“Хүн биш” болгосон АН-ын урианд хүмүүс эгдүүцэж байна
Ардчилсан намынхан өнөө жилийн сонгуулийн уриа үгээрээ монголчуудыг хүн биш, Монгол эх орноо улс биш хэмээн тунхаглалаа.
Надад гомдолтой л байна. Өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цусаараа олж авчирсан, тусгаар тогтнолтой, туурга тусгаар улсыг минь улс биш байсан.
Тэр бүхнийг бүтээсэн эр зориг, итгэл сэтгэл бүхнийг хүн биш байсан гэж АН дүгнэж байна хэмээн бодох надад бүр ч урамгүй байна.
АН-ын “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн энэ уриа үнэхээр утгын алдаатай болжээ. Мэдээж, бодож сэтгэж улстөрийн зорилготой л хийсэн байх. Өнөөгийн Монголын улстөрд МАН-ын дараа зогсох “том” намынх нь утгаар улстөрийн сонгуулийн уриагаа удаан бодож түгээж байгаа хэмээн найдаад байгаа юм шүү дээ.
АН-ынхны үзэж буйгаар Монгол өнөөдөр бусад улс шиг оршин тогтноогүй, монголчууд бүгдээрээ хүний бус амьтны амьдралаар л яваад байна. АН-ыг өмөөрч бодох шалтгаан бас байна аа. Тэд улсаа хөгжүүлэх, бусдад амьдрал бэлэглэх их хүч, давалгаа хэмээн өөрсдийгөө бодсон хэрэг.
Гэхдээ ийм явцуу байдлаар илэрхийлж бүхэл бүтэн улсын өнгөрсөн түүхийг булшилж, хүн зоныхоо ахуй амьдралыг басамжилж болно гэж үү. Тэгвэл тэднээс бас хамаарч байгаа 22 жилийн хугацаанд АНынхан өөрсдөө юу хийсэн бэ. Өөрсдийгөө дөвийлгөж өрөөлийг үгүй хийх гээд улс орны сүүлийн 22 жилийн түүхтэй хамааралтай АНынхаа мөрийг ч баллаж замрууллаа гэхэд үнэхээр утгагүй санагдана.
Гэтэл намын мөрийн хөтөлбөрийнх нь үг, утга бүр нь өнөөгийн Засгийн газар буюу Ардын засгийн үйл хэргийг алагчлалгүй, давтан үргэлжлүүлэх зорилготой байгаа нь гайхмаар.
Өөрөөр хэлбэл, АН шинээр сэтгэж, шинэлэг зүйл хийхийн оронд нэг талаар өмнөхөө үгүйсгэж, нөгөө талаар бусдын хийснийг үргэлжлүүлье гэж байгаа юм байна. Уг нь Ардын Засгийн газар ард түмнээ хөл хөсөр, гар газарт хүргэлгүй авч явааг хүлээн зөвшөөрөөд байгаа мэт.
Нүдэнд бэлхэн харагдаж байгаа зүйл л хүнд ойлгомжтой байдаг. Тэр тусмаа сонгуулийн энэ хугацаанд ард түмэнд бодит амлалт, биелэх төлөвлөгөө л хэрэгтэй. Гэтэл гэнэт саран дээрээс буусан мэт улсаа улс биш, хүнээ хүн биш болгож, тэс хөндлөн, хөрсөнд буугаагүй уриагаар сонгуулиа эхлүүлэх АН “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Эрдэм мэдлэгтэй Монгол хүн” гэхчилэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг хуулаад, ерөнхий юм ярьж байна.
Миний бодохоор монголчуудад хий хоосон яриа, ерөнхийлж бөөрөнхийлсөн амлалт хэрэггүй. Бидэнд бодит үр дүн, хэмжигдэхүйц, шинжлэх ухааны тооцоо судалгаатай үнэн зөв амлалт хэрэгтэй. Харин МАН хоёр жил гаруй хугацаанд “Ард түмнээ сонсъё” аян өрнүүлж, сая гаруй иргэнтэй уулзсан.
Тэднээс ирсэн олон сая хүсэлт, санал, бодлыг нэгтгэн “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө баталсан. Монгол зоныхоо санал бодол, хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан учраас Монгол Ардын Нам ялах үүргийг монгол түмнээсээ хүлэээжээ гэж хэлж болох юм.
Монгол Улсын эдийн засаг жилд 17.3 хувиар өсч, иргэн бүрийн гар дээр улс орны баялаг жигд тараагдаж, монголчуудын ядуурал 10 хувиар буурч, цалин тэтгэврийн дундаж хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гээд олон сайн мэдээ, сайхан үзүүлэлт зөвхөн биднийх. Чухамдаа улс эх орноо улс биш гээд байгаа АН-ынхны сууринаас 100 хувь эсрэг үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улсуудын дээгүүрт явна.
Монголын залуучууд хэзээ брэнд ярьж, гар утас, нөүтбүүк ийм олноор хэрэглэж байлаа. Монголын гэр бүл хэзээ ингэж олноороо машин худалдан авч, орон сууцанд амьдардаг болсон билээ. Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал сүүлийн дөрвөн жилд илт дээшилж байна. Улс даяар их бүтээн байгуулалт эхэлж, хаа сайгүй шинэ засмал зам зурайж байна. Улсын маань өнцөг булан бүр эрчим хүчний сүлжээтэй.
Хөдөөний малчид лаа барилгүй чийдэн асаадаг, гаднаа тавган антенн зоож телевизийн олон суваг үздэг болсон нь дэвшил мөнөөсөө мөн. Миний бодохоор дээрх бүх ахиц дэвшил, амжилт ололт МАН засгийн эрхийг улируулан барьж, улс орноо удирдаж ирсэн урт замын улстөрийн залгамж халаа бүхий зөв бодлогын үр шим.
Энэ замыг л үгүй хийх гэж АН муйхарлахдаа өөрсдөө саналыг нь гуйж байгаа ард түмнээ хүртэл хонь малтай зүйрлэж уриа лоозон гаргажээ.
Гэтэл уриа нь утгын алдаатай, эх орны хөгжил, эцэг дээдсийн замнал, үүх түүхийг үгүйсгэн, улсаа улс биш, хүнээ хүн биш болгосон АН-д олон нийт дургүйлхэж эхэлсэн нь илт анзаарагдаж байна. АН-ыг өнөөг болтол улсынхаа төлөө зүтгээгүй гэж хэлэх ёсгүй байх.
Бодлого хөтөлбөр гаргаж, сүүлийн 20 жилийн турш улстөрийн амьдралд тодорхой хэмжээгээр оролцож ирсэн учраас үүрэг, хариуцлагын дэнсэн дээр хамт л сууж таарна. Амьдралд, улс оронд болж бүтэж байгаа юм үй түмээрээ байна. Ажил хөдөлмөр эрхэлж, сайн сайхан амьдарч байгаа монгол хүн олонхи байна.
“Гар хөдөлбөл ам тосдоно” гэж зүйрлэж хэлсэн шиг гараа ч хөдөлгөхгүй ядуурлын туйлд орсон монгол хүн мэдээж цөөхөн бий. Тэд ингэж амьдарч байгаад төрийн бодлогод ажилласан намууд ч бас буруутай. Гэхдээ нэг хэсэг хүн ядуу байгаагийн төлөө нийтийг доромжлох хэрэггүй юм.
АН үнэхээр алдаатай уриа гаргажээ. Урианы цаана ч утга агуулга байх ёстой. Монголчуудын олонхи хүн шиг л амьдардаг учраас “хүн биш” болгосон улстөрийн урианд дургүйлхэхээс яах билээ.
Б.БАТ
www.UNEN.mn
URL: