УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Өмнөговьд коксжсон нүүрсний ордуудыг эзэмших боллоо

Монголын байгалийн баялгаар баяжихыг санаархагсдын цуваа ер тасрахгүй байна. Тэдний дотроос Хонконгт IPO хийхээр хөөцөлдөж байгаа том, жижиг нийлсэн 60 орчим компани, консорциум байгаа ч одоогоор хувьцаагаа амжилттай борлуулж чадсан ганц компани бол “Энержи Ресурс” ХК юм. Харин олноо “Баян” Базараа хэмээн алдаршсан дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхрийн “Алтайн хүдэр” компани өдгөө Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдэр олборлодог бөгөөд 20 орчим сая тоннын төмрийн хүдрийн нөөцөө батлуулж А зөвшөөрөл гаргуулж авсан нь нөгөө талаасаа залилангийн асуудал болж хувирахад хүрчээ.
Тэрбээр Хонконгийн биржид 200 сая төмрийн хүдрийн нөөцтэй хэмээн мэдүүлж, үүнийгээ 1.4 тэрбум ам.доллараар үнэлж, IPO хийхээр шаардлагатай бичиг баримтыг хүргүүлсэн байна. Гэвч Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэхүү нөөцийг баталж тогтоодог бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлийг мөн батлах ёстой аж. Тэгвэл “Алтайн хүдэр”-ийн захирал энэ бүхнийг үл огоорон 20 саяын нөөцтэй газраа 200 саяын нөөцтэй хэмээн харийнхныг молигодож мөнгө босгох гэсэн нь талаар болж эдүгээ бөөн асуудал дэгдээжээ. Хонконгийн биржийн хуулийн зөвлөхүүд тус компанийн ирүүлсэн албан бичигтэй танилцаад залилангийн шинж тэмдэгтэй болохыг онцгой анхааруулсан байна.

Нэг хэсэг нь хялбар аргаар мөнгө босгох гэж улайрч байх хойгуур УИХ-ын гишүүн, өдгөө мөн л Увс аймгаас нэр дэвшиж буй Б.Чойжилсүрэн гэгч Өмнөговийн нүүрсийг өөрийн мэдлийн мянга орчим хүнд даацын машин тэргээрээ өдөр, шөнөгүй тээвэрлэж байсныг бид мэднэ. Тэрбээр нутагтаа нэр дэвшиж байгаа энэ цаг үед түүний худалдаж авсан Өмнөговь аймгийн зүүн талын зааг нутагт байрлах томоохон хэмжээний коксжсон нүүрсний орд аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн урд хөрш рүү туршилтын цуваа хөвөрч байна. Нэр дэвшигч Б.Чойжилсүрэн арав орчим компани эзэмшдэг бөгөөд УИХ-ын гишүүн нутаг нэгт ах Ц.Нямдоржийн ивээл дор бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг талаар мэдээллийн хэрэгслүүд нэгэнтээ шуугиж байсан. Тэрбээр ирэх жилээс Монголын компаниудын урагшаа гаргадаг нийт нүүрсний хэмжээнээс илүү олон сая тонн коксжсон нүүрс гаргаж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд таван жилийн дараа гэхэд Монголын нүүрсийг зарж цээж баян болохоор зэхэж байна. Тиймээс түүнд бизнесийнхээ ар талыг найдвартай хамгаалах үүднээс УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох зайлшгүй шаардлага нэгэнт тулгарчээ.

Ө.Гонгор /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих