Ц.Дашдорж гишүүн ээ, энэ амьдрал мөн үү
Цэцэрлэгээсээ хоцорсон юм уу тасалсан хүүхдийн тухайн өдрийн хоолыг хасдаг гэнэ шүү. Сургуулийн сурагч хичээлээ 36 цаг тасалсан бол сахилгын шийтгэл авна. Болохгүй бол түүнийг сургуулиас хөөнө. Оюутан залуус хичээлийн цагаас хоцрох эсвэл таслах болбол тухайн тасалсан хичээлийн дүн гарна гэж үгүй. Ажилтан ажлын цагаасаа хоцорвол торгуулна. Энэ хоцролт даамжирвал сэрүүлэгтэй цаг бэлгэнд авах юм уу эсвэл ажлаасаа халагдана. Энэ бол албан ажлын наад захын шалгуур юм. Гэхдээ нийгмийн хөгжлийн явцад энэ байдал өөрчлөгдөх янзтай. Энэ нь УИХ-ын гишүүдийн цагийн зохион байгуулалтаас харагдаж байгаа юм. Намрын чуулганы төгсгөлд УИХ-ын гишүүдийн хуралдаанд оролцсон ирцийн тэмдэглэлийг олон нийтэд саяхан ил болгов. Өнгөрсөн намрын чуулган дөрвөн сарын хугацаанд 156 цаг хуралдсан байна. Гэтэл Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ердөө 30 цаг л чуулгандаа суужээ. Үлдсэн 126 цагийг орон нутгийн томилолт, өвчтэй, чөлөөтэй, хоцорсон гэх үндэслэлээр тасалсан байна. Жирийн ажилтан ажлаа тасалсан бол яаж сүржигнэх бол тэр дарга нар.
Гэтэл гишүүн болохоор нь хэн ч хариуцлага тооцдоггүй ийм л тогтолцоо Монгол Улсад үйлчилж байна. Эрхэм гишүүний удирддаг “Монгол тамхи СО” ХХК-ийн ажилтнууд ажлын цагаасаа минут хоцорвол 200 төгрөгөөр торгуулдаг гэсэн. Ингээд минут тутамд 200 гэж тооцвол нэлээд хэдэн төгрөг болно доо. Ц.Дашдорж гишүүний чуулганд суугаагүй цагийг өөрийнх нь компанийн хоцролтын торгуультай жишиж үзвэл гишүүн маань дөрвөн сарын хугацаанд 1.512 мянган төгрөгийн торгууль хүлээсэн байж таарах нь ээ. Мөн “Монгол тамхи СО” ХХК-д ажлаасаа байнга хоцордог унтаа ажилтны цалинг 20 хувиар хасдаг юм байна лээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Дашдорж бараг ажлаасаа халагдчихсан байхаар байгаа биз. Гэтэл тэр суусаар л. Ер нь “Монгол тамхи СО” ХХК-ийн ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажлаа таслаад байвал яасан юм бэ. Торгоно, эсвэл хална гэвэл “Та өөрөө эхлээд торгуулиа төлж дуусгаад халагдахгүй юу” гээд гэдийчихэж болно шүү дээ. Говь-Алтай аймгийн иргэд ч “Бидний сонгосон хүн чуулгандаа суухгүй байхад би ажилаа хийж яадаг юм бэ” гэсэн ч болно шүү дээ. Гишүүн ямар байна, сонгогч та тийм л бай. Ардчилсан нийгэмд хүн бүр ижил тэгш эрхтэй. Тиймээс Ц.Дашдорж гишүүн ээ, энэ амьдрал мөн үү.
Б.ЭНХМӨНХ
URL: