Намууд интернэтийн сэтгэгдэл бичдэг хүмүүсийг цалинжуулж эхэлжээ

Энэ удаагийн сонгуульд сонин, сэтгүүл гэхээсээ илүү интернэт голлох үүрэгтэй байх шиг. Тэр дундаа компьютер асааж мэдэх үү гэмээр хүмүүс үдэш бүр твиттерт саналаа бичиж, залуусын үгийг сонсдог болжээ. Хоёр сарын өмнө твиттер гэж юу ч байдгийг мэддэггүй байсан гишүүд, нэр дэвшигчид бүгд л твиттерт жиргэж, дээрээс нь фэйсбүүкт өнждөг боллоо. Үнэхээр хийх ажилгүй онлайн танил хайгч шиг  нэр дэвшигч нар олон байна.

Жишээ нь МАН-аас УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа хатагтай Ц.Цогзолмаа. Тэрээр фэйсбүүкийн гуйлгачин болж дууслаа. Лайк дараад өгөөч л гэж гуйна. Өөр гуйх юм 27 хүртэл түүнд лав үгүй. Болсон болоогүй бөөн нэр дэвшигч нар өдөржингөө линк явуулж коммент бичих бөгөөд бүгд улс төржиж байна.

Харин энэ нь 6 сарын 27 хүртэлх ажил бөгөөд өдөржингөө онлайнд өнждөг тэрхүү хүмүүс нь нэр дэвшигчид өөрсдөө биш сэтгүүл зүй болон илтгэх урлагийн оюутнуудыг хэдэн зуугаар нь хөлслөн өөрийн нэрийн өмнөөс сонгогчидтой харилцуулж байгаа аж. Энэ ажлын цалин ч бас муугүй сонсдоно. 500 мянга гэнэ. Фэйсбүүкчид тэднийг тайван байлгахыг хүссэн утгатай зүйл бичвэл шууд л загнаж доромжилдог бөгөөд АН, МАН-аараа хуваагдан хоорондоо сэтгэгдлээр хэрэлдэхээс өөр зүйл хийхгүй залуусыг залхаан цээрлүүлж байна. Үүнээс үүдэн фэйсбүүкт “Төлбөртэй комментчдыг үзэн ядах нийгэмлэг” хүртэл байгуулагдаж, залуус энэхүү нийгэмлэгийнхээ хуудас руу орж бухимдлаа илэрхийлж байгаа гэнэ.
Ж.Насаа (www.wikimon.mn)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих