Чингэлтэй дүүргийн Засаг дарга, НИТХ-ын 17-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Ганболд: Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн газраас би байгаа цагтаа хэнд ч өгөхгүй
-Нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын, ахмадуудын нарлаж суудаг газар дээр гишгэх газаргүй болтол элдэв барилга баригддаг. Шулуухан асуухад та ийм асуудалд хэр орооцолдсон бэ?
-Юун орооцолдох, харин тэмцсэн. Дүүргийнхээ бүх сургууль, цэцэрлэгийн орчны газрыг өөрсдийнх нь эзэмшилд өгч тохижуулж хамгаалтанд авсан. Тэгэхгүй бол нэг л өглөө босоход, сургуулийн цэцэрлэгийн спортын талбайд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй ямар нэг компани нь байшин барих гээд газрыг нь ухаад зогсож байдаг.
-Таны мэдээгүй байхад уу?
-Газар олгох эрх мэдэл дүүргийн Засаг даргад байдаггүй юм. Гэвч харсаар суугаад хүүхдүүдийн сургуулийн газар руу, хөгшидийнхөө нарлаж суух газарт дайрч ороод барилга барихыг хараад суулгүй үзэж тарсаар ирсэн.
-Хэнтэй үзэж тардаг гэж. Газар олгодог эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай юу, баян компанийн эзэдтэй юу?
-Мэдээж хууль эрх зүйн хүрээнд нь магадлана. Юун түрүүнд дүүргийн засаг дарга иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж байх эрхэм үүрэгтэй. Энэ ч утгаараа нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн гаднах талбайг аль болох тохижуулж цэцэрлэгжүүлж спорт тоглоомын талбай олныг тохижууллаа. Яг үнэндээ тохижуулаагүй шороо бужигнасан газарт л хүний нүдэнд унаж тэнд барилга барихаар зүтгэдэг юм байна. Тийм болохоор барилга барихаар зөвшөөрөл олгогдсон байсан ч маш олон газарт иргэдтэйгээ нийлээд тохижуулаад сайхан болгочихоор тэд яаж ч чадахгүй байна. Ийм жишээ бидэнд олон байна. Цаашдаа ч ингэж ажиллана.
-Амаргүй ажил биз?
-Мэдээж амаргүй. Маш их эсэргүүцэлтэй тулгарна. Гэлээ гээд яах юм. Бид л энэ ажлыг зогсоохгүй бол өөр хэн хийх юм. Миний ажил, албанд эрсдэлтэй л дээ, гэхдээ хотын өнөөдрийн удирдлагууд бидний ажлыг дэмждэг учраас газартай холбоотой аливаа хэрэг маргаан дээр иргэдийнхээ талд шийдвэрлэгдэж байгаа.
-Ингэж тэмцсэний тань үр дүн гарч байна гэж үү?
-Ямарч байсан бид өнгөрсөн дөрвөн жилд газрын маргааныг хязгаарлаж чадсан. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн газар нутаг дээр тэр дундаа нийтийн эзэмшилийн газар дээр хэн дуртай нэг нь хөрөнгө мөнгө, танил талаараа түрий барьж иргэдийн газар руу дайрдаг байдал бүрэн зогссон. Манай дүүргийн нутагт өнөөдөр хэн, хаана нийтийн эзэмшил рүү дайрч байна, надад хэлээд өг гэж иргэддээ хэлдэг.
-Дүүргийнхээ бүх сургууль, цэцэрлэгийн орчны талбай, газрыг өөрсдөд нь эзэмшүүлж чадсан гэдэгт тань ний нуугүй хэлэхэд итгэхгүй байна?
-Харин итгэхгүй болтол энэ байдал газар авсан байгаа байхгүй юу. Итгэхгүй байгаа хүн очоод хар л даа. Дүүргийнхээ нийт 12 сургууль, 23 цэцэрлэгийн орчны талбайг барилгажилтаас хамгаалж, хууль эрх зүйн хувьд баталгаажуулсан. Сургуулийн хүүхдүүд хаана нь тоглож бужигнаж, чөлөөтэй гүйж харайх юм. Тийм болохоор энэ асуудал дээр миний бие хатуу байр суурьтай явж ирсэн.
-Сургууль, цэцэрлэгүүд минь орчноо тэгээд хэр арчилж тохижуулж байгаа вэ?
-Та бүхэн наад захын жишээ 5 дугаар сургуулийн арын хөл бөмбөгийн талбайг очоод хар л даа. Ямар гоё болсоныг. Энэ газрыг чинь алдчих шахаад. Ёстой үзэж тарж байгаад 5 дугаар сургуулийнхаа хүүхдүүдэд авч өгсөн юм. Ний нуугүй хэлэхэд 24. 50 сургуулийнхаа газраас бусдыг бусдад өгөлгүй хүүхдүүддээ үлдээж чадсан. Иргэд эрүүл саруул, эко орчинд амьдарх ёстой шүү дээ. Энэ утгаараа бид дүүргээ ногоон бүс болгохын төлөө хөдөлмөрлөж байна. Та бүхэн харж л байгаа байх. Манай дүүргийн төв хэсгийн гудамжууд ямар болж байгааг. Үүнийгээ бид цааш ахиулна. Ирэх жилүүдэд хотын төвд хиймэл нуур бүхий томоохон цэцэрлэгт хүрээлэнг газар чөлөөлөх байдлаар байгуулахаар төлөвлөж байгаа.
-Энэ бүхний эцэст нийтийн эзэмшлийн зам талбайруу санаархагчдад юу гэж хэлэх бэ?
- Шулуухан хэлчихэе нийтийн эзэмшлийн, сургууль цэцэрлэгийн гаднах талбайг би байгаа цагтаа дахин барилгажуулахаар хэнд ч өгөхгүй ээ.
Б.Хашчулуун
URL: