“Ажнай” Д.Бат-Эрдэнийг сонгохгүй байх наад захын найман шалтгаан

Олсон хөрөнгөөрөө морь, бөх байлж өөрсдийгөө сурталчилдаг нөхөд манай улсад тоотой хэд бий. Энэ цуваа “Мон уран”-ы Б.Наранхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ гэсхийгээд л дуусна.

Наадамд түрүүлсэн моринд “Ланд-200”, начин төрүүлэхэд 200 сая гэх мэтээр шинэ цагийн цээж баячууд цөөнгүй жил бэл бэнчингээрээ уралдлаа.
Харин тэд энэ удаад морь, бөх байлахаа түр хойш тавьж, “худалдаж авсан” тойрогтоо сурталчилгаагаа хийж явна. Монголын тэргүүн баячуудын нэг Д.Бат-Эрдэнийн хувьд УИХ-ын гишүүнээр ганц удаа сонгогдож байв. Харин өнгөрсөн 2008 оны сонгуульд Өмнөговь аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон удаатай.
Ингэж цагаан тугаа өргөсний дараагаас эхлээд эрхэм “Ажнай” нэлээд барцадтай байсаар энэ удаагийн сонгуультай золгож байна. Ядахад түүний баруун гарын хүн болох Өмнөговь айм гийн Засаг дарга Б.Бадрааг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс яллагдагчаар татаад буй.
Үнэндээ Б.Бадраа аймгийн Засаг дарга нэртэй боловч начир дээрээ бодлогынх нь бүх асуудал Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг тухай нутгийн иргэд захаас аван өгүүлдэг юм. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр аавын хаалга татахдаа тулаад буй Б.Бадраа “Ажнай”-н боссын гар хөлийн үзүүр төдий л гэсэн үг.
Гэхдээ энэ хоёрын “үерхэл” тийм ч дардан байгаагүй гэнэ. Учир нь Д.Бат-Эрдэнэ УИХын сонгуульд нэр дэвшихийн тулд өөрийн хийсэн балгаа Засаг дарга Б.Бадраадаа тохож, түүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн аж. Ингэснээр өөрөө бага ч гэсэн нэр цэвэр үлдэх гэсэн бололтой. Уг нь үүнээс өмнө Б.Бадрааг шалгуулахаар олон хүн АТГ-т хандсан ч тус газар хүлээж аваагүй гэдэг. АН-ынхны дохиураар хөдөлдөг болсон гэх АТГ-т нөхөр Б.Бадрааг шалгах ямар нэгэн шалтгаан байсангүй.
Гэвч сонгууль болж, Д.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нарын эрх ашиг харшилдсан тул “Ажнай” Б.Бадраагаа шалгуулахаар захиалга өгсөн гэх. Тавантолгой дахь хуучин нүүрсний уурхайн 49 хувийг гартаа оруулж, өмнөд хөрш рүү нүүрс гарган их ашиг олж, хэдэн арван тэрбумаар эргэлдүүлж байдаг нэр дэвшигч Д.Бат-Эрдэнийн хувийн компанид Татварын ерөнхий газраас томоохон шалгалт хийж, 80.5 тэрбум төгрөг төлүүлэх акт тавьсан зэргээс эхлээд нэрэнд нь сэвтэй олон жишээ бий. Үүнээс өмнө 2007 онд мөн л татвар төлөхөөс зайлсхийж, орлогоо нуун дарагдуулсан нь илэрч түүний эхнэрт хүртэл эрүүгийн хэрэг үүсгэх дээрээ тулж байлаа. Энэ бүхний дараа тэрбээр татварын өршөөл гээч зүйлд хамрагдаж эхнэртэйгээ хамт ял зэмгүй үлдэж байсныг ч Монголын ард түмэн мартаагүй.
Ийм учраас энэ удаагийн сонгуульд өмнийн цэнхэр говийн сэтгэл тэнүүн иргэдэд түүнийг сонгохгүй байх баримт нотолгоо хангалттай бий гэлцдэг.
Баримт 1: Өмнөговь аймгийн орон нутгийн өмчид буюу иргэдийн мэдэлд Засгийн газрын тогтоолоор өгсөн “Тавантолгой” компанийн 51 хувийг Б.Бадраа, Х.Түмэнбаяр нарын хамт халаас уруугаа хайр найргүй чихсэн тухай уугуул иргэд нь үргэлж гомдол мэдүүлдэг.
Тус компанийн удирдах төвшинд ганц ч мэргэжлийн хүн байхгүй ах дүү, танил тал, гар хөлийнхөө үзүүрт хөдөлдөг нөхдөөрөө ба гаа бүрдүүлсэн гэх. Аймгийн Засаг даргын Тамгын газар дахь дарга цэргийг тооцвол тус айм гийн төрийн албан хаагч хоёр хүн тутмын нэгийг нь өөртөө “урвуулж”, худалдаж авсан су далгааг өмнөговьчууд өөрсдөө гаргасан нь бий.
Баримт 2: Х.Түмэнбаяр хэмээх уул уурхайд ямар ч хамаагүй хүнийг “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, өөрөө ТУЗ-ийн дарга болсноор хууль бус үйлдэл хийх боломж бололцоог бүрдүүлсэн. Иймд орон нутгийн удирдлага түүнтэй ярьж, зөвлөлдөхгүй бол ажил урагшлахаа байсан. Маш товчхондоо ноёрхлоо тогтоосон гэсэн үг.
Баримт 3: “Тавантолгой” компанид ажлын орчин нөхцөл, удирдлагуудынх нь хуйвалдаанаас болж олон энгийн иргэн амь насаа алдаад байгаа. 2010 онд л гэхэд 31 удаа зам тээврийн осол гарч, 23 хүн алтан амиа алдсан. Өнгөрсөн онд 12 осол гарч гурван хүн нас баржээ. Энэ бүхэн хөдөлмөр хамгааллын наад захын журам, стандартыг мөрдөөгүйтэй холбоотой.
Баримт 4: Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх 256 км үргэлжилдэг стандарт бус, нарийн замыг улсын байцаагчид дүгнэлт гарган хаасан боловч нэг цагийн дараа дур мэдэн нээсэн.
Баримт 5: Уурхайн дөрөвдүгээр цооногоос олборлолт хийж, “Ажнай”-н өөрийнх нь хувийн нүүрс тээврийн компанийн 80 тоннын даацтай 180 хүнд тэрэг өдөр шөнөгүй нүүрс зөөвөрлөж байна. Мөн орон нутгийн хэрэглэгчдийн нүүрсээ авдаг наймдугаар цооногт 40 метрийн гүн хөрс хуулалтын ажлыг саатуулж, бүх хүч хэрэгслийг нь дөрөвдүгээр цооног уруу хаях зарлиг гаргасан.
Баримт 6: “Маатаг” н.Жаргалсайхан гэдэг АН-ын гишүүн нөхөрт мөнгө өгч 20 мянган тонн нүүрсний зөвшөөрөл цохуулж авсан тухай яриаг олон хүн баталдаг. Иймээс Өмнөговь аймгийн АН-ын гишүүд Д.Бат-Эрдэнийг хоёр нүүртэй хэмээн муулж суугаа гэдэг.
Баримт 7: Тэрбээр олон жилийн өмнө “Даланзадгад” брокерийн пүүсийн н.Цэнддоо гэгч нотариатчийг урвуулан “Тавантолгой” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийг луйварджээ. Энэ хэрэг саяхныг хүртэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хаагдаагүй байсан. Мөн “Монгол эд импекс” хувьцаат компанид иргэн Ч.Отгончимэг, Л.Туваанбаатар нарын эзэмшдэг байсан 220 ширхэг хувьцааг олон иргэдийн хувьцааны хамт хууль бусаар өөрийн болгосон.
Баримт 8: Өмнөговь аймгийн энгийн иргэдэд хувь хишиг нь олддоггүй “Тавантолгой” компани Д.Бат-Эрдэнийг удирдаж байх хугацаанд ашигтай ажилласан мэдээ бий. Нүүрсээ өөрийн хамсаатан “Говь барилга”, “Баян-Уул”, Хятадын “Пүшинговь”, “Пүшинмон” зэрэг компаниудаар дамжуулан дэлхийн зах зээлийн үнээс харьцангуй хямдаар борлуулдаг байна.
Ийм хэд хэдэн шалтгааны улмаас Өмнөговийнхон “Ажнай”-н боссыг сонгох учиргүй юм. Хэрвээ тэр Их хурлын гишүүн болчихвол Өмнөговийг тэр чигээр нь худалдчихаа ч сийхгүй нэгэн билээ.
Д.ГАНБААТАР

www.UNEN.mn

URL:

Сэтгэгдэл бичих