ХАРААЛЫГ ХАРИУЛЖ, ӨВЧНИЙГ СЭРЭМЖЛЭН ХӨГЖЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ НЬ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар

Монгол Улс байгалийн асар их баялагаа өнөөдөр эргэлтэд оруулж буй үед баялгийн хараал хүрэх, Голланд өвчинд нэрвэгдэхээс айж эмээсэн ерөнхий зүйл сонин хэвлэлд үе үе гарахаас бус тэдгээр нь чухам юүг хэлээд байгаа ойлголт болох, түүнээс сэрэмжлэн зайлах ямар боломж байх, энэ талаар бусад улсын сайн жишээ, үлгэр дуурайл юү байгаа талаар тоймтой зүйл тэр бүр нийтлэгдэхгүй байгаа бололтой юм. Энэ талаар гадаадын эрдэмтдийн хийсэн судалгаанд тулгуурлан тодорхой ойлголт өгөх үүднээс энэ нийтлэлийг толилуулж байна.

Байгалийн баялаг бурхны аврал, эсвэл хараал, Голланд өвчний аль нь болох нь олон хүчин зүйлээс хамаардаг байна. Энд эхлээд баялгийн хараал, Голланд өвчин гэдэг хоёр ойлголт чухам юүг хэлдэгийг ялган салгаж ойлгох хэрэгтэй юм.

Баялгийн хараал нь юуны өмнө эдийн засгийн өсөлттэй холбогдсон ойлголт болно. Баялгийн ашиглалтын нөлөөгөөр тухайн улсын эдийн засаг, ДНБ өндөр хурдтай өсч байгаад түүний боломж шавхагдаад ирмэгц өсөлтийн хурд эрс саарч байвал энэ нь баялгийн хараал хүрсний тод илрэл юм.

Голланд өвчин гэдэг нь байгалийн баялгийн ашиглалтаас болж аж үйлдвэрийн болон бусад салбар зогсонги байдалд, эсвэл уналт бууралтад орвол энэ өвчинд нэрвэгдсэний гол шинж тэмдэг болдог. Ер нь аж үйлдвэр аливаа улс орны хөгжил дэвшлийн амин сүнс, хөдөлмөрийн бүтээмж, техникийн дэвшлийг тодорхойлогч салбар байдаг билээ. Тиймээс ч аж үйлдвэрийн өсөлт, түүний тэргүүлэх нөлөө хөгжлийн гол мөн чанар, хөдөлгөгч хүч нь ямагт байх учиртай юм. Аж үйлдвэрийн хөгжилгүй хөгжил гэсэн ойлголт байхгүй.

Байгалийн баялгийн олборлолт, ашиглалт улс орныг хөгжил дэвшилд хөтлөв үү, эсвэл баялгийн хараал, Голланд өвчинд хүргэв үү гэдгийг тогтооход наад зах нь 20-иод жилийн хугацаа лав шаардагдах юм. Ийм хугацааны дараа байдлыг илүү тод, ултай дүгнэх боломж гарч ирдэг байна. Гэхдээ хараал, өвчний тухай улиглан ярих нь гол биш, харин түүнээс сэрэмжлэх алхам, үйл ажиллагааг одооноос маш ухаалаг төлөвлөн хэрэгжүүлэх явдал нэн чухал болно. Байгалийн баялгийн ашиглалт нь улс орны хөгжилд үндсэндээ дөрвөн байдлаар нөлөөлж болох талтай юм. Үүнд:

Нэг. Эхлээд эдийн засгийн өсөлтийг сүрхий түргэтгэх боловч сүүлдээ өсөлт эрс саарах төдийгүй аж үйлдвэрийн салбарыг уналтад хүргэсэн хор уршиг тарьж болно. Энэ нь тухайн улс баялгийн хараал, Голланд өвчин хоёрт зэрэг нэрвэгдснийг харуулж буй хэрэг юм. Энэ нь хамгийн муу үр дүн болно.

Хоёр. Хэрэв эдийн засаг ерөнхийдөө гайгүй өсөх боловч аж үйлдвэрийн хувь жин сүрхий буурсан байх. Энэ нь тухайн улс баялгийн хараалаас зайлсхийсэн боловч Голланд өвчинд нэрвэгдсэнийг илтгэх үзүүлэлт юм.

Гурав. Эдийн засгийн өсөлт удаан, царцанги байдалд орсон хэдий ч экспортын бааз суурь нь өргөжин тэлж нэлээд төрөлжсөн байж болох юм. Энэ нь баялгийн хараалд өртсөн боловч Голланд өвчинд нэрвэгдээгүй болохыг харуулна.

Дөрөв. Эдийн засгийн ерөнхий өсөлт өндөр, экспортын бааз суурь өргөжин тэлж төрөлжсөн байх. Энэ нь тухайн улс байгалийн баялгаа зөв ашиглаж чадсанаар баялгийн хараал, Голланд өвчний аль алинаас зайлсхийж, түүнийг хөгжил дэвшлийн хөшүүргэ болгож чадсаныг илтгэнэ. Ингэснээр байгалийн баялаг тухайн улс, ард түмний хувьд бурхны аврал хишиг болж чадлаа гэсэн үг юм. Энэ нь баялгийн ашиглалтын хамгийн шилдэг үр дүн болно. Байгалийн баялгийн олборлолтын хэмжээ эрс өссөн хэдий ч түүний ДНБ болон экспортод эзлэх хувь жин нь хэт давамгайлахгүй тогтвортой байх нь хараал, өвчин хоёроос зайлсхийж чадаж байгаагийн нэг гол хэмжүүр болно. Өнөөдөр байгалийн баялгаа ингэж ашиглаж чадан хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улсын нэг нь Норвеги юм.

Ер нь байгалийн баялгийг аврал, хөгжлийн хөшүүрэг болгон хувиргах явдал аж үйлдвэр харьцангуй өндөр хөгжсөн улсын хувьд илүү хялбар дөхөм байдаг байна. Түүнд нөлөөлдөг таатай нөхцөлүүд нь өндөр боловсрол мэдлэгтэй ажиллах хүч, нийгмийн харьцангуй тэгш шудрага байдал, хууль ёс, нийгмийн хэм хэмжээ хатуу үйлчилдэг, төр, засгийн оновчтой, чиглэсэн зорилготой бодлого, оролцоо зэрэг олон хүчин зүйл байдгийг дурдаж болох юм.

Тэгвэл хөгжиж буй орны хувьд энэ нь том сорилт болдог байна. Байгалийн баялгийн ашиглалт гай тарих, буруу чиглэлд явж болзошгүйн анхны шинж тэмдэг нь түүнийг ашиглах нь зөв, буруу гэх, эсвэл ашигтай, ашиггүй гэсэн хэрүүл нийгэмд талцал үүсгэх, ашгийг хэрхэн хуваарилахтай холбогдсон маргаан туйлшрал бий болгох зэргээр илэрч зарим газар үүнээс үүдэлтэй зөрчил тэмцэл хурцатахад хүргэх явдал байдаг. Нөгөөтэйгүүр, баялгийн нөлөөлөл аж үйлдэр болон бусад салбарын хөгжлийг гацаах, уналтад оруулах аюул нүүрлэхэд хүргэдэг нийтлэг шинж байдаг. Эхнийх нь баялгийн хараалд, сүүлчийнх нь Голланд өвчинд хүргэх аюулыг тээж байгаа хэрэг юм.

Ийм аюулаас зайлхийх, байгалийн баялгийг аврал, хишиг болгон амжилтад хүргэхэд ямар бодлого, үйл ажиллагаа явуулах, үндэсний нэгдмэл ойлголт, нийтийн тохиролцоо бий болгох шаардлагатай вэ? Үүнийг Норвегийн туршлагад түшиглэн авч үзье. Норвеги 1969 онд газрын тос Хойт тэнгист илрүүлж 1971 оноос түүнийг ашиглаж эхэлсэн байдаг.

Ашиг орлогын хуваарилалтын зөрчлийг шийдэх явдал нэн чухал зорилт болдог байна. Үнэ цэнэтэй ашигт малтмалыг олборлогч этгээд хэт их ашиг унагахын тулд элдэв арга, түүний дотор авилга, хээл хахуулийг хүртэл ашиглах явдал бусад улсын гашуун сургамжаас харагддаг. Энэ нь олон нийтийн итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлэх, хөрөнгө оруулалтыг хумих, эдийн засгийн өсөлтийг бууруулахад хүргэдэг. Норвегийн хувьд хоёр хүчин зүйл сайнаар нөлөөлсөн. Баялгийн /газрын тосны/ ашгийн хуваарилалт Засгийн газраас их хамааралтай байсан. Мэдээж олборлогч өөртөө аль болох ахиу ашиг унагах сонирхолтой боловч тэр нь Засгийн газартай хийх хэлэлцээ, тохиролцооноос хамаарч шийдэгддэг. Баялгаас орж ирж буй хөрөнгөнд хувь хүн гар дүрэх боломжийг сайтар хааж хязгаарлаж чадсан. Энэ нь Засгийн газар хувийн газрын тосны компаниудад татвар ногдуулах, Засгийн газар өөрийн газрын тосны компани байгуулах, тос гарч байгаа газрыг засгийн эзэмшил мэдэлд байлгах зэрэг арга хэрэгслүүдээр өөрийн бодлогыг хэрэгжүүлсэн.

Олборлогчдын хувьд баялгаас унах ашигаас хүртэх хууль ёсны болон хууль бус гэсэн хоёр зам байдаг. Норвегийн хувьд авилга, хулгай, худал мэдээлэл зэрэг хууль бус аргаар орлого завших явдал харьцангуй бага гардаг байсан нь хуулийн систем сайн ажилладаг, хэвлэл мэдээллийн хяналт чанга, нийгмийн ёс журам, хэм хэмжээ хатуу байсантай холбоотой гэж дүгнэдэг. Нөгөө талаар тэгш шудрага байх зарчим өргөн олон нийтийн бүрэн дэмжлэгийг хүлээсэн. Хэт орлогыг хязгаарлан цалин хөлсийг хэлэлцээний замаар зохицуулдаг явдал амжилтын чухал суурь үндэс болсон.

Журам, дүрэм зөрчигдөн хүчгүйдсэн үед шүүхийн хатуу, шуурхай ажиллагаа хэт орлого олж хууль бусаар баяжих гэсэн хувь хүн, хуулийн этгээдийн санаархалд гол хаалт болж чадаж байсан. Энэ нь хөгжингүй улс баялгийн хараалд нэрвэгддэггүйн нэг гол шалтгаан юм. Гэхдээ иргэн хүн, хуулийн этгээд яриа хэлэлцээний замаар ашгийн хуваарилалтыг нэмэгдүүлэх үүд хаалга нь мөн нээлттэй болно. Энэ нь цалин хөлсний талаар Засгийн газартай шууд хэлэлцээ хийхээс эхлээд татаас дэмжлэг авах, тариф, татварын хөнгөлөлт олж авах талаар парламентад  лобби хийх хүртэл ажиллах боломжтой гэсэн үг юм.

Норвеги тэр хавийн улсууд дотроо цалин хөлсний хамгийн төвлөрсөн систем бүхий улс юм. Цалин хөлсний талаарх хамтын хэлэлцээ ил тод байдалд явагдаж нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн цацагддаг. Ийнхүү байгалийн баялгийн орлогод тавигддаг нийтийн хяналт, хязгаар нь түүний амжилтын нэг суурь үндэс болсон байдаг. Ер нь Норвеги хөгжингүй улсууд дотроо ажилчид нь хамгийн тэгш цалинтай оронд тооцогддог.

Байгалийн баялгаас олсон ашиг орлогоо хэрхэн хуваарилдаг нь манайд санаа авахад хэрэг тустай байж болох юм:

1. Баялгаас олсон ашиг орлогыг эдийн засгийн бусад хэсгээс салгах бодлого баримталдаг байна. Энэ  бодлогын хүрээнд орлогын нэлээд хэсгийг гадаад улс орнуудад үнэт цаас болон тэдний валютаар байршуулан хадгалдаг. Энэ нь мөнгөний “үер”-т автаж инфляц гаарахаас хамгаалсан хэрэг юм.

2. Орлогын зарим хэсгийг үндэстний мөнгөн тэмдэгт болгон төсвийн зарцуулалтаар ашигладаг. Энэ нь уг хөрөнгийг өсөлтийг дэмжсэн нийт эдийн засагт ашиг тустай зүйлд зарцуулдаг. Тиймээс бодлого, Засгийн газрын үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

Тийм зориудын бодлогын гол чиглэлүүд нь ерөнхий болон техникийн өндөр боловсрол олгох, мэдлэг түгээх, судалгаа-үйлдвэрлэлд болон аж үйлдвэрийг хамгаалахад чиглэгддэг. Экспортын бааз суурийг өргөтгөн төрөлжүүлэх нь ганц баялагаас хараат бус, харин түүний ашгийг аж үйлдвэрийн хөгжилд нэмэр тус болгон хүргэсэн хэрэг юм. Дотоодын тодорхой аж үйлдвэрүүдийг хамгаалж хөгжүүлэхэд төрөөс татаас, үнийн хөнгөлөлт, шилжүүлэг олгож тарифын механизмыг идэвхитэй ашигласан байдаг. Мөн эдийн засгийн мөчлөгийн эсрэг чиглэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлсэн.

Төсвийн хэт зарцуулалтыг хязгаарлах бодлогын хүрээнд “Газрын тосны Сан” байгуулж түүнийг хэрэглэх журмыг баталж жилд Сангийн 4 хувиас илүүгүйг буюу зөвхөн хүүг нь ашиглахаар хязгаар тавьж өгсөн байдаг.  Норвегийн чиглэсэн бодлогын үр дүнд, тухайлбал их, дээд сургуулийн боловсролтой хүмүүсийн тоо Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундажаас 5 нэгжээр дээгүүр гарчээ. Тэдгээр төгсөгчдийн боловсрол, мэдлэгийн чанарын түвшин манай диплом өвөртөлсөн төгсөгчдийнхээс хол дээгүүр гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Норвегид судалгаа-үйлдвэрлэлийн төсөл 1963 онд 4,500 байсан бол 1995 онд 14,500 болтлоо эрс өссөн байна. Цалингийн төвлөрсөн зохицуулалт нь олборлогчид өндөр цалин хөлсөөр ажилчдыг урвуулан татахаас сэргийлж чадсан байна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд улс орны хөдөлмөрийн ерөнхий бүтээмжийг тооцож тогтоосны дараа түүнийг үндэс болгон цалин хөлсний хэлэлцээг явуулдаг байна. Энэ нь эрчимтэй хөгжиж буй салбар өндөр цалингаар өрсөлдөн аж үйлдвэрийг уналтад хүргэх явдлыг хааж өгсөн хэрэг юм. Нөгөөтэйгүүр Газрын тосны Сангийн асар их хөрөнгийг гадаадын найдвартай улсуудын санхүүгийн янз бүрийн хэрэгсэлд байршуулах замаар эдийн засгаа хамгаалсан төдийгүй түүнийг зөв эрхлэн хөтөлсний ачаар хөрөнгөө улам ч их өсгөж чадсан байна.

Ийнхүү Норвеги сайн засаглал, төрийн өмчлөл, бүтцийн бодлогын удирдлага санхүүжилт, цалин бүрдэлт, орлогын хуваарилалтыг зөв зохицуулах замаар ашиг орлогын хуваарилалтын зөрчлийг зайлуулж, аж үйлдвэрийг уналтаас сэрэмжилж тэнцвэртэй хөгжлийг хангаж чадсан байна. Норвегийн хөгжлийн нэг гол зүйл нь баялгийн орлогыг нийт иргэдэд жигд хүртээж чадсанд оршино. Норвеги аль 1971 онд “Газрын тосны 10 Дүрэм” гэсэн төрийн бодлогыг баталж мөрдсөн байна. Норвегийн Парламент газрын тосны ашиг орлого нэмэгдэхийн хэрээр бүтцийн хэд хэдэн шинэчлэл өрнүүлсний дотор ХАА-г эрчимжүүлэх, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний баазыг өргөтгөн төрөлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлжээ. Норвегийн нэг хүнд ногдох ДНБ 1960-аад онд 8 мянга гаруй доллар байсан бол 2009 оны байдлаар 53,500 ам. долларт хүрснээс тэдний гайхамшигт амжилтыг харж болно. Баялгийн Сан хөмрөг нь 2011 оны байдлаар 570 тэрбум  долларт хүрсэн нь өнөөгийн Норвегийн ДНБ-ний 140 хувьтай тэнцэж байгаа хэрэг юм. Энэ их хөрөнгийн зөвхөн 4 хувийг нийтийн зориулалттай төслүүдийг хэрэгжүүлнэ гэж бодоход 20 гаруй тэрбум доллартай тэнцэх хөрөнгө зөвхөн энэ сангаас гарч байна гэсэн үг юм. Цаад үлдэж буй асар их хөрөнгө нь олон улсын зах дээл дэх баялгийн үнийн ямар ч хүчтэй савалгаа, эдийн засгийн болзошгүй ноцтой хямралаас Норвегийг баттай хамгаалах бамбай байх юм.

Норвегийг баялгийн хараал, Голланд өвчнөөс зайлуулж чадсаны гавъяа тэдний төр, засгийг удирдаж байсан хүмүүстэй болон баялгийг ашиглах талаар үндэсний нэгдмэл ойлголт, тохиролцоонд хүрсэн ухаалаг ард түмэнтэй ихээхэн холбоотой байсныг эцэст нь тэмдэглэе.


URL:

Сэтгэгдэл бичих