Амлалтаа биелүүлээгүй тойрог солигсод
УИХ-ын ээлжит сонгууль болох өдөр өдрөөр ойртож, нэр дэвшигчид бүгдээрээ л “Энхийн цагаан тагтаа” гэж өөрсдийгөө рекламдаж, сонгогчдынхоо төлөө бүхнийг хийнэ бүтээнэ, шийднэ, өөрчилнө, шинэчилнэ гэж амлаж байна. Ийм цаг үед иргэд сонгогчдод нэр дэвшигчдийн талаарх үнэн зөв мэдээллийг өгөх нь тэднийг сонголтоо зөв хийхэд, ядаж л шударга биш юм гэхэд айх ичих мэдрэмжтэй хүмүүсээр төрийн төлөөллөө бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Өмнө нь иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд сууж байсан хүмүүс дотор ичих, санаа зовох мэдрэмж нь “ажилладаггүй” юм болов уу гэж бодмоор хэд хэдэн хүмүүс байх. Заримдаа бүр УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийн яриаг сонсоод байхад худал яригсдын улсын аварга шалгаруулах уралдаан ч болоод байгаа юм уу гэж андуурмаар байх юм.
Мэдээж тэдний түүчээг худлаа амладаг хэсэг нь тэргүүлэх нь тодорхой. Түүний араас тойрог сольсон хэсэг хүмүүс удаалах нь дамжиггүй. Тэгвэл бид энэ удаа тойрог сольсон хүмүүстэй холбоотой мэдээллийг хүргэхийг зорилоо. Энэ удаагийн сонгуульд нэр бүхий хэд хэдэн гишүүн өмнө сонгогдсон тойргоо сольж өөр тойргт нэр дэвшиж байгаа юм байна. Энд УИХ-ын гишүүн Д.Кекүшюзан Батбаяр, Д.Арвин, Ц.Батбаяр, Р.Амаржаргал, О.Чулуунбат нарыг дурьдаж болно.
Д.Кекүшюзан Батбаяр. Энэ эрхэм 2008 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхийнхөө өмнө өөрийн эцэг эхээс өгсөн нэрийнхээ өмнө Кекүшюзан хэмээх Япон улсын сумо бөхөд барилдахдаа хэрэглэж байсан нэрээ албан ёсоор нэмж оруулсан. Нэрээ сольж байсан мань эрхэм эл сонгуулиар тойрог сольж эцэг эхийнхээ төрөлх нутаг Ховд аймгийг зорьжээ. Ингэхдээ “хүүхэд чихрээр хуурах” мэт Ховдын хэсэг иргэдээр өдөр тутмын сонингуудад өөрийнхөө магтуулан, Ховд аймагт ирж нэр дэвшээч гэсэн урилга маягтай ил захидал бичүүлж PR-дсан нь олон түмний хөх инээдийг хүргэсэн юм. Дээрх иргэдийн ил захидлын агуулгыг товч хүргэвэл: “Кекүшюзан та нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 4 жил ажиллахдаа олон зүйлийг хийж бүтээжээ, одоо энэ их зүтгэл, бүтээлч ажлаа төрөлх нутаг Ховдчуудаа зориулаач, таныг Ховд аймагт нэрээ дэвшүүлэхийг иргэд сонгогчид хүсэж байна, бид таныг дэмжинэ” гэсэн агуулгатай байсан. Учир мэдэх хүмүүс түүний тойргоо солих болсон шалтгааныг СХД-т дорвитой ажил хийгээгүй, 20 мянган иргэнийг Япон улсад суралцуулна гэж амласнаа хэрэгжүүлж чадаагүй гэдэг юм билээ.
Д.Арвины хувьд бол 2000, 2004, 2008 онуудад төрөлх Хэнтий аймгаас гурвантаа сонгогдож, бараг л Хэнтийн дархлагдсан гишүүн гэж нэрлэгдэхдээ тулж байтал мань хүн 2012 онд Хэнтийн сонгогчидоо орхин энэ удаагийн сонгуулиар Баянзүрх, Налайх дүүргээс УИХ-д нэр дэвшив. Түүнийг тойрог солих болсон шалтгааныг Хэнтий аймагтаа явуулсан хэд хэдэн удаагийн социологийн судалгаагаар ялах магадлалгүй байсантай холбоотой гэж ярих юм билээ. Харин өөрөө болохоор улс төрийн бодлогоор буюу намын удирдлагын зүгээс өгсөн үүргийн дагуу эл тойрогт л хүчээ үзэж байна гэж тайлбарлаж байгаа. Харамсалтай нь тийм биш ажээ.
Ц.Батбаяр хотын даргаар ажиллаж байсны хувьд Улаанбаатар хотын амьдарлыг бараг л цээжээрээ мэднэ гэж ярьдаг. Энэ хүн 2008 оны сонгуулиар БЗД-ээс сонгогдон УИХ-ын гишүүн болж байв. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн талаарх эрх зүйн зохицуулалтад дорвитой өөрчлөлт оруулах, Улаанбаатар хоттой холбоотой томоохон бодлогын шийдвэр гаргахад төдийлөн нөлөөлж чадаагүй. Өөрийнх нь эрх ашгийг хөндөх юм бол намтайгаа ч хамаагүй заргалдахад бэлэн байх энэ эрхэм 2008 онд Баянзүрхчүүдэд амлаж байсан амлалтаасаа өчүүхэн ч хувийг ч болтугай хэрэгжүүлж амжаагүй болохоор, тойргоосоо зугтахаас өөр арга байгаагүй гэж ярих хүмүүс байдаг юм билээ.
Р.Амаржаргал 2008 онд Ховд аймгаас нэр дэвшин гурван мандатын нэгийг нь АН-даа авч, олон жил улаан өнгөтэй байсан Ховдыг анх удаа цэнхэртүүлсэн “гавьяатай”. Харамсалтай нь тойрогтоо сайн ажиллаагүй, иргэд хөдөлмөрчидтэй цөөн уулзсан, Ховд нутгийн эрх ашиг, байгалийн баялаг, уул уурхайн талаар сөрөг хүчний хэмжээнд дуугарч чадаагүй, товчхондоо бол дөрвөн жил “нойрмог ноомой” байдалтай гишүүний үүрэг гүйцэтгэсэн гэж Ховдчууд дүгнэдэг юм билээ. Тэрээр ийм байдалтай 4 жил ажилласан тул дахин Ховд аймагт нэр дэвшсэн бол амжилт олохгүй нь тодорхой байсан тул тойргоо сольсон гэнэ. Түүгээр барахгүй Ховд аймагт нэр дэвшиж байгаа АН-ын журмын нөхдөдөө ихээхэн “садаа” болж байгаа ажээ. Учир нь Ховдчууд АН-ын нэр дэвшигчдээс, та нар Р.Амаржаргал шиг алга болчих юм биш биз гэж асууж, ихээхэн хаширлаж хандаж байгаа гэнэ билээ. Ямартай ч мань эрхэм эдүгээ Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин “мянгуужингийн үлгэр”-ээ ярьж яваа сурагтай.
О.Чулуунбат- МАХН-аас нэр дэвшиж байгаа энэ хүн уг нь Монголын шилдэг эдийн засагчдын нэг юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахад тэнд байснаас хойш эргэлт буцалтгүй намаа сольсон. Намаа сольж чадаж байгаа хүн тойрог солих нь юу ч биш гэж үзэх хүмүүс ч байна. Уг нь 2008 онд түүнийг сонгож УИХ-ын гишүүн болгосон Сэлэнгэчүүд түүнд ам муутай байдаггүй ч, мань эр нэгэнт МАХН-ын удирдах кадруудын нэг болсон тул нийслэлээс нэр дэвшин хүчээ үзэхээр болсон бололтой. Хийж бүтээх, хэлж ярих нь зөрчихгүй л бол Монголын улс төрд байх ёстой төрийн түшээдийн нэг гэж түүнийг үзэх хүмүүс ч бас байна.
УИХ-ын сонгуульд эдгээр эрхмүүд өрсөлдөж байна. Тэднийг дэмжих, эс дэмжих нь сонгогч таны асуудал. Бид худлаа ярьдаг хүмүүсийг олон жил сонсоод, сонгоод залхлаа, ярьснаа хэрэгжүүлж чадаагүй болохоор тойрог сольж дараагийн тойрогт ээлжит худал яриагаа үргэлжлүүлнэ. Тэдний худал амлалт, ярианд төгсгөл байх ёстой юу гэдгийг гагцхүү сонгогчид л шийдэх үлдэж байна.
Ц.Мөнх
olloo.mn
URL: