АТГ-ын дараагийн зочин Сэлэнгийн засаг ноён Ж.Эрдэнэбат
АТГ ачааллаа дийлэхээ больж аймгийн засаг дарга нар тус газрын хаалган дээр “очер” үүсгээд байгаа. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй ноёдын хууль зөрчсөн үйлдлийг илрүүлж хайр найргүй “цавчиж” буй АТГ-ын дараагийн зочин нь Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат гэнэ.
Сэлэнгэ аймгийн иргэд түүнийг шалгаж өгөхийг хүссэн өргөдөлөө АТГ-т хаяглажээ. Түүний шалгуулах болсон шалтгаан нь бас л төсвийн мөнгийг шамшигдуулсан гэх. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас 2009 оны 6-р сард аймгийн төвд барих шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийх компанийг шалгаруулах уралдаан зарлажээ.
Хэдийгээр зарласан нэртэй боловч Ж.Эрдэнэбат энэхүү ажлыг Дархан уул аймгийн “Арлын ам” ХХК-д өөрийн дураар өгсөн гэнэ. Бас болоогүй тус компанийн захирал нь түүний дотны найз гэх. За найздаа тендер бэлэглэчихдэг юм байж. Гэвч асуудал ингээд дууссангүй. Уг стадионы анхны төсөвт өртөг нь 600 сая төгрөг бөгөөд нийтдээ 600 хүний суудалтай хийхээр зураг төсөвт суутгагджээ. Нэг жилийн дотор гүйцэтгэл нь дуусах байж.
Гэвч энэхүү ажил сунжирсаар 2,3 жилийн нүүрийг үзэж, бас болоогүй жил бүрийн аймгийн төсвийн тодотголд мөнгө нэмэгдүүлж байрлуулсаар нэг тэрбум 300 сая төгрөгийг зарцуулжээ. Нөгөө анхны зураг төслийн 6000 хүний суудал ч 3500 болж хумигджээ. Зарцуулах мөнгө нь нэмэгдээд байсан атлаа хийсэн ажил нь ийнхүү хумигдсанд Сэлэнгэчүүд одоо хэр нь гайхширсаар буй гэнэ. Ийнхүү том толгой гаргаж, албан тушаалаа ашигласан засаг ноёндоо эгдүүцсэн Сэлэнгэчүүдийн төлөөлөл АТГ-д хов хүргэсэн нь энэ.
Төсвийн тухай хууль, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа материал худалдан авах гээд хэд хэдэн хууль зөрчсөн хэмээх шаварт унаад буй Ж.Эрдэнэбат ч нэлээн сандарч буй аж. Учир юу гэвэл энэ сонгуулиар төрсөн нутагтаа тоосоо өргөхөөр хэдийн бэлтгэл ажилдаа ороод байсан тэрээр гай газар дороос гахай модон дотроос гэгчийн үлгэр болж байна хэмээн бухимдуу яваа гэнэ.
chuhal.mn
URL: