28 мянган цахим үнэмлэх хуурамчаар хэвлэжээ

УИХ-ын сонгуулийг автомат системээр явуулах болсонтой холбогдуулан цахим үнэмлэх хэвлэх байсан. Гэвч цаг хугацаа, зарим асуудлаас болоод зөвхөн иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн болон шинээр авах иргэдэд цахим үнэмлэх хэвлэхээр болсон. Цахим үнэмлэх ажиллагаа үргэлжилж байгаа. УИХ-ын чуулганаар цахим үнэмлэх хэвлэх журам гарсан. Үүний дагуу ажлын хэсэг гарч цахим үнэмлэхний хэвлэлтэд хяналт тавьж, шалгасан байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгогчдийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын хорооны дарга  З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын шийдвэрийн дагуу цахим үнэмлэх хэвлэж байгаа ч зөрчилүүд гарсан гэж байсан?

-УИХ-ын чуулганаар зарим хүмүүст цахим үнэмлэх хэвлэж өгөх  шийдвэр гарсан. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, хаясан гээсэн,  шинээр авах буюу 25, 45 нас хүрсэн иргэд лавлагааны хуудастай байсан. Гэтэл лавлагааны хуудастай иргэд 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд санал өгөхдөө лавлагааны хуудсаар өгөх боломжгүй гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүний дагуу лавлагааны хуудастай иргэдэд цахим үнэмлэх олгох шийдвэрийг гаргасан. Тиймээс УБЕГ хэвлэлтээ эхлүүлсэн. Сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг тараах ёстой. Бусад иргэдийн цахим үнэмлэхийг долдугаар сарын 2-оос эхлэн хэвлэж эхлэх юм. УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу иргэний үнэмлэхгүй, лавлагааны хуудастай 64 мянган хүнд цахим үнэмлэх хэвлэж тараах байсан. Цахим үнэмлэх хэвлэж эхэлснээс хойш нийслэлийн гурван хорооны цахим үнэмлэх олголтын ажилтай танилцахаар шалтгалт хийсэн. Шалгалтыг Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд, УБЕГ-ын орлогч дарга, Тагнуулын газрын нэг хүн тэгээд миний бие шалгалт хийсэн юм. Гэтэл Хан-уул дүүргийн 11-р хороонд 63 ширхэг үнэмлэх хэвлэсэн байсан. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэд дээрхи хэлсэн гурван ангилалд ороогүй, иргэний үнэмлэхээ гээсэн гэж хүсэлт гаргаагүй, 25, 45 нас хүрээгүй, гээгээгүй хүмүүс байсан. УБЕГ-т УИХ-ын тогтоолоор цахим үнэмлэх олгохоор болсон 64 мянган хүнээс гадна, 28 мянган хүнд цахим үнэмлэх өгөхөөр хэвлүүлж байгааг тогтоосон.

-УИХ-ын тогтоолоос гадна 28 мянган үнэмлэх хэвлэнэ гэдэг хууль зөрчсөн гэсэн үг үү?

-УИХ-ын тогтоолын дагуу 64 мянган цахим үнэмлэх хэвлэх ёстой байтал дээрээс нь нэмээд 28 мянган цахим үнэмлэх хэвлэсэн байгаа нь УИХ-ын тогтоолыг зөрчиж байна гэж үзээд УБЕГ-ынхантай уулзсан. Тэгээд УБЕГ-т зөвхөн УИХ-ын тогтоолын дагуу 64 мянган цахим үнэмлэхийг хэвлэж, тараах хэрэгтэй. Илүү хэвлэж байгаа нь сонгууль будилаантуулна гэж бид үзсэн. Тэгээд нэмж хэвлэхээр болсон 28 мянган үнэмлэхээ зогсоо гэсэн шийдвэр өгсөн байгаа.

-Хяналтын хороо цаашид ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Иргэний үнэмлэхтэй ч байсан, хуучин үнэмлэхтэй ч байсан иргэд саналаа өгөхдөө хурууны хээгээр таниулж байгаа учраас сонгууль будлиан гарах нь арай бага байгаа. Гэхдээ хяналтын хороо цаашид нэг иргэнийг нэг удаа бүртгэсэн эсэх дээр гол анхаарлаа хандуулж ажиллана. Нэг хүнийг хоёр ба түүнээс дээш хэсгийн хороонд бүртгэх юм бол сонгууль будилаантах болно.  Шинэ үнэмлэх тараах явцад нэг зохион байгуулалтайгүй ажил явагдсан байсан. Тухайлбал, гурван хүн тутмын үнэмлэх хурааж авсан эсэхийг шалгахад, нэг хүнийхийг хайчлаад, нэгийг нь хурааж аваад, нэг хүний үнэмлэхийг хайчлаачгүй, хураагаа ч үгүй хүнд нь өгөөд явуулсан байсан. Үүнийг нь буцааж хурааж аваад хайчилсан. Хайчилсан үнэмлэх хүчингүй гэсэн үг юм.

-1950 ч гэдэг юм уу, хаясан гээсэн бичиг баримт авдаг газ­руудад байгаа иргэний үнэм­лэхийг яасан бэ?

-Тэдгээр үнэмлэхийг УБЕГ бүгдийг нь хураагаад авсан байгаа.

Ш.ЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих