
-Морфин бол хар тамхи биш мансууруулах бодис буюу сэтгэцэд нөлөөлөх эм юм. Морфин тариулсан хүнийг гаднаас хараад мэдэхгүй л дээ. Янз бүрийн хурц үнэр үнэртдэггүй. Согтуу хүн өөрчлөлт гардаг ш дээ. Тэгвэл морфин тариулсан хүн бага зэрэг халамцуу хүн шиг санагдана. Харин хар тамхины төрлийн өвс, ургамал, кокаин зэргийг татсан хүнээс хурц үнэр гарах нь бий.
-Хар тамхины хольцтой бүтээгдэхүүн байдаг уу?
-Олон бүтээгдэхүүн байдаг. Кофе бол кокаин гээд хар тамхины нэг төрөл гэж үздэг. Маш бага тунгийн хэмжээтэй. Сэргээш маягаар хүний биеийг тайвшруулах үйлчилгээтэй. Тэгээд л зэрлэг өвс, ургамлын хольцтой цай, янз бүрийн бэлдмэлүүд байна.
Х.ЦЭНД-АЮУШ
URL: