Xүүгээ хулгайлаад ”зугтсан” Монгол эмэгтэйн тухай Швейцарийн Le Matin сонинд өгүүлжээ
Барууны орнуудыг хөгжилтэй, хүний эрхийг хүндэлдэг гээд шуураад байх нь учир дутагдалтай гэдгийг дараах баримтаас харж болох юм.
Сараа анх нөхөртэйгээ Бээжин хотод танилцжээ. Залуу Леонард Бээжинд ажлаар зорчиж байхдаа нэгэн монгол бүсгүйтэй танилцаж улмаар сэтгэл алдран түүний хаягийг авч заавал монголд очихоор ам өгчээ. Тун удалгүй хэлсэн амандаа хүрч Сараагийн араас ирэн түүнд сэтгэлтэй болсноо илчилж гэрлэлтээ батлуулж албан ёсны эхнэрээ болооч гэж хүссэн бөгөөд бүсгүй зөвшөөрч түүнтэй хамт Швейцарь улсад амьдрахаар ирсэн байна. Энэ явдал 2003 онд болсон бөгөөд тэр жилдээ Сараа амаржиж нэгэн хүү төрүүлж түүндээ Чингис хэмээх нэр хайрлажээ. Нөхөр нь банкны ажилтан байсан бөгөөд үндсэндээ дутагдах гачигдах юуны ч зовлон үзэхгүй амьдрах боломж нь бүгд бүрдсэн байлаа.
Нөхөр нь ажлын шугамаар байнга гадагшаа зорчино, Сараа хүүгээ өсгөж гэрээ сахихаас өөр ажил үл хийнэ. Ийм маягаар нэг жилийг ардаа өнгөрөөсөн бөгөөд хааяа гарч хүнтэй уулзаж, сэтгэлээ онгойтол сайхан ярилцах юмсан гэсэн хүсэл төрөвч нэгд монголчууд цөөхөн хоёрт хэл ус нэвтрэлцэхгүй учир гадны найз нөхөдтэй болох асуудал амархан биш байлаа. Ингээд азаар санаандгүй гудамжинд таарсан анхны монгол хүнтэйгээ танилцаж түүгээр дамжуулан бас бидэнтэй танилцаж магнай тэнийтлээ баярласан бөгөөд бид гэдэг маань цагаачлалын шугамаар орогнол хүссэн цөөхөн тооны хүмүүс байлаа.
Ингээд уулзалдах боломж олдвол утас шөрмөсөөр холбогдож хүүгээ түрсээр хүрч ирээд хамтдаа цуг сууж элдэв сонин чалчиж кайф аваад явах нь түүний хувьд үнэхээр сайхан байдаг байлаа. Нэг өдөр л нөхөр нь энэ тухай мэдээд цухалдаж монгол хүмүүстэй уулзаж , хөөрч байх чинь надад таалагдахгүй байна. Гэртээ бай гэж тушаах аятай хэлж. Өдөржин гэрийн мухар сахиж хэвтэх нь дэндүү уйтгартай байна, харин ганц нэг монгол хүмүүстэй танилцсан нь надад их сайхан байна гэж ойлгуулсан боловч гэрээс гармаар байвал франц хэл сур гээд дамжаанд бүртгүүлж өгсөн ба дахин монголчуудтай холбоотой байхыг хориглосон байна. Ингэлээ гээд юм өөрчлөгдөх биш дамжааны нэг цагийн хичээл дороо дуусч хааяа хүүгээ түрсээр яваад л ирнэ. Манай хотод ердөө бид хэд 6, 7- хон хүн байж дээ. Миний эхнэр цайлган зочломтгой хүн болохоор ирэх болгонд нь ганц нэг шил дарс хувааж уугаад зовлон жаргалаа хувааж цаг нөхцөөдөг байв. Ингээд нэг өдөр нутаг орон , аав ээжээ аймаар санаж байна нэг харьчихаад ирдэг юм билүү гэж ярьсан юм.
Манай хүн тэгэх боломж байвал тэгээч л гэж байсан. Ингээд Сараад мөнгөний асуудал байхгүй учир онгоцны тийзээ бичүүлээд монгол руу яваад нэг сар хиртэй болоод ирсэнсэн. Эндээс л том асуудал үүсч нөхөр нь түүнийг галзуу, солиотойгоор нь дуудан хорьж цагдах нь ширүүссэн билээ. Явахдаа миний зөвшөөрөлгүй явсан энэ чинь гэмт хэрэг энэ тэр гэж ном уншсан юм байх. Ийм маягаар харьцсан нөхөртэй гомдоод түүнтэй ам мурийсан нь нэг бус удаа байсан бололтой, нэг өдөр хөл, бие нь хөх няц болтлоо зодуулаад манайд ирж эхнэрт минь хэцүү байна, яах вэ , яаж ийм маягаар амьдралыг дуусгах вэ зөвлөгөө өгч туслаач гэжээ. Намайг гаднаас орж ирэхэд биеэ нууж ичиж байсан хэдий ч тэр зодуурын ул мөрийг тэр дор нь анзаарсан юм. Ингээд тэр хоёр удаан зөвлөлдөж эцэст нь хүүгээ аваад монгол руу буцах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн байлаа.
Яагаад эцсийн цэг тавихаар шийдсэн бэ гэхээр Сарааг нөхөр нь сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлж гажигтай, хүүхэд асрах чадваргүй гэсэн акт гаргуулах төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд үүнийхээ дараа гэр бүлээ цуцлуулна гэдгээ мэдэгдсэн байлаа. Хэрэв Сараа ийм шийд гаргаагүй бол хүүгээ алдах нь ойлгомжтой болсон байлаа. Ингээд л бараг баяртай ч байхгүй гэнэт алга болсон юм, алга болох ч гэж дээ төрж өссөн өлгий нутагтаа буцаж , тэр хангалуун амьдрал , сайхан хаус, мөнгө, бололцооноос илүү сайхан эрх чөлөө гэж байдаг юм гэдгийг нөхөртөө үүрд ойлгуулсан юм.
Түүнийг явсны дараа сонин хэвлэлүүдээр хайж байна гэж мэдээ гараад л өнгөрсөн юм. Гэтэл өнгөрсөн оны 6 сарын 27 ны өдөр тутмын (Le Matin)
Өглөө сонинд « Tүүний хүүг эх нь хулгайлан Монгол яваад сураг тасрав » гэсэн сүртэй нийтлэл гарав. Леонард Жөнэв хотын Цагдаагийн дээд газраас швейцарь хүүхэд хулгайлагдсан гэдэг баримт гаргуулан түүнийгээ одоогийн ерөнхийлөгч, тэр үеийн гадаад хэргийн сайд Мишелин Калми Реи, Үндэсний Хорооны тэргүүлэгч Андрэ Буньон нарт хүүгийнхээ хэд хэдэн фото зураг, мөн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг олшруулан илгээгээд хүүгээ монголоос авчруулах асуудлыг хөөцөлдөхийг шаардсан байна.
Ингээд удалгүй Монгол улсын иргэний болон гэр бүлийн хууль, Швейцариас ялгаатай байдаг тул таны хүүг авчрах асуудал нь нэн хүндрэлтэй бараг бүтэхгүй зүйл гэсэн хариу аваад туйлын ихээр бухимдсан бөгөөд өнгөрсөн жил Ливи улсад барьцаалагдсан байсан швейцарийн иргэн Макс Гөлдиг суллуулахад гаргасан шигээ чармайлт гаргавал хүүг минь надад авчрах боломжтой гэж дуугарчээ. (Ливи улсын ерөнхийлөгчийн хүү энд зочид буудалд зарц нараа зодсон хэргээр цагдаад саатуулагдан шоронд нэг хоносон бөгөөд түүний хариуд швейцарийн бизнесмен А. Гөлдийг 168 хоног барьцаалсан юм) Ингээд хүүгээсээ хагацсан эцэг түүнийг монгол руу хулгайлагдахдаа ой хагастай байсан одоо нийтдээ хүний нутагт 62 сарын хугацаа өнгөрч 7 настай болсон , тэнд амьдралын нөхцөл маш муу , хүү минь тэнд монголоос өөр хэл сурахгүй , тэр хэлээр амьдрана гэж бодохоор ирээдүйгүй амьдрал хүлээж байгаа, хэрвээ энд байвал олон улсын чиглэлээр боловсрол эзэмшиж их чухал хүн болох ирээдүй байлаа гэжээ. Өөрөө очоод хөөцөлдөөд аваад ирэхгүй юу гэсэн сурвалжлагчийн асуултанд тэнд очоод би хэн ч биш, аавыгаа гэж танихгүй, хэл нэвтрэлцэхгүй бас тэгээд хаана байгааг нь ч мэдэхгүй гэж хариулаад манай улсын төр засаг буурай орноос хүнээ нэхээд авч чадахгүй байгаад гомдолтой байна. Элдэв зүйл бодож сэтгэл эмтэрч явна , хүүгийнхээ бүх юмыг хаяж, өрөөг нь хоосолсон ч байдал өөрчлөгдөхгүй болохоор нь бүүр нүүгээд өөр хотод амьдарч байгаа хэмээжээ. Уншигч та юу гэж бодож байна? Миний хувьд Сараа зөв шийд гаргасан болов уу, хэрвээ тэр хүүгээ алдсан бол өдийд галзуурчихсан байх гэдэгт эргэлзэхгүй. За мундаг, мундаг. Чингис Чингисийн монголд амьдарч байгаа.
Ээжийн нэрийг өөрчлөв.
Зургийг Le Matin сониноос авав.
http://www.lematin.ch/actu/suisse/fils-disparu-mongolie-293908
URL: