“Түвшин инвест” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

СЗХ-ны ээлжит хуралдаанаар зарим байгууллагын удирдлагыг томилж, эрхийг цуцалжээ. Тодруулбал, “Соёмбо инвестмент корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Батхуягийг томилохыг зөвшөөрч, СЗХ-ны 2011 оны 385 дугаар тогтоолоор баталсан “Цагдуултай” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх тухай тогтоолд өөрчлөлт оруулсан байна.
Түүнчлэн, “Солонго экспресс” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрч, “Дархан гурил тэжээл” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээжээ. Харин “Гермес центр” ХК-ийн хувьцааны тусгаарлалтыг цуцалсан аж.

Мөн энэ удаагийн хурлаар СЗХ-ны 2008 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Түүнчлэнг бичил санхүүгийн талаар “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх, үнэлгээ өгөх заавар”, “Ядуу иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэх төсөл“-ийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталсан байна.

Үүнээс гадна “Юу Би Капитал Кредит” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “Фүжи холдинг” ХХК-д банк бус санхүүгийн болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгосон аж.
Харин “Ундрах дэвшил”, “Дэвжих нэхий” гэсэн хоёр байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгаж, “Их найман шарга” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Мөн “Түвшин инвест” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, “Чаданхүү” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
У.Жигүүр


URL:

Сэтгэгдэл бичих