“Алимаа” хүү бүтэн бүтэлгүйтэв
Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан, улаан хацартай Ц.Батбаяр гишүүнийг сэтгүүлчид “Алимаа” хэмээн өхөөрддөг. Мань эр саяхан 25 дугаар суваг телевизийн “Bon appetit” хэмээх хоолны нэвтрүүлэгт оролцсон. Улстөрчдийг хоёр хоёроор нь тууж аваачаад хоол хийлгэж, тэр дундуур нь баахан зүйл асууж шалгаан, анхаарлыг нь шалгадаг юм. Ажлаасаа шууд очсон “Алимаа” гишүүн маань ч өлсөж яваагаа гайхан сайхан монгол цуйван хийхээр болов. Өөх нь алагласан мах далбайтал хэрчиж, ногоон сонгино татаад л. Хөтлөгч бүсгүй “Дэндүү их өөхтэй биш үү, амтлагч авах уу” гэхэд “Цуйван өөхтэй тусмаа сайхан байдаг юм. Ер нь жинхэнэ монгол хоолонд амтлагч ёстой дэмий” гээд л, явж өгсөөн. Харин түүнтэй хамт нэвтрүүлэгт оролцсон кёкшюүзан Д.Батбаяр харин далайн байцаатай тахианы шөл хийсэн юм.
Яриандаа халсан нөхдүүд хоол болохыг хүлээж байтал хөтлөгч бүсгүй “юу үнэртээд унав аа” хэмээн хамраа хөдөлгөж, Ц.Батбаяр гишүүн ч “Би чамд усыг нь нэм ээ гэж хэлсэн шүү дээ” хэмээн бухав. Шөл нь багадсан цуувангийн мах ёроолдоо наалдан түлэгдсэн тул гишүүн дээгүүр нь сэрээгээр сэмхэн этэж байгаад хэдэн ширхэг гурил бөөгнүүлэн том тавган дээр тавив. Нөгөө сайхан хоол идэх дур хүсэл ч будаа болж, урам нь хугарсан гишүүн эцэст нь “Манай гэрийнхэн ч намайг хараад элгээ хөштөл инээж байгаа даа. Би гэртээ хоол хийдэггүй юм оо” хэмээн үнэнээ хүлээнгээ “Дэндүү их ярьснаас л боллоо” хэмээн санаа алдана. Харин хамтрагч нь тавган дээрхээс амтлаж үзээд “Ёстой сайхан амттай гурил байна. Миний шөлөн дээр таны наад гурилыг хийгээд идвэл ч гоё доо” хэмээн сэтгэл засчээ. Гэхдээ үүгээр дуусахгүй. Нэвтрүүлэг дуустал зурагтын өмнө чих тавьж суусан, насны эрхээр юм харахаа больсон эмгэн “Энэ хүү ч ёстой нэг бүтэн бүтэлгүйтлээ” хэмээн үнэнээсээ өрөвдсөнд хэргийн гол байгаа юм.
Б.ЗАЯА
URL: