Үхлийн хэсэгт Герман, Португалийн шигшээ ялалтаа авлаа

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “үхлийн” гэгдэж буй “В” хэсгийн хоёр дахь тоглолтууд өнгөрсөн шөнөболлоо. Буурал тивийн хөлбөмбөгийн тавцанд “мөнхийн өрсөлдөгч” гэгдэх Герман болон Нидерландын шигшээ багийн тоглолт харин “Германы машинууд”-ын давамгайлал дор өрнөв. Германы домогт хөлбөмбөгч Франц Бекенбауэр нэгэн цагт “Миний амьдралын олон жилийг авч одсон” хэмээн тодотгосон Герман болон Голландын шигшээ багийн тоглолт энэ удаад “сонгодог тулаан” байж чадсангүй. Ерөнхийдөө Йохим Лёвын удирдаж буй германчууд тоглолтын санаачилгыг гартаа авч, тоглосон юм.  Тоглолтын эхний хагаст Марио Гомез /24 ба 38 дахь минутад/ дубль хийснээр тоглолтын хувь заяа “Германы машинууд”-ын талд эргэсэн. Голландын багаас Робин ван Перси 73 дахь минутад гоолдож, “Нисдэг голландчууд” хэсэг сэргэлт авсан ч тоглолт Германы багийн ялалтаар өндөрлөсөн юм. Тус тоглолтын өмнө Португалийн шигшээ баг 3:2 харьцаатай Данийн багийг хожсон тул “В” хэсгээс шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх багуудын боломж нээлттэй хэвээр үлдсэн. Гэхдээ Германы шигшээ багийн тухайд сүүлийн тоглолтод Данийн багтай тэнцэж, оноо хуваасан тохиолдолд шөвгийн наймд шалгарах эрхтэй болох юм. Харин хоёр тоглолтоос ганц ч оноо авч чадаагүй Голландын багт ид шид л тус болох байх.
“В” хэсэг:
1.    Герман – 6 оноотой /хоёр хожсон/
2.    Португаль – 3 оноотой /нэг хожиж, нэг хожигдсон/
3.    Дани – 3 оноотой /нэг хожиж, нэг хожигдсон/
4.    Голланд – 0 оноотой /хоёр хожигдсон/
Харин өнөөдөр “С” хэсгийн тоглолтууд болно. Итали болон Хорватын шигшээ багийн тоглолт 00:00 цагт, харин 02:45 цагт Испани, Ирландын багийн тоглолт эхлэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих