Энэ барилгын карказ нурж хүний аминд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ, Р.Содхүү дарга аа
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд стандартын наад захын шаардлага хангахгүй байгаа нэгэн барилга сүндэрлэж байна. Сураг сонсвол хамгаалалтгүй баригдаж байгаа барилгын дэргэдүүр явж байсан иргэний толгой дээр жижиг чулуу унаж, гэмтээсэн тохиолдол саяхан гарчээ. “Сөөхий” гутлын дэлгүүрийн баруун тал, “Сансар центр” төвийн зүүн талд баригдаж буй энэхүү барилга ямар ч хамгаалалт, аюулгүй байдлын шаардлага хангалгүй баригдсаар тав дахь давхартайгаа золгож байгаа аж. Уг нь үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа бололтой.
Тэгвэл өнгөрсөн жилээс хойш нам гүмхэн баригдаж байгаа энэ барилга хамгаалалтгүйгээс иргэдийн толгой дээр элдэв тоос шороо, хог унах нь энүүхэнд.
Олон нийтийн эзэмшлийн талбайд баригдаж байгаа гэдэг утгаараа барилгын ёроолоор явах иргэдийн цуваа тасрахгүй. Гэтэл хамгаалалтгүйгээс карказ нурж, төмөр, мод унаж дэргэдүүр нь өнгөрч байгаа иргэдийн амь насанд хүрвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм бол.
Хачирхалтай нь хотын төвд, олон нийтийн үйлчилгээний газрын төв болох III, IV хороололд ил задгай, ямар ч хамгаалалтгүй баригдаж байгаа энэ барилгад хэн ч хяналт тавьсангүй.
Уг нь бол энэ асуудлыг ЗТБХБЯ болон Р.Содхүү даргатай МХЕГ-ын байцаагч нар хариуцах ёстой. МХЕГ-ынхны хувьд есөн давхраас доош бол НМХГ энэ асуудлыг хариуцна гээд гүрийчихдэг зуршилтай. Харин НМХГ-ынхан энэ эрсдэлтэй барилгыг мэдсэн ч мэдээгүй царай гаргасаар жил дамналаа.
Мэдээж НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн хотын төвд ямар ч хамгаалалтгүй сүндэрлэж байгаа энэ барилгыг харалгүй өнгөрсөн гэхэд итгэмгүй. Тэгэхээр барилга хариуцсан улсын байцаагч нар нь ажлаа хийхгүй байгааг МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн чихэнд шивнэхээс өөр арга алга.
Р.Содхүү даргын хувьд “Петро чайна дачин Тамсаг” компанийг торгож, замын акт тавьсан байцаагчийг хариуцлага алдсан хэмээн эрхийг нь цуцлачихдаг юм билээ. Харин олон нийтийн нүдэн дээрх барилгуудаа хариуцаж чадахгүй байгаа улсын байцаагч нартаа ямар хариуцлага тооцох юм бол. Харж л байя…
Бид энэ тухай дэлгэрэнгүй сурвалжилгыг үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: