Өрсөлдөгчдөө мөнгө өгч нэрийг нь татуулах гээд баригджээ

“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа З.Санждоржийн  нэрийг нь татуулахаар авлига өгөх гэж оролдоод газар дээрээ баригджээ. Энэ талаар өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодрууллаа.
-МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөгчдөө  мөнгө өгч нэрийг нь татуулах гэж оролдоод баригдаж  шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ нь үнэн юм уу?
-“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт З.Санждорж нэр дэвшин өрсөлдөж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Хүмүүс“ сонины эрхлэгч Амгалан гэдэг хүн З.Санждорж руу утасдаж, МАН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Р.Хадбаатарын даалгавраар таньтай уулзаж, санал тавъя,   3-р хорооллын Элбэг их дэлгүүрийн гадаа ирнэ үү гэсэн юм билээ.  Тэгж дуудаж уулзахдаа  нэр дэвшигчийг нэрээ татаж авахыг гуйж, тодорхой хэмжээний мөнгө өгөх гэж оролдсон. Энэ увайгүй үйлдлийг нь З.Санждорж Улсын Мөрдөн байцаах газарт  мэдэгдэн, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн.Одоо шалгаж байгаа. Эрүүгийн тухай хуулийн 130.2 дугаар заалтыг зөрчсөн учир хууль хяналтын байгууллага шалгаад гэм буруутай этгээдэд  хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.


-Эрүүгийн хуулийн 130.2-т юу гэж заасан байдаг юм бол оо?

-“Иргэний сонгох, сонгогдох бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол, хүч хэрэглэх, заналхийлэх,  хуурч мэхлэх, эд хөрөнгөөр татахаар бол” гэсэн Эрүүгийн хуулийн  130.2 дугаар  заалтыг   үндэслэж  Баянгол дүүргийн мөрдөн байцаах газар шалгаж байгаа.
Уг нь хуулийн дагуу МАН-ынханд хариуцлага тооцох үүрэгтэй. Энэ үйл явцыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл анхааралтай ажиглаж байна.
-Мөнгө өгч өрсөлдөгчийнхөө нэрийг татуулах гэсэн үйлдэл нь газар дээрээ баригдсан юм бол тухайн нэр дэвшигч сонгуульд дэвших эрхгүй болно биз дээ?
-Баянгол дүүргийн Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн сонгуулийн хороонд албан бичиг явуулж байгаа гэж сонссон. Тийм бичиг явуулах ч ёстой. Хариуцлага ч тооцох үүрэгтэй.
-Цүнхэнд нь  10 сая төгрөг бэлнээр байсан юм уу?
-Мөрдөн байцаалтын холбоотой асуудлыг хамаагүй дэлгэж болохгүй.
-Мөнгө өгөх гэж оролдсон хүнийг 72 цаг хориод сулласан гэсэн мэдээлэл гарч байна. Тийм үү?
-Онц хүнд хэрэг биш хүндэвтэр хэрэг  гэж үзсэн учраас заавал цагдан хорих албагүй. Тиймээс 72 цаг хориод батлан гаргасан гэж ойлгож байгаа.

З.Санждорж:Боодолтой 10 сая төгрөг, гурван гар утас,   хуурамч гэрээ гарч ирсэн


Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт нэр дэвшигч, Монголын бурхан шашны төвийн тэргүүн З.Санждоржоос болсон хэргийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Танд мөнгө өгч нэрийг нь  татуулах гэсэн хэрэг гарчээ. Хэзээ ийм зүйл болов?
-    Энэ сарын 8-ны өдрийн оройны  7 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны сонгуулийн штаб дээрээ ирээд байсан. Тэр үед утас дуугарсан. Гэтэл  Амгалан гэдэг хүн байна, би  Хүмүүс сонины эрхлэгч, тантай уулзах хэрэгтэй байна,  би Гачуурт явах гэж байна, Тантай яаралтай уулзмаар байна, 3-р хорооллын Элбэг их дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэсэн. Яаралтай, чухал асуудал байна гэхээр нь яваад очлоо. Тэгтэл  миний машинд суугаач гэсэн юм. Машинд нь ороод суунгуут л нэг хар дэвтэр гаргаж ирээд 10 сая төгрөг авсан гээд гарын үсэг зурчих. Танд бэлнээр нь өгье гэж байна.
Тэгэхээр нь би гайхаж яах гэж надад мөнгө өгч байгаа билээ гэж лавлалаа.  Гэтэл “Манай Хадбаатар дарга бид яриад шийдсэн. Та нэрээ татлаа гээд хэлчих. Миний цүнхэд мөнгө нь бэлэн байна, та хурдан л гарын үсгээ л зурчихвал болно” гэдэг байгаа.
Сонгинохайрхан дүүрэгт МАХН-МҮАН-ын эвслийн шударга ёс, шударга 9 баг болж шударгаар өрсөлдөхөөр   нэр дэвшиж байгаа. Ийм бусармаг зүйл хийж чадахгүй. Та нар ямар ч учиртай ингэж байгаа юм билээ. Энэ машиндаа камер ч суулгасан юм билүү. Тэгээд ч би хувраг хүн ийм увайгүй саналыг чинь хүлээн зөвшөөрөхгүй  хэлээд машин руу явсан юм.
Гэтэл Амгалан  миний араас дагаж ирээд “та манай машинд гарын үсэг зурахаас айгаад, бичлэг хийж байгаа гэж болгоомжлоод байгаа бол таны машин дотор ороод асуудлаа шийдчихье гээд миний   машинд суучихаад “Манай дарга Хадбаатар бид яриад тохирсон. Одоо та гарын үсгээ зурчих” гээд тулгасан. Тэгэнгүүт нь би жолоочоо цагдаа руу яв, хууль хяналтын байгууллагад нь юмуу эсвэл Сонгуулийн ерөнхий хороонд  аваачиж өгч,  шийддэг газраар нь шийдүүлнэ гээд давхисан юм. Машнаас бууж зугтаах гэж, хаалга онгойлгож үсрэх гэж  оролдсон.  Би юу гэж тавих вэ дээ. Тас зууралдсаар Улсын мөрдөн байцаах газарт авчирсан.

Ухуулагчаар ажиллаж байгаа хүүхдээр  баримт болгож бичлэг хийлгэсэн юм. Яагаад ийм шударга бус зүйл хийж байгаа юм гэхээр нүүрээ дарчихаад камер булааж авах гээд байсан. Манай жолооч залуу учраа хэлтэл  цагдаа гарч ирээд дагуулж ороод 206 тоот  оруулж   Наранбаяр гэдэг хүн  бүртгэж авсан. Дөнгөөд бүртгээд байтал  Улсын мөрдөн байцаах газрын орлогч дарга Батбаатар гэдэг хүн утсаар нөгө цагдаа руу залгаж загнаад  “ Чи яагаад бүртгэсэн юм бэ” гээд ажил хийлгэхгүй байв. Даргаа би нэгэнт бүртгэчихсэн шүү дээ гээд л байсан. Тэгтэл нөгөө дарга нь оройны 21 цаг болж байхад  өөрийн биеэр хүрч ирээд өрөөндөө байцаагч Наранбаярыг дуудаж үүрэг өгөөд, харьяаллын дагуу Баянгол дүүрэг рүү шилжүүл гээд байсан.  Ер нь байдал бишдэх маягтай болохоор нь О.Баасанхүү өмгөөлөгчийг дуудсан юм. Тэр нь их зөв шийдвэр болсон байна лээ.
Манай өмгөөлөгч ирээд “Та нар ингэж болохгүй. Энэ эмэгтэйд  нэгжлэг хий, энэ чинь авлигын хэрэг байна, Авлиагатай тэмцэх газрынхны дууд. Эсвэл баримт материалыг бүртгэж, баталгаажуулсны дараа харьяаллын дагуу дүүрэг рүү шилжүүлэх ёстой ” гэсэн шаардлага тавьсан. Тэгээд  шинжээч дуудаад нэгжлэг хийхгүй удсаар шөнийн 12 цаг болсон. Тэгж хугацаа хожих нь учиртай юм билээ. Хэрэв зургадугаар сарын 7-ны өдрийн шөнийн 12 цагаас өмнө мөнгө өгч нэр татуулах гэж оролдсон нь батлагдвал Хадбаатарын  нэрийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй татах хууль зүйн хувьд үндэслэлтэй. Тийм учраас хугацаа хожиж, аргацааж байж зургадугаар сарын 8-ны өдөр болгох хэрэгтэй байсан биз ээ.
Тэгээд шинжээч ирээд тэр эмэгтэйн арван хурууны хээг авч, гаднаас хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан  мөнгийг нь тоолоход боодолтой 10 сая төгрөг, гурван гар утас, банкны гүйлгээний баримт, дектафон, хуурамч гэрээ гарч ирсэн. Тэр эмэгтэй нэрийг нь татуулах гэж мөнгө өгөх гээгүй гээд зүтгээд байсан. Гэвч цүнхнээс нь хуурамч гэрээ гарч ирж батлагаатай баримт олдсон. Тэр гэрээндээ миний овгийг мэдэхгүй байсан юм байлгүй, овог бичээгүй, шууд л Санждорж  гэж бичсэн байсан. Нэрээ татсан учир 40 ,  50 сая төгрөг гэсэн хоёр тоо бичээд авлаа, өглөө гээд зургадугаар  сарын 7-нд гэсэн он,  сартай хуурамч гэрээ байсан.
-Одоо энэ хэрэг юу болж байгаа вэ?
-Үүнээс цааш ярих боломжгүй. Хууль хяналтын байгууллагынхан шийдэх биз ээ. Мөрдөн байцаалтын явцад хамаагүй зүйлийг дэлгээд байу болдоггүй юм гэсэн. Би анх удаа сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байна. Ийм  бохир, шударга бус зүйл хийж байгаад харамсч байна.

Ц.Баяр www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих