Египетийн хувьсгалын талаар өрнөдийнхөн хэрхэн үзэж, дүгнэж, бичиж байгааг доор сийрүүлье.

Ойрхи Дорнод судлаач, нэрт сэтгүүлч, тоймч Роберт Фиск нэгдүгээр сарын 25-наас эхэлсэн Египетийн хувьсгалын талаар ийн өгүүлжээ. Инээж, уйлж, залбирч, бүжиглэж, гудамжинд сөхрөн сууж газар үнсэх энэ хүмүүс, энэ ард түмэн өөрсдийн толгой дээр олон жил зайдалж хэтэвчнээс нь 40 тэрбум доллар хулгайлсан дарангуйлагчаа унагаснаа баярлан тэмдэглэж байна. Ард түмэн ардчиллыг хүсэж, эмэгтэйчүүд нүүрний гивлүүрээ сөхөн зураг авахуулж байна. Тунис, Египетээс эхэлсэн хувьсгал Арабын ертөнцийг тэр чигээр нь хамарч олон жил өрсөлдөгчгүй төрийн толгойд заларсан Арабын шахуудыг сандаргаж эхэллээ. Харин өрнөдийн орнуудын хувьд тэр дундаа АНУ-д энэ хувьсгал ямраар тусах вэ гэдэг одоо хүн бүхний тааварт үлдэж байна.

Исламын хувьсгалын хүчит давалгаа давалгаалахаас өмнө хөшигний ард юу болж өнгөрсөн, тэр бүхэн хувьсгалд ямар нөлөөтэй байсныг тэрбээр өгүүлсэн байна. АНУ-ын хувьд Египет стратегийн чухал түнш. Бүс нутагт тогтвортой байдал, их гүрний нөлөөг тэнцвэржүүлэхэд Хосни Мубарак АНУ-д хэрэгтэй байлаа.

ИТГЭЖ ҮЛ БОЛОХ ТҮНШ БА МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛАГЧ

Нэг ёсондоо АНУ тогтвортой байдал, стратегийн түншлэлийг ардчиллаас илүүд үзэж байсан. Кувейт, Саудын Араб зэрэг АНУ-ын бусад холбоотон шиг байгалийн баялаггүй, Суэцийн сувгаас болон аялал жуулчлалын салбараасаа дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувиа бүрдүүлдэг Египетийн хувьд АНУ болон өрнөдийнхний туслалцаа амин чухал байсан. Харин энэ байдал бүр Иракийн дайны үеэс л өөрчлөгдөж эхэлсэн гэнэ. Жорж Бушийн захиргаа Саддамын дэглэмийг унаган Арабын бусад орнуудад анхааруулга өгөх зорилготойгоор Иракт дайн зарлах шалтгаанаа ид хайж эхэлсэн 2001-2003 оны үе.

Америкийн батлан хамгаалах яамны томоохон түшмэлүүд Иракийн засаг захиргааны нөлөө бүхий хүмүүстэй Иордан болон Египетэд маш нууцаар уулзаж үй олноор хөнөөх зэвсэг Иракт бий эсэх талаар ярилцаж байжээ. Иракийн албаны хүмүүс ч тийм зэвсэг Саддамд байхгүйг америкчуудад мэдэгдээд, асуудлыг хүч хэрэглэлгүй тохиролцооны байдлаар шийдэх боломж хайж буйгаа илэрхийлсэн аж.

Харин америкчууд үүнийг үл тоосон. Энэхүү нууц уулзалтуудыг ихэд нууцалж 2003 онд Ирак руу нэвтрэн орсон билээ. Иракийг эзэлмэгц Саддамын ойр дотныхноос түрүүнд дээрх уулзалтуудад оролцсон төрийн томчуудыг эрэн сурвалжилж тэдний амыг барихаар яаравчилж эхэлсэн аж. Саддамын дэглэм унасан хойно ямар ч үй олноор хөнөөх зэвсэг Иракаас гарч ирээгүйг дэлхий дахин удахгүй мэдсэн. Яг энэ үед дээрх нууц уулзалтуудын нэгний протокол, баримт ямар нэг байдлаар Египетийн тусгай албад болон Ерөнхийлөгч Хосни Мубаракийн гарт орсон байв.

Дэлхий нийт Иракийн дайнд Америкийг буруутгах болсон тэр үед Мубарак ноцтой баримтуудыг ашиглан цагаан ордонг Египет рүү чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болон цоо шинэ ижил гүвшний стратегийн түншлэлийг эхлүүлэх нэг үгээр хэлбэл ямар нэг хэлбэрээр шахалгад оруулах гэж түншдээ цухуйлгаж эхэлснээр америкчууд Мубаракийг итгэж үл болох удирдагчдын тоонд оруулах болжээ. Энэ нь ч хожим Викиликсийн дэлгэсэн нууц баримтуудаар батлагдсан билээ.

Улмаар Аль-Жазира болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Мубаракийн гарт орсон нууц мэдээллүүдийг нэвтрүүлж АНУ Иракийн дайныг өөрсдийн ашиг сонирхлын үүднээс эхлүүлсэн гэдгийг дэлхий даяар цацаж эхэлснээс хойш Египет болон Америкийн удирдагчдын харилцаа хөшигний ард улам хурцадсан хэмээн Роберт Фиск дурджээ. Тиймээс Египетэд болсон хувьсгалын үеэр бүс нутгийн гол тогтвортой түнш орноо алдахгүйг хүссэн ч Мубаракаас нүүр буруулж “буугаад өг” хэмээн хатуу нүүр үзүүлсэн АНУ-ыг одоо бид харж байна. Одоо Цагаан ордон Египетээс хүссэн, хүсээгүй ардчилал болон тогтвортой байдлыг хамтад нь хүсэхээс өөр замгүй болсон хэмээн тэр онцолжээ. Үүнтэй төстэй баримт, материал дэлгэн Арабын ертөнц дэх хувьсал болон өрнөдийнхний байр суурийг тоймлосон нийтлэлүүд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зогсоо зайгүй гарч байна.

ЦАГААН ОРДОН БА ИЗРАИЛИЙН ЗОВИНОЛ

“Телеграфмын тоймч Ник Меогийн үзэж буйгаар Египетэд тогтворгүй байдал үүсэн ард түмэн нэгэнт хувьсгалын салхийг зогсолтгүй үлээлгэж эхэлсэн үед АНУ-ын Хойд Африк, Ойрхи Дорнод хариуцсан ажилтнууд хөдөлгөөнд орж эхэлсэн гэнэ. Тэд хувьсгалын тэргүүн эгнээнд зогсож буй Мухаммед Аль Барадей болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөнгэй төдийгүй Египетийн цэргийн эрхтнүүдтэй нь холбоо тогтоож тэнд өрнөж буй бүх л байдлын талаар тодорхой мэдээлэл авч, улмаар хожимдохгүйн тулд эхнээс нь оролцож эхэлсэн хэмээжээ. Энэ нь ч үнэний ортой. Египет улс цэргийнхэн, ардчилал хүссэн ард түмэн аль эсхүл лалын хэт үзэлтнүүдийн алины ч гарт орсон Америк хоёр дахь Иран, хоёр дахь Ирактай болохыг хүсэхгүй байгаа нь лавтай.

Үүнтэй зэрэгцэн Ираны шашны томоохон зүтгэлтнүүд ч Егидетийн “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоож уулзалт зохион байгуулахаар товлоод эхэлсэн гэнэ. Тиймээс Египет улс ардчилсан улс аль эсхүл Иран лугаа адил исламын улс болох уу зэрэг сонголтоо хийх цаг мөчид тулж ирээд байгаа талаар өрнөдийнхөн бичиж байна.

Америкчууд лалын ертөнц дэх нэр, нөлөөгөө улам улмаар алдсаар байгаа энэ үед Египетэд хувьсгал гарч тогтворгүй байдал үүссэн нь өрнөдийнхнөөс түрүүнд Израилийг хүнд байдалд оруулж байна хэмээн томоохон агентлагуудын тоймчид онцолж байна. Тэдний үзэж буйгаар Израиль нь одоо хувьсгал шуурсан лалын ертөнцийн дунд орлоо. Египет Израилийн харилцаа хэзээнээс эмзэг. Одоо Египет хаашаа л бол хаашаа эргэж магадгүй болоод байгаа үед еврейчүүд сэтгэл түгшин Египетийн цэргийн эрхтнүүдтэй ярилцаж эхэлсэн. Тэд нь ч хоёр орны хооронд буй эвийн гэрээнд хөндөгдөх асуудал үүсэхгүй хэмээн баталсан гэнэ. Гэвч хувьсгал улам давалгаалж Арабын орнуудыг зогсолтгүй бүрхсээр байна. “Гуардиан”-ы саяхны нэгэн нийтлэлд Драбын ертөнц дэх Америкийн түнш орнуудын удирдагчид ар араасаа унах болно. Учир нь тэдгээр орны ард иргэд ардчилал, шударга ёс хүсэх хэдий ч Америкийг үл тэвчин, шашин үзэл санаагаа түүнээс ч ихээр дээдлэхийг хүсэх болно. Тиймээс сионист дэглэм болон АНУ-ын нөлөө ойрхи дорнодод улам бур хумигдсаар алга болж ирээдүйд өрнөдөөс хүссэнээ булаан авч, газрын тос баялгаараа боомилсон лалын нэгдсэн нэг цөм бий болно хэмээн айдас түгшүүр дагуулж буй мэтээр бичжээ.

ЕГИПЕТИЙН ХУВЬСГАЛЫН БААТАР, GOOGLE-ИЙН АЖИЛТАН

Аливаа хувьсгал болгон эгнээнээсээ үндэсний баатар төрүүлдэг. Тэгвэл Египетийн ард түмний дунд нэгэн шинэ баатар мэндлээд буй нь 31 настай Ваил Саид Аббас Гоним хэмээх компьютерийн инженер мэргэжилтэй залуу.

Ваил Гоним нь Египетийн нийслэл Каир хотод төрсен бөгөөд өндөр боловсрол эзэмшиж, 2008 оноос интернэтийн аварга том корпораци Google-д ажиллах болж улмаар 2010 онд тус компанийн Хойд Африк болон Ойрхи Дорнодыг хариуцсан газрын захирлаар ажиллаж байгаа нэгэн.

Өндөр боловсролтой, олон ургальч үзэлтэй шинэ үеийн египет залуусын төлөөлөл болсон тэрбээр нэгдүгээр сард цагдаагийнхны гарт амь үрэгдсэн нэгэн залуугийн үхлийг эсэргүүцэж интернэтийн facebook сүлжээгээр эсэргүүцлийн хуудас нээн египетчүүдийг тэмцэлд уриалсан нь санаанд багтамгүй олон хүнийг эгнээндээ нэгтгэж улмаар нэгдүгээр сарын 25-нд 20000 хүн хамарсан анхны жагсаал болсон.

Улмаар facebook дээр Гонимыг дэмжсэн 130000 гаруй хүн “Бид санал нэгдэж байна, дарангуйлал бус ардчилал шударга ёсыг хүсэж байна” хэмээн дуу хоолойгоо нэгтгэжээ. Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо Google-ийн оффист ажилладаг Гоним тэмцэл ид дундаа орсон хоёрдугаар сарын 8-нд эх орондоо баатрын дүрээр ирсэн юм. Тэрбээр жагсагчидтай уулзаж индэр дээрээс үг хэлж тэднийг уриалан, өнөөх цагдаагийнхны гарт амь үрэгдсэн залуугийн ээжтэй очиж уулзан зургаа татуулж телевизээр ярилцлага өгч байлаа. Одоо тэрбээр Египетийн үндэсний баатар нэгэнт болжээ. ВВС түүний талаар 30 жил дарангуйлсан Хосни Мубаракийн үеийг интернэт, компьютермын гар хулганаар зэвсэглэсэн Ваел Гоним дуусгалаа хэмээн бичиж байна. Дашрамд дурдахад Ваел Гоним нь АНУ-ын иргэн эмэгтэйтэй гэрлэсэн, одоо хоёр хүүхэдтэй хэмээн барууны сонинуудын нүүрэнд өдөр алгасахгүй бичигдэж байгаа. Үүнийг нь дагаад үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ч гархаад байгаа бололтой. Түүнийг АНУ-ын Батлан хамгаалах яамны Ойрхи Дорнод хариуцман газартай хамтран ажиллаж байсан хэмээн мэдээлсэн нь хүмүүст олон асуулт үүсгээд байгаа гэнэ.

Үүнээс үзэхэд энэ цаг үед интернэтийн томоохон сүлжээ ашиглан хувьсгал хийх боломжтой гэдгийг баталж байна. Ер нь Facebook зэрэг сүлжээг анх үүсэж байхад нь АНУ-ын Батлан хамгаалах яамнаас тусгай санхүүжилтээр ивээн тэтгэж байсан гэдэг асуудал ч ил тод болсон. Хэрэв тийм бол Египетэд гарсан ард түмний хувьсгал шинэ зууны мэдээлэл харилцааны хэрэгсэл ашигласан хувьсгалын анхдагч болж буйгаас гадна АНУ энэ тал дээр нэлээдгүй анхаарал эртнээс тавьж байсан нь ажиглагдана.

О.НАРАНХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих