Биеэ, гэрээ засаагүй хүн төр түшилцэх гэнэ

Сонгинохайрхан дүүргээс 2012 оны УИХ-ын сонгуульд Д.Сумъяабазар аварга нэр дэвшжээ. Бөх, морь хоёртоо хайртай ард түмнийхээ нэгэн үеийн шүтээн болж явсан энэ эрхэм УИХ-ын суудлыг арай зөөлөнд бодсон бололтой. Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн сонгуулиар НИТХ-д сонгогдсон тэрбээр энэ удаа арай өндөр сэнтий рүү тэмүүлж. Гэхдээ үүнийг “Аавын хүү туг ч барина тугал ч хариулна” гэх утгаар аваад үзье гэсэн ч нэг их эерэг зүйл харагдахгүй л юм. Бүр тодруулъя л даа. АТГ-аас хээл хахууль авсан, өгсөн хүмүүсийг ээлж дараалан онилж байгаа. Гэтэл энэ эрхэм даваа наймаалцаж аварга болсныхоо үлдэгдэл 20 сая төгрөгийг өдий болтол өгөөгүй яваа тухай бөхийн хүрээнийхэн    өгүүлдэг юм билээ. Үүнийг нь ч их аварга Дагвадорж арслан Мөнхбаатрын толгойн тус газарт мэс хүргэсэн явдал гэрчилдэг гэх.

Төлөөгүй 20 сая төгрөгөөс болж нутгийн бөх “Хар” Ганхуягтай их аварга муудалцахад тэднийг салгах гэж байгаад тийн хутгалуулсаныг эх сурвалжууд гэрчилдэг.

Түүнийгээ Сумъяабазартангууд “Баяраа өөрөө л унаад толгойгоо хагалчихсан юм билээ” гэгчээр тайлбарладаг. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллээр шуугиж, цагдаагийнхан ч танхай дүүд нь хариуцлага тооцох гэсэн авч аваргад бас л “жулдаж” хэд гурван төгрөгөөр торгомор аядаад явуулсан гэдэг…

Энэ нь төр түшилцэх түүний “биеэ засч чадсан уу” гэх асуултын хариу.

…Монголын сайхан бүсгүй С.Мичидмаагийн зүрхийг эзэмдэж ээж, аав болцгоосон тэдний тухай таагүй мэдээлэл хуримласан цагаас нь л дагах болсон. Тиймэрхүү мэдээллийг бөхдөө хайртай монгол түмэн “Сайхан хүүхнийг хов дагадаг…” хэмээн зөөлрүүлдэг байсан нь ч бий. Гэтэл сүүлийн үед түүний тухай “Аварга эхнэртэйгээ хамтдаа байхаа больсон, залуу бүсгүйчүүдтэй учир ургуулдаг болсноосоо хойш мисс эхнэрээ “балбах” болсон, их аварга дүү нь ч бас эхнэрээ занчдаг, төрийн цагдаагийн формыг урсан гэх зэрэг бараан мэдээлэл Д.Сумъяабазар аваргын тоонотод болоод өссөн гэр бүлийнх нь талаар сайтууд, хэвлэлийн хуудаснаа бичигдэх нь ихэссэн.

Энэ нь төр түшилцэх түүний “гэрээ засч чадсан уу” гэх асуултын хариу.

Аваргыг НИТХ-д сонгогдоход нь нийслэлчүүд ихэд баярласан. Түүнийг спортын хүн болохоор баар цэнгээний энэ олон газруудтай эн зэрэгцэхгүй юмаа гэхэд ядаж ганц нэг спорт заалтай болгох нь дамжиггүй гэж найдаж, итгэж хүлээсэн. Гэтэл зүлэг ногоон дэвжээ, зодог шуудгаа орхисон аварга гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм хийсэн нь үгүй. Гэхдээ Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга, “АСА” циркийн хөрөнгө оруулагч, уул уурхайн чиглэлийн томоохон проектуудын хувь нийлүүлэгч гэх албан тушаалтай тэрбээр “Өнгөрсөн сонгуулийн штабдаа ажилласан 25 залууг Японд жуулчлуулж амраасан, I хорооны засмал замыг тавиулах, Нарангийн гол Багшийн дээд, Толгойт хойгуураа Халдварт өвчин судлалын үндэсний хүрээ-лэнгийн чиглэлд том оврын автобусны маршруттай болгосон, “Ээжүүдийн баяр”, 25 хорооны 214 хэсгийн ахлагч нарыгхамруулсан “Хэсгийн ахлагчдын баяр” гээд олон түмнийг баярлуулсан. Мөн иргэдээс ирсэн өргөдлийн 80 гаруй хувийг шийдвэрлэсэн” гэх биз. Хуруу даран тоочих энэ ажлууд уг нь НИТХ-ын тэргүүлэгчийн хийх л ёстой ажил. Гэтэл ард түмэн арай өөр зүйлийг хүсч байгааг мэдрэхгүй байгаа нь хамсмаар.

Гэхдээ хамгийн харамсалтай нь нийтлэлийнэхэндөгүүлсэн даваа наймаалцах буюу 20 сая төгрөгийн гэх асуудалтай хэрнээ 2011 оны аравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Найрааны асуудлыг хуулинд өөрчлөлт оруулж байж л зогсооно. Эрүүгийн хууль, Биеийн тамир спортын тухай хуулиуд хоорондоо уялдсанаар л одоо яригдаад байгаа найраа, том том мөнгений асуудлыг цэгцэлнэ. Үүнээс өөр гарц харагдахгүй байгаа. Залуу үеийг энэ муухай сүлжээ хүлээж байна. Тэр сүлжээг байхгүй болгохын төлөө эрхзүйн орчныг нэг номерт бүрдүүлэх ёстой” хэмээн хэлж байв.

Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгсэн дээ.

С.Туул

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих