МАН-ыг шалгуулахаар СЕХ-нд хандав

УИХ-ын 2012 оны сонгуульд оролцож буй МАН УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн Ардчилсан нам үзэж СЕХ-нд ханджээ. Ийн хандах болсон учир нь энэ сарын 11-ний өдөр олон нийтийн бүх телевизүүдээр, жишээ нь ТВ-9 телевизээр 21 цаг 22 минутад, ТВ-5 телевизээр 23 цаг 38 минутанд “МАН санал хураалт явагдахаас өмнө гадаадад байгаа монголчуудынхаа дунд судалгаа явуулахад 80 гаруй хувь нь МАН-ыг дэмжиж байгаа үзүүлэлт гарлаа. Улс төрийн намууд гадаадад оршин суугаа монголчуудынхаа дунд газар дээр нь болон онлайн хэлбэрээр санал асуулга явуулсан судалгааны дүнгээс үзэхэд гадаадад байгаа монголчуудын дийлэнх нь МАН-ыг дэмжжээ. Үүнээс үзэхэд МАН гадаадад оршин суугчдынхаа 80 гаруй хувийн саналыг авсан гэж урьдчилан хэлж болохоор байна” гэсэн мэдээг олон нийтэд хүргэсэнтэй холбоотой ажээ. МАН энэ үйлдлээрээ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.14-т заасан “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах”-ыг хориглох тухай заалтыг зөрчиж МАН-ын чансаа гадаадад оршин сууж буй монголчуудын дунд 80 гаруй хувьтай байна гэж мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон аж. Мөн, гадаадад оршин суугаа монголчуудын 80 гаруй хувь нь МАН-ыг дэмжсэн гэдэг нь илт худал мэдээлэл бөгөөд, МАН энэ судалгааныхаа үнэн зөв байдлыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.24-т зааснаар нотлох үүрэгтэй. Хэрэв нотолж чадахгүй бол мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.32-т зааснаар МАН-ыг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүй болгож уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлэх үндэслэлтэй. Иймд, МАН-ыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.14-ийг зөрчсөн үйлдэлд нь захиргааны хариуцлага хүлээлгүүлэх, 35.24-т заасан шаардлагын дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн дээрх мэдээллийн үнэн зөв байдлыг шалган тогтоож, үнэн зөв байдал нь тогтоогдохгүй бол МАН-ыг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ үү” хэмээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих