ХҮҮХДҮҮД МААНЬ ХААНА ТОГЛОХ ВЭ?

Эхнэр бид хоёрыг ажилдаа явахад хүүхдүүд маань гэртээ цоожлогдон үлддэг. Манайх Чингэлтэй дүүргийн I хорооны 35 дугаар байранд олон жил суурьшин амьдарч байна. Урт цагааны зүүн талын дөрвөн давхар цагаан байрны хоёрдугаар давхрын төмөр хаалт бүхий цонхоор 3 настай хүү, 5 настай охин хоёр минь өдөржингөө аав, ээжийгээ харуулдан, хааяа нэг хашгирч зогсдогийг тэр хавийнхан андахаа больсон. Хэрвээ хүүхдүүдэд маань өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх аюулгүй орчин байдаг бол сайхан аа…

Хотын төвийн дүүрэгт амьдардаг иргэд, тэр дундаа 40, 50 мянгатынхны хувьд орцныхоо үүдэнд нарлаж суух, хүүхдүүд нь байшингийнхаа гадаа тоглох талбай алга. Алга дарам газар байлаа гэхэд баар саун ч юм уу машины гарааж босгоод авчихдаг болж. Хүүхдүүд маань тоглох талбайгүй учраас компьютер тоглоомын газар хэсч, зарим нь гадуур тэнэх зэрэг бодит эрсдэл хэдийнэ бий болоод байгаа. Хэрэв гэрийнх нь ойролцоо тоглох талбай, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаг бол тэд маань өдөр бүр тоглоомын дон шүглэн суух шаардлага гарахгүй ч биз. Өмнөд Солонгосын “Кореа таймс” сонинд “Улаанбаатар хотын захиргаа 1995-2005 оны хооронд хүүхдийн 900 гаруй тоглоомын талбайг устгасан” гэж мэдээлсэн байсан талаар нэгэн оршин суугч ярьж байв. “Тэр уба нарт манай асуудал ямар хамаатай юм” гэх аргагүй болчихоод байна.

Хүүхдүүдээс гадна хөгшчүүл салхилаад суух, хэд гурван үг солиод суучих талбай бас алга. Байгаа хэд нь эвдэрч хэмхэрсэн байх  жишээтэй. Зарим байр хүүхэд тоглох нь битгий хэл хүн явах зайгүй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн III хороонд орших 23 дугаар сургуулийн ойр орчимд автомашины байнгын хөл хөдөлгөөнтэй байдгаас хүүхэд, хөгшид осолд орох нь цөөнгүй. Ядаж байхад тэр хэсэгт камер, олигтой гэрэлтүүлэг байдаггүйгээс осол хийсэн жолооч нар хэргийн газраас зугтах тохиолдол их гардаг байна.

Уг нь иргэдийн амарч тухлах газар бий болгочих юм бол залуус ч гэсэн баар хэсэхгүй. Гэрийнх нь ойролцоо тохижилт сайтай, аюулгүй тоглоомын талбай барьчихвал хүүхдүүд хол ойр гүйж, үүнээс болж үүсэх эрсдэл ч багасах болно. Үүнийг дүүргийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн багцаас тодорхой төсөв гаргаад хийх бүрэн боломжтой. Жаахан л сэтгэл гаргачих юм бол энэ зэргийг зохион байгуулах амархан. Үнэндээ манай дүүргийн дарга нар Зайсан толгойн орчимд амьдардаг учраас тэдэнд Чингэлтэйн үдэш хэрхэн өнгөрөх нь тийм ч сонин биш байх. Гаргасан тушаал, шийдвэрээрээ замбараагүй газар олгож хотын төвдөө шамбааралдуулчихаад өөрсдөө болохоор алсхан шиг, сэлүүхэн шиг аж төрж байдаг. Энэ хооронд хүүхдүүд, хөгшид маань эрүүл саруул, энх мэнд амьдрах нь байтугай машинд мөргүүлэх нь мөргүүлж, тоглоомонд донтох нь донтож, тэнэх нь тэнэж, хулгайлагдах нь хулгайлагдаж, харвах нь харваж… Яг л хар дарсан зүүд шиг. Үнэндээ бичихээс ч айж байна.        

Хүүхдээс булаах нь ирээдүйгээ булшилж байгаатай адилхан

Бас нэг асуудал. Нийслэлийн ихэнх дунд сургууль, цэцэрлэгийн  эзэмшил газрыг бүтнээр нь болон хагаслан булаагаад дээр нь орон сууцны болон үйлчилгээний барилгууд  барьчихаж. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн I-VI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдээс ердөө ганцхан 74 дүгээр цэцэрлэгийн талбай “шуналтнуудын” гарт өртөөгүй үлдсэн байна гээд та бод доо.

Сургуулиудаар зогсохгүй цэцэрлэгийн хашаа руу хүртэл халдсан байна.  Иргэд дээшээ хэлье гэхнээ сохор, дүлий засаг нь тэнгэрээс бууж ирэхгүй, доошоо хандъя гэхээр шуналтай компаниуд нь хэн нэгэн авлигач даргын шийдвэрээр далайлгана. Багш, сурган хүмүүжүүлэгчид хаана хэнд хандах ёстойгоо мэдэхгүй байдгаа учирлаж байна. Зүй нь ийм явдлыг Улаанбаатар хотын захиргаа, ИТХ, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага гаргуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл тэд харин ч эсрэгээр хүүхдүүдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай гээд хүүхэдтэй холбоотой байж болох бүх л газруудыг зохион байгуулалттайгаар булаан авч, бусармаг түрэмгий явдлаа өөгшүүлсээр өдий хүрлээ. Төрийн түшмэдийн гар хөл болсон өширхүү, зуумхай дарга, дарганцруудаас айгаад хөөрхий улсын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар нь тэгсгээд амаа бариад өнгөрөөдөг гэх.

“Дунд сургуулийн биеийн тамирын талбай дээр улаан цайм орон сууц барьчихаж байгаагаас одоо хүүхдүүдэд тоглох, гүйх ямар ч талбай алга. Ядаж багахан ч болов газар үлдээсэн бол үе үеийн хүүхдүүд гүйлдэн тоглох байсан даа гэсэн гунигт бодол өөрийн эрхгүй төрдөг юм” хэмээн дурсамж болгон яригдах дээрээ тулсан бодит хэрнээ бусармаг энэ байдалтай бид хэтэрхий удаан эвлэрч ирлээ. Хүн амын нягтшил, нүүн шилжилт асар хурдан нэмэгдэж байгаа өнөө үед харин ч дунд сургуулиудыг өргөтгөж, нэмэх нь тодорхой байхад сургууль, хүүхдийн байгууллага, цэцэрлэгийн хашаан доторхи биеийн тамирын болон тоглоомын талбай, ногоон байгууламж, зориулалтын бусад газрыг ингэж булаах нь үнэхээр ирээдүйгээ хараагүй, яавч зөвтгөшгүй асуудал юм.

Чингэлтэй дүүргийн 21 цэцэрлэгт 3000 орчим хүүхэд хүмүүжих норм стандарт гэж бий. Гэтэл өнөөдөр тэдгээр цэцэрлэгүүдэд 5000 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Тэгэхээр эхний ээлжинд боломжтой гэсэн бүх сургууль цэцэрлэгүүдэд өргөтгөл барих хэрэгтэй болж байна. Бас л сэтгэл гаргах юм бол тийм хэцүү ажил биш. Хүүхдүүдээсээ булаана гэдэг ирээдүй үеэ булшилж байгаатай адилхан. Хүн төрөлхтөн зөвхөн өнөөдрөөр амьдардаггүй. Миний хувьд өчигдрөө дурсан бахархаж, өнөөдөртөө зүтгэн ажиллаж, маргаашдаа тэмүүлэн амьдардаг. Ахмад үе маань өчигдөр, бид өөрсдөө өнөөдөр, харин хүүхдүүд та бидний маргааш билээ.

Ц.СОДХҮҮ

(Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн

Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт

“Гурав дахь хүчин” эвслээс нэр дэвшигч)


URL:

Сэтгэгдэл бичих