Ц.Анандбазарыг “Анод”-ын хэрэгт буруутгасан бол Б.Гарамгайбаатар ч “дээлээ нөмрөх” ёстой

МАН-аас Дорноговь аймагт нэр дэвшиж байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг “Анод” банкны хэрэгт сэжигтнээр татан цагдан хорьчихоод буй. Түүнийг нэр дэвших эрхээ авчихаад байхад нь буюу өнгөрсөн сарын 25-нд хорьж саатуулсан.


Гэвч Ц.Анандбазарыг прокурорын шийдвэрээр яллагдагчаар татаж, дахин хоёр сар цагдан хорихоор болсон нь олны гайхширлыг төрүүллээ.

Хамгийн сонирхолтой нь Ц.Анандбазарыг “Анод” банкийг дампууруулсан гэх үндэслэлээр хорьсон аж. Гэтэл тухайн үедээ “Анод” банкийг дампууруулсан хэрэгт холбогдсон Монголын бизнесийн салбарынхны уртаас урт нэрсийн жагсаалт хөвөрч байв. “Анод”-ын гэх тодот­голтой томоохон 40 гаруй зээлдэгчийн жагсаалтыг “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар нарын хэд хэдэн баячууд тэргүүлж байсан билээ. Б.Гарамгайбаатарын хувьд “Анод” банкнаас “Монроуд”, “Ар Пи Эм”, “Дээд цэг”, “Улбаа” гэх дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин “Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг аж. Тухайлбал 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээл авсан байдаг. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байв. Улмаар банк дампуурсны дараа хяналт шалгалтын комиссынхон Б.Гарамгайбаатарын зээлийг эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулж байжээ.

Тэгэхээр “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг “Анод” банкнаас их хэмжээний зээл авсан хэмээн хорьж байгаа бол “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатарыг мөн адил буруутган хорих ёстой болж байна.

Ц.Анандбазар, Б.Гарам­гай­баатар нарын хувьд хоёу­лаа УИХ-д нэр дэвших эрх ав­сан. Хоёулаа Монголын томоо­хон компанийн эзэд. Зөвхөн нэг нь МАН-аас Дор­ноговь аймагт, нөгөө нь АН-наас Хэнтий аймагт нэр дэвшиж байгаагаараа л ялгаатай. Тийм ч учраас “Анод” банкнаас зээл авсан гэд­гээр Ц.Анандбазарыг буруут­гаж байгаа бол Б.Гарам­гайбаатар ч гэсэн буруудах ёстой хэмээн хохирсон хувь­цаа эзэмшигчид шүүмжилж байна.

Хамгийн гол нь Ц.Ананд­базарыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн “тус­ламж­тайгаар” “Анод” банкны хэрэгт холбогдуулж хорьсон бол Б.Гарамгайбаатарыг хэн ч илчлэхийг хүссэнгүй. “Анод” банкнаас сонгуулийн сурталчилгаанд зориулж олон сая төгрөгийн зээл авсан гэж сэрдэгдэж байсан Б.Гарамгайбаатар энэ том хэргээс ингэж сугарч үлдсэнийг их хэмжээний мөнгө болон харьяалагдаж байгаа намтай нь холбоотой гэх юм билээ.

Саяхан Орхоны Д.Оюунбат тэргүүтэй баахан Засаг даргыг улсын хөрөнгийг шамшигдуулсан гээд хорьчихсон. Хачирхалтай нь энэ дотор АН-ын гишүүнчлэлтэй нэг ч Засаг дарга байсангүй. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нар намын үзлээс болж хоригдсон. Түүнчлэн “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар нарын тухайд иймэрхүү намын үзэл ажиглагдаж байгааг нуух юун. Мэдээж улсын хөрөнгө шамшигдуулсан гэдгийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ улаантай, цэнхэртэй нь хослуулах хэрэгтэй байв.

Нөгөөтэйгүүр “Монроуд” ХХК-ийг “Анод”-ын охин компани болж байгуулагдсан гэдэг. Б.Гарамгайбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Уламбаяр нар 2000 оны эхээр “Анод” банканд төвлөрөөд байсан “Номранг”-ийн хөрөнгөнөөс “шомбодож”, авто замын салбарт хөрөнгө оруулах нэрийдлээр “Монроуд” ХХК-ийг байгуулсан түүхтэй. Тийм ч учраас “Анод” банкийг дампуурахад хүргэсэн хамгийн том зээлдэгчдийн нэг нь яах аргагүй “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар байжээ.

Удахгүй “Анод” банк­ны 1200 гаруй хувь­цаа эзэм­шиг­чийн мөнгийг хувьдаа завшсан, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиг­лэг­дэж буй банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Д.Энхтөр, гүйцэтгэх захирал Л.Уламбаяр нарыг шүүнэ. Дөрвөн жил дамнан шалгагдаж буй энэ хэрэг Баян­зүрх дүүргийн шүүхэд шилж­сэн. Үүнтэй хол­боо­тойгоор нэмж шал­гагдах ёстой томоо­хон зээл­дэгчид болох Б.Гарам­гайбаатар нараас болж шүүх хурал хойш­илж ч магадгүй гэсэн шуум дэгдэж эхэлжээ.

Ямартай ч Ц.Ананд­базарыг “Анод”-ын хэрэгт буруут­гаж байгаа бол Б.Гарам­гайбаатар ч мөн буруудаж, хоригдох ёстой хэмээн “Анод”-ын хувьцаа эзэмшигчид шуугиж байна.

tsagmn


URL:

Сэтгэгдэл бичих