Чанаргүй зам, найдваргүй зээлийн ГАРАМГАЙ БААТАР

Сонгууль болохоор л нэр дэвшчихсэн цохиж явдаг эрхмүүд байх.

Мөнгө цацаад л. Тэгээд ч гардаггүй. Тэдний нэг бол “Монроуд”-ын Б.Гарамгай­баатар. Энэ хүн Хэнтийд хэдэн ч удаа нэр дэвшиж, унав даа.

Хайран мөнгө… Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү… маньд юуны хамаа. Гэтэл ингэж бодож боломгүй эрхэм бол Б.Гарамгайбаатар ажээ. Төмөр замын техникум, Полийн дээд, ТИС, бас Удирдлагын академи дүүргэсэн тэрбээр “Инч”, “ЭМПИ”, “Монроуд”-ын захирлаар ажиллаж байхынхаа дундуур 1999-2000 онд АТГ-ын дэд даргаар ажиллажээ. Төрийн албанд нэг жил ажилласан нь тэр.

Б.Гарамгайбаатарын компанийн хийдэг ажил нь зам тавих. Энэ ажлаараа төрсөн нутаг Хэнтийдээ танигдсан нэгэн. Гэхдээ тийм ч таатай бусаар. Учир нь Дуутын даваанаас Өндөрхаан хүртэлх 50 км хатуу хучилттай замыг Б.Гарамгайбаатарын компани барьж гүйцэтгэжээ. Тэр замыг 2007 онд хүлээлгэж өгөн, тууз хайчлах ёслолоо тун сүрхий тэмдэглэсэн гэдэг. Гэвч жил гаруйхны дараахнаас л зам нь энд тэндээсээ ховхорч хууран, цөмөрч өдгөө машин явах аргагүй болоод байгаа аж.

Хэнтийнхний яриагаар бол, Дуутын даваанаас уруудаад л бөөн “туг сүлжих” хэрэгтэй болдог. Мэдэхгүй хүн бол осолд орох хэмжээний эвдрэл, гэмтэл нүүрлэсэн гэнэ.

2008 онд Б.Гарамгайбаатарыг УИХ-д нэр дэвшиж байхад, ганцхан жилийн өмнө тавьсан зам нь цөмөрч эхэлж байсан гэдэг.

Машины дугуй замын цөмөрхийд орж, донслох бүрт, жаахан давхих гэхээр ээрээд явуулдаггүй том том нүх таарах бүрт Б.Гарамгайбаатарыг хараамаар болдог гэсэн нутгийн хүний яриа оргүй биш бололтой.

Одоогоос хагас жилийн өмнө шахам даа. Ерөнхий сайд С.Батболд зүүн аймгуудад ажиллахаар мордсон. Замдаа Хэнтий дээр баахан саатсан аж. Зөвхөн Дорнодод ажиллах томилолттой явж байсан Ерөнхий сайдын сууж явсан машин Дуутын даваанаас Өндөрхаан орох замд осолдох шахсан аж. Б.Гарамгайбаатарын тавьсан замд гэсэн үг.  Ерөнхий сайд ч Б.Гарамгайбаатарыг дуудаж, “Төрийн мөнгөөр ийм зам тавьж болохгүй” хэмээн үүрэг даалгавар өгөөд явсан байдаг. Дараахан нь “Монроуд”-ынхан замаа нөхөн, Хэнтийнхэн хэсэгтээ 60-аас дээш км/цагийн хурдтай хот хүртэл давхидаг болсон гэнэ.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Дорнод, Сүхбаатарт ажиллахаар явсан Ерөнхий сайдын цуваа Б.Гарамгайбаатарын замд буюу өнөөх Дуутын даваанаас Өндөрхаан хүртэл замын нүхийг сүлжиж явсаар очсон гэнэ. Ерөнхий сайд Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарыг дуудаж, замыг засах талаар Б.Гарамгайбаатарт дахин үүрэг өгөхийг даалгасан байна.

Монгол Улсын тэргүүний замчны тавьсан зам нь нэг иймэрхүү.

Б.Гарамгайбаатар дээрх замын ажлыг хийж гүйцэтгэхдээ “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”,“Улбаа”хэмээх дөрвөн компанийнхаа нэр дээр 17.5 тэрбум төгрөгийг “Анод” банкнаас зээлжээ. Энэ зээлээ төлсөн, төлөөгүй гэх хэрүүл одоо ч намжаагүй. Мань эр өөрөө “Энэ сэтгүүлчид миний өрийг л бичих юм, төлчихлөө гэж гаргахгүй юм. Уг нь би төлчихсөн” хэмээн саяхан нэгэн сонинд ярилцлага өгчээ. Түүний энэ үгээр бол “Анод”-ын өрөө төлчихсөн байх магадлалтай юм. Үүнээс гадна Б.Гарамгайбаатарыг “Анод”-ын асуудалтай салахааргүй холбоод байдаг нэг зүйл бий. Тус банкны ТУЗ-ийн дарга Э.Уламбаяр 2000 оны эхээр банкиндаа төвлөрөөд байсан “Номаранг”-ийн хөрөнгөнөөс шомбодож, авто замын салбарт хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр одоогийн “Монроуд”-ыг босгосон гэдэг. Өдгөө Э.Уламбаяр тэргүүтэй захирлууд нь банк дампууруулсан хэргээр шалгагдаж буй.

Түүний зам тавьдаг ажлын түүх ийм.

Тэр улс төрд орохоор маш хүчтэй зүтгэж байна. 2008 онд сонгуульдаж уначихаад “Арвин миний саналыг луйвардчихлаа” хэмээн баахан хашгирсан. Энэ жил дахин нэр дэвшжээ.

Уначихаараа бизнесээ хөөн чимээ аниргүй амьдраад, сонгууль дөхөхөөр улс төр хийгээд эхэлдэг иймэрхүү хүнийг улстөрч гэх үү. Эсвэл УИХ-ын гишүүний дархан эрх, хамгаалалт хэрэгтэй болсон зарим нэг хуудуутай хүний нэг гэж ойлгох уу.

Юутай ч банкны дампууралд нэр холбогдсон, авсан тендер нь араасаа баахан хэл ам дагуулдаг асуудал дүүрэн нөхөр эрхэм гишүүн болохоор зүтгэж буй ажээ.

Н.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих