“Алтан дорнод Монгол” малчид гишгэх, мал бэлчих газаргүй болгожээ
Төв аймгийн Заамар суманд тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагчид нутгийн залууг зэрлэгээр зодож амийг нь хөнөөсөн талаар манай сонин мэдээлсэн билээ. Энэ хэргийн мөрөөр Заамар сумыг зорилоо. Замд, Заамар суманд таарсан хүн бүр “Алтан дорнод Монгол” компанийнхны даварч байгааг, нутгийн иргэд гишгэх газаргүй хагас эрхтэй хоригдол шиг амьдардаг болсныг ярьж байлаа.
“САХИЛ ХҮРТСЭН БИШ ШАЛ ДОРДОВ”
“Алтан дорнод Монгол” компани иргэдийн хувьд хэзээнээсээ л дайсан мэт байсан. 1997 онд ОХУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш Тосон Заамарын газар нутгийг сэглэж “шороон” Заамар болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тооцоолсноор “Алтан дорнод Монгол” компанийн дөрвөн хэсэгт 130 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг. Тэгсэн атлаа тус компанийн ерөнхий захирал асан С.В.Паушок манай улсаас 1,5 тэрбум ам.доллар нэхэмжилж Арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлсэн. Арбитрын шүүх асуудлыг гурван жил гаруй хэлэлцсэний эцэст С.В.Паушокийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Үүний дараа 2011 оны есдүгээр сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан Т.Ганболд “Алтан дорнод Монгол” компанийг өр төлбөртэй нь нэгтгээд 300 сая ам.доллараар худалдаж авсан. Улмаар 100 хувь монгол эзэнтэй “Алтан дорнод Монгол” компани энэ хавраас олборлолтоо эхэлж буй аж. Нутгийнхны яриагаар монгол эзэнтэй болсноос хойш харуул хамгаалалт улам чангарч, “нинжа” бүү хэл нутгийн малчдыг ч талбай дээрээ хөл гишгүүлэхгүй болсон гэнэ.
“Алтан дорнод Монгол” компанийн олборлолт хийж буй Хайлааст багийн Ар наймган гэдэг газар хүртэл уулын ам бүрт пост ажиллаж байгаа нь харагдсан. Заамар сумаас Хайлааст баг руу явж байгаа хүмүүс тус компанийн гаргасан нэг л замаар явах учиртай. Малчид ч адил нүүдэл хийх, малаа бэлчээхдээ өнөөх замаар явахгүй бол хөөгддөг аж. Зүгээр ч нэг “Талбайгаас гар” гэхгүй хамгаалагчид нь “Яв гээд зам заагаад өгчихсөн байхад компанийн талбайд малаа орууллаа. Эндээс зайл” гээд л буудна, зодно гэж дарамталдаг гэнэ. Зам нь уулын бэлээр мал тууж явахад тун хүндрэлтэй юм. Ширүүхэн хөөчихвөл үхэр, адуу нүх рүү уначихмаар давчуу. Замын хажуугаар гүнзгий суваг татжээ. Тэр бүс рүү мал орчих юм бол малчин буруутай. Зуны халуунд ялаархсан морьд сэрүүн газар бараадаж өрөмдсөн талбай руу ороод зогсчихдог гэнэ. Тэгэхээр адуугаа малчин нь тууж гаргахаас аргагүй. Гэтэл хамгаалагчид нь өнөөх малчныг талбай руу орлоо, бусдын өмчид халдлаа гэж элдэвлэдэг аж.
Ар наймганд 28 айлын өвөлжөө бий. Өвөлжөөнөөсөө гараад хаваржиж, намарждаг газрыг нь “Алтан дорнод Монгол” компани авчихсан. Үлдсэн 6-7 км газарт 28 айл айлсаад зусахаас аргагүй. Өөрөөр хэлбэл, өвөлжөөнөөсөө гараад л шууд зусланд айлсч байгаа аж. Урьдынх шиг саахалт айл гэсэн ойлголт тэнд байхгүй. 30 шахам айлын бог, бод нийлсэн 3000 гаруй мал дээр дурдсан 6-7 км газарт л бэлчиж байна. Малчид малаа компанийн талбай руу оруулчихгүйн тулд өдөржин гаднаа хашна.
Бидний очсон Б.Батмөнхийн хотонд л гэхэд тав, зургаан айл байна. Тэдний хотоос 100 хүрэхгүй метр зайд мөн л тав, зургаан айлтай хот байх аж. Тэднийхэн төл малаа хашаандаа хашчихжээ. Бэлчээрт гаргахаар компанийн талбай руу ороод, нүхэнд унаж үхчих гээд байдаг гэнэ. Бог малаа ч гэрийнхээ дэргэд шахам хариулна. “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагчид арав гаруй нохой тэжээсэн нь мал барьж идээд байгаа учраас холдуулах аргагүй болсон гэнэ. Б.Батмөнх гуайн хотноос л гэхэд хамгаалагчдын ноход 10 гаруй бог бариад идчихсэн гэнэ.
Олборлолт эхлээгүй байхад Ар наймганы уулын бэлээр булаг урсдаг байжээ. Гэтэл олборлолт явуулснаас үүдэж булаг ширгэж, малчид ундны усгүй болжээ. Компанийн хаягдал усаар малаа усална. “Техникийн амттай болохоор ч тэр үү мал уухгүй цааргалаад байдаг юм. Тэглээ гээд өөр ам норгочих усгүй болохоор яая гэх вэ” хэмээн малчид ярина.
С.В.Паушокийн үед малчдын дунд цахилгаанаар ажилладаг худаг гаргаж өгсөн нь одоо аминд орж байгаа аж. Сахил хүртсэн биш шал дордов гэгчээр “Алтан дорнод Монгол” компани монгол эзэнтэй болсноос хойш малчид нутагтаа амьдрахад бүр ч хэцүү болсныг ярьж байсан. Хамгаалагчид л гэхэд дургүйгээ хүрэхээр цахилгаанаа салгаад малчдыг цангааж алах шахдаг гэнэ. Худгаас зөөж авчирсан усаараа бага малаа усална. Тэгэхгүй бол компанийн хиймэл нууранд бага мал унаж үхчихээд байдаг аж. Саяхан Б.Батмөнх гуайн үнээ хиймэл нууранд унаж хөлөө хугалжээ. Ар наймганд хөлгүй болсон мал цөөнгүй аж.
Б.Батмөнх: ТӨРЖ ӨССӨН НУТАГТАА ХОРИГДОЛ ШИГ АМЬДАРЧ БАЙНА
Б.Батмөнхийн хотноос 500 хүрэхгүй метр газарт “Алтан дорнод Монгол”-ынхон олборлолт хийж байна. Машин, техникийн дуу чимээ хэцүү, амраахгүй байна гэх зэрэг хотынхны ярьдаг зовлонг малчид тоож ярихгүй байна. Учир нь тэдний нутагтаа байгаа байдалд энэ зэргийн зовлон юу ч биш. Хэдэн хүүхэд минь хамаагүй явж байгаад хамгаалагчид алуулах вий, цөөхөн хэдэн мал минь хэзээ нохойд бариулах бол, хаана нүхэнд унаж хөлөө хугалах бол. Ийм айдас малчдаас салахгүй.
Хайлааст багийн малчин Б.Батмөнхтэй ярилцлаа.
-Нутгийнхны яриагаар нутагтаа амьдрахад хэцүү болжээ. Хэзээнээс харуул, хамгаалалтынхан энд ноёрхлоо тогтоочихсон юм бэ?
-Би энэ нутгийн унаган иргэн. Насаараа л энд амьдарлаа. Орос эзэнтэй компани байхад арай ч ийм байгаагүй. Малчидтай уулзаж, ярилцаад худаг ус гаргаж өгөөд эв зүйгээ олоод л амьдардаг байлаа. Гэтэл энэ хавар олборлолт хийж эхлэхдээ л харуул хамгаалалт нь айхавтар болчихлоо. Компанийнхаа талбайг хамгаалахгүй, хэдэн малчдыг, малтай нь хорьчихож байгаа юм. Малаа хаана бэлчээх, малчид хаагуур явахыг “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагчид л мэддэг. Бод л доо, нийтдээ 200 гаруй хамгаалагч биднийг харгалзаж байна. Нэг шөнө гэхэд л 15 хүн ерөөсөө л 6-7 км газрыг харгалзаж байгаа юм.
Малын бэлчээр хэцүү байна гэж ярихад багадна. Хаашаа л харна пост, хамгаалагчид байна.
-Та нарыг биш гар аргаар алт олборлогчдоос талбайгаа хамгаалж байгаа юм биш үү?
-Нэг үеийг бодоход нинжа нар цөөн болсон шүү дээ. Одоохондоо нинжа харагдахгүй юм. Тэд чинь хааяа бөөнөөрөө ирдэг байсан юм. Одоо энд малчдаас өөр хүн алга.
-Малаа усалдаг хиймэл нуур гэж шалбааг харагдана лээ. Тэндээс мал ундалж байна уу?
-Бүр усгүй байсан юм. Малын ундгүй болчихлоо гэж гуйж гувшиж байж хиймэл нуур гаргаж өгнө гэсэн. Хиймэл нуур гаргасан ч юм байхгүй. Алтаа угааж гаргасан усаараа нуур тогтоосон нэр зүүснээс нь малаа ундаалж байна. Бид малаа гэрийнхээ гадна хашихаас аргагүй. Хамгаалагчдын тэжээсэн нохой нь мал барьж идчих гээд. Ер нь энэ уурхайг цэгцлэхгүй бол үнэхээр хүнд байна. Хэдэн малаа хужирт оруулах гэж яадаг гэж санана.
-Бас хориотой юу?
-Компанийнхан “Зөвхөн энүүгээр яв” гээд зам заагаад өгчихсөн. Тэр нь хариугүй нарийн. Тэр замаар нь малаа хужирт хүргэхийн тулд Хайлааст багийн төвөөр тойрч байж очно. Шууд явчихвал ерөөсөө л хажууд байгаа уулын хойно шүү дээ. Шууд явлаа гэхэд “Алтан дорнод Монгол”-ын олборлолт хийж байгаа газраар дайрахгүй, хажуугаар нь өнгөрнө. Гэтэл хамгаалагчид “Манай талбай” гээд хөөж туугаад байх нь тэр. Малаа хужирлуулахын тулд өдөржин нүүдэл хийх дайны л юм болно. Зуны халуунд мал туувар даах ямар билээ.
-Хамгаалагчдыг нь та нар танихгүй юу?
-Огт танихгүй. Монгол хүмүүс байна даа. Орж гараад цай цүү уугаад явж болно шүү дээ. Ерөөсөө л биднийг дайснаа гэж хардаг шиг байгаа юм. Шууд л “Буудна, зодно” гэж харьцдаг. Хүүхдүүд хүртэл ганц нэгээрээ явахаас айдаг болсон. Цагдаа шиг хувцастай залуучууд алчих гээд байгаа юм чинь. Орой сэрүү орохоор багийн төв орж хоол ундаа авахаас хүртэл айдаг. Ганцаараа явж байсан малчин залууг алчихлаа шүү дээ. Ерөөсөө хамгаалагчдын тогтоосон дүрмийг зөрчих юм бол алуулна гэсэн үг. Цөөнгүй хүн хамгаалагчдаар зодуулсан. Тэглээ гээд бидэнд хэлж ярих, хандах хүн алга. Ер нь бид энэ компанийн зангаснаар л амьдарч байна.
Бид олборлолт хийж байгааг эсэргүүцээгүй. Ерөөсөө л нутгийн иргэдтэй хэл амаа ололцоод ажиллаасай гэж хүсч байна. Хүн хэлээрээ гэдэг шүү дээ. Монгол захирал нэг удаа боловч малчидтай уулзаад, учраа ололцчихмоор юм гэв.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
URL: