Хорхой шавьж, ялзарч муудсан бараагаар дүүрсэн “Миний дэлгүүр”-т хяналт тавих газар байна уу?
Сүүлийн жилүүдэд манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг дээд зэргээр хөндөгдөж алхам тутамд муудсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах болсон. Тэр дундаа эрүүл, баталгаат хүнс гэж өдөр шөнөгүй рекламддаг томоохон супермаркетууд нь хүнсний аюулгүй байдлыг ихээр зөрчиж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг супермаркетуудыг нэг бүрчлэн тоочиж хүнсний аюулгүй байдлын талаар яривал дуусахгүй. Гэхдээ сүүлийн үед байсхийгээд л хэл аманд орооцолдож иргэдийн гомдолд даруулж байгаа газар нь “Миний дэлгүүр” болоод байна. Өмнө нь “Миний дэлгүүр”-т худалдаалагдаж байгаа цагаан будаа киллограммандаа хүрэхгүй байна гэх гомдол гарч МХЕГ арга хэмжээ авч таслан зогсоож байсан. Гэтэл ахиад л нөгөө цагаан будаанаас нь амьд шавьж илэрч шуугиан тарилаа. Тодруулбал, “Миний дэлгүүр”-ийн 117 дугаар салбарын цагаан будаанаас
үхсэн хачигны сэг илэрсэн байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Баянзүрх дүүргийн “Миний хапермаркет” сүлжээ дэлгүүрт худалдаж байсан хоёр кг-аар савлагдсан цагаан будаанд шалгалт явуулахад тутраганы шөвгөр хошуут цох амьдаар илэрчээ. Үүний дагуу тус дэлгүүрт будаа нийлүүлэгч “Монгол саплай чейн” ХХК хүнсний агуулахад шалгалт хийхэд мөн дээрх шавж илэрсэн байна. Тиймээс “Миний сүлжээ” дэлгүүрүүдэд зарагдаж буй цагаан будааг битүүмжилж шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамруулсан цагаан будаанаас “Шаргал гурилч цох”, үхсэн хачигны сэг гарчээ. Тиймээс энэ талаар тодруулахаар Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулах “Миний хапермаркет” сүлжээ дэлгүүрийн менежерийн 985542… дугаарт залгаж лавлахад” Би мэдэхгүй. Тийм зүйл байхгүй. Манай салбарын захирал н.Зоригтоос асуу” хэмээн 8802-той дугаар хэлээд тасалсан юм. Энэ дугаар руу нь залгасан ч холбогдох боломжгүй гэх хариултыг өгсөн. Түүнчлэн Миний сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бүх будааг хураан авсан гэх ч сүлжээ дэлгүүрүүдэд зарагдсаар л байсан юм. Зөвхөн цагаан будаа ч биш зад хямдрал хэмээн хаа сайгүй рекламдаж байсан жимснүүд нь хүнсний аюулгүй байдал зөрчиж муудсан ялзарсан тухай иргэдийн гомдол манай сонинд ирсэн юм. Тодруулбал, “Миний дэлгүүр”-ийн Дөрөвдүгээр хороолол дахь салбарт худалдаалагдаж байсан гадил, тарвас, алим, лийр нь муудаж ялзарсан байжээ. Энэ дагуу тус салбарын менежертэй холбогдож тодруулах гэсэн боловч нохой сүүлээ сүүл хонгорцгоо гэгчээр бас л дорвитой хариу сонсч чадаагүй. Тэдний хэлснээр жимсээ өглөө бүр агуулахаас оруулж ирдэг. Энэ талаар жимсний худалдагчаас асуу. Танайх сонины газар юм уу гомдол хүлээж авдаг газар юм уу гэх зэргээр өөдөөс элдэв зүйл ярьж бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Мэдээж ямар нэгэн асуудалгүй байсан бол хаанаас оруулж ирдэг, эрүүл аюулгүй байдал хангасан талаарх бүхий л зүйлээ ярих л байлтай. Гэтэл ийм зүйл байсангүй. Миний дэлгүүрийн хувьд нэг нэгэн рүүгээ чихэж өөрөөсөө бултуулсан хэдэн хүмүүс л байлаа. Өнөөдөр “Миний дэлгүүр”-т хууль хяналтын байгууллагаас тавьдаг хяналт шалгалт гэж хумсын толион чинээ ч алга. Яахав шалгалт хийлээ, ингэлээ тэглээ гэж байгаа боловч нэг өдөр сүрийг бадраагаад л орхидог нь дахин дахин илэрч байгаа муудаж ялзарсан хүнсний бүтээгдэхүүнээс харж болохоор байна. Хэрвээ үүргээ биелүүлж дүрэм журмын дагуу ажиллаж байсан бол, иргэдээ гэсэн сэтгэл жаахан ч гэсэн байсан бол киллограмм нь дутуу, шавжтай будаа, муудаж ялзарсан жимсийг лангуун дээр тавьж ард иргэдийг хуурч ашиг хонжоо хайхгүй л байсан байх. Ингээд бодохоор Монголдоо номер нэг гэж хэлэгдэж байгаа дэлгүүр нь ард түмний эрүүл мэндээр даажигнаж байхад хэндээ итгэж хаанаасаа баталгаат хүнсийг авах ёстойг мэдэхгүй байна.
Г.Мянгаа
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: