Биднийг хүнээс дорд үзэж, Монголыг улсаас доогуур үнэлэх шалтгаан юу вэ ?

Би бусдын л жишгээр амьдарч яваа жирийн нэгэн иргэн. Бусдад илүүчлэх эд зүйлгүй ч бусдаас царайчлаад байхгүй, цалингаараа амьдралаа залгуулдаг боловч улс шиг улсад хүний дайтай амьдарч яваа гэж омогшиж, өөрөөрөө бахархдаг Монголын мянга мянга залуучуудын нэг. Хүүхэд нас минь социализмын үед өнгөрч, өсвөр нас минь зах зээлийн шилжилтийн бэрх үеийг туулж, ид хийж бүтээх залуу насандаа өнөөдрийн Монгол Улсад элэг бүтэн аж төрж яваадаа, ийм сайхан эх оронд хүн болж төрсөндөө бардам явдаг билээ, би. Гэтэл миний омгорхол, бахархал руу минь ус цацахтай адил зүйлийг УИХ-ын сонгуулийг далимдуулан Ардчилсан нам гаргаж тавилаа. Тэр нь нийслэл төдийгүй орон нутгийн гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны самбар дээрх “Улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя” гэсэн уриа юм. Энэ уриа төрийн сүлдэндээ залбирч, өглөө бүр тусгаар тогтносон бүрэн эрхт улс, элэг нэгт монголчуудынхаа төлөө цайныхаа дээжийг сүслэн өргөдөг түмэн олны сэтгэлийг хүйтэн хөндий хахир үгээр хайрах шиг болов. Яахаараа биднийг хүнээс дорд үзэж, эх орныг минь бусад улсаас доогуур үнэлээд байна вэ?

Уг уриаг уншихаар Монгол Улс маань улс биш, хүн ард нь хүн биш болоод явчихаж байна. Утга найруулгын алдаатай урианаас нь үзвэл Ардчилсан нам Монгол Улсыг маань улсанцар, монголчуудыг маань хүнэнцэр гэж үнэлээд байгаа бололтой. Тийм болохоор улсанцар, хүнэнцэрүүдийг улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулъя гэж тунхаглаад байгаа хэрэг л дээ. Ардчилсан намын үнэлэмжээр бол монголчууд бидний өнөөгийн амьдрал амьтныхаас нэг их ялгарах юмгүй гэнэ. Үүх түүхээ сөхвөл бидэнд бусдад боолчлогдож, байгалийн гамшигт бултаараа өртөж, өлсгөлөнд нэрвэгдэж нохойноос ч дор амьдарч явсан тийм гунигт үе байхгүй шүү дээ. Газар хөдөлж цунами нөмрөх вий гэсэн мөнхийн айдастай амьдардаг индонезичүүд, хар салхи дэгдэж хамаг бүхнийг орвонгоор нь хамчих вий гэж болгоомжилдог далайн эргийн улсууд, үе үе халдварт өвчин тархаж өлсгөлөнд нэрвэгдэх вий гэж эмээдэг Африкийн улсуудтай Монгол Улсаа харьцуулах ч шаардлагагүй. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Эдийн засаг нь хурдтай сэргэж байгаа, энэ өсөлтөөрөө дэлхийд гуравдугаарт бичигдсэн улс орныг нэг улстөрийн нам сонгуульд өрсөлдөхийн тулд улс, ард түмэнтэй нь басамжилж болохгүй л дээ.
Бид ам бүл тавуул. Эхнэр маань төрийн албанд, би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Амьдралаа дээшлүүлэхээр нийслэл бараадан ирсэн их нүүдлийн өчүүхэн хэсэг нь бид. Амьдралаа өөд нь татах гэсэн бидний чин эрмэлзэл, ард олныхоо амьдралыг сайжруулах гэсэн Ардын намын бодлоготой хосолсны үр дүнд бидний амьдрал өнгөрөгч дөрвөн жилийнхээс хамаагүй сайжирсан. Гэр хороололд өрхөө татсан бид Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, анх удаа орон сууцтай болох хүсэлт бүрдүүлсэн, 16 хүртэлх насны гурван хүүхэдтэй, сарын баталгаат орлоготой гэсэн давуу эрхээр саяхан шинэ орон сууцандаа нүүж орсон. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлснээр сарын цалин 700 мянгад хүрсэн. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг шат дараатай дэмжсэний үр шимээр миний орлого ч хавьгүй дээшилж, банкны зээлдээ түүртэхээ больж, эх орны хишиг 100 мянган төгрөгөө зээлдээ нэмэрлэж, амьдрал ер нь дажгүй шүү.

Хөгжиж яваа улсад хүний дайтай амьдарч яваа гэсэн бодол минь өдрөөс өдөрт батжиж явна. Тийм болохоор улсыг минь харь гүрнээс доогуур үнэлж, монгол хүнийг хүнээс дорд үзээд байгаагийн шалтгааныг олохгүй л байна. Уг нь хамтарсан засагт дөрвөн жил хамтарч ажилласны хүчинд Ардчилсан нам өнөөдөр сонгуульд оролцох эрхтэй, нам шиг нам болж чадсан гэж үнэлж явдаг хүний нэг нь би. Хэрвээ тус нам дөрвөн жилийн турш сөрөг хүчний үүргээ биелүүлсэн бол өнөөдөр ард түмэндээ ам дүүрэн ажилгүй гар хоосон очих нь ойлгомжтой. Тэднийг хамтарсан засагт хамтарч ажиллах боломжийг Ардын нам олгосон тулдаа л сонгуулиар Оюутолгой, Тавантолгойн гэрээг нүүр бардам ярьж сурталчилгааныхаа гол сэдвээр тодруулж яваа шүү дээ. Стратегийн ач холбогдолтой ордуудаас иргэн бүртээ хувьцаа, хувь хишиг хүртээсэн, хэмжээг нь нэмэгдүүлнэ гэж сурталчлах гол суурийг нь Ардын нам л тавьсан. Хэрвээ Ардчилсан нам өнгөрөгч дөрвөн жилийг сөрсөөр дуусгасан бол ард түмэн тус намынхныг үүдээрээ ч шагайлгахгүй, хүлээж авахгүй байсан нь тодорхой. Эсвэл тус намын олигархиуд шиг хагартлаа баяжвал хүн шиг амьдарч яваа гэж үнэлэгдэх хэрэг үү? Олигархиудынхаа хуримтлуулсан баялгийг “нийгэмчилж” иргэн бүрт хувь хүртээх гээд байгаа юм болов уу?
Н.Бүрэн

soninmn


URL:

Сэтгэгдэл бичих