2000 гаруй хар тамхичинд эмнэлгийн 30 ор ноогддог

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн газар (ЭМГ), ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Гаалийн ерөнхий газар (ГЕГ), “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ынхан хамтран нэгэн зөвлөлгөөнийг зохион байгуулж буй. Энэ нь Монгол Улсад хар тамхины хэрэглээ ямар байгаа болон юунаас болж өсч буй талаарх асуудал хөндсөн сэдэв юм. Энэ асуудлаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн их эмч С.Мөнхтуяа болон Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн нараас зарим зүйлийг тодрууллаа.

ХАР ТАМХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНЭЭР АМИА Ч АЛДАЖ БОЛНО
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн их эмч С.Мөнхтуяа:

-Танай төв хар тамхинд донтсон иргэдэд зориулж ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-1971 болон 1961 оны НҮБ-ын конвенцийн нэгээс дөрөвдүгээр жагсаалтад мансууруулах төрлийн хориотой эм, бодисуудын нэр орсон байдаг. Энэ эм, бодисуудыг хэрэглэснээр тодорхой хэмжээнд эмгэг үүсдэг учраас мансууруулах эмэнд донтох эмгэг гэж нэрлэдэг юм. Ийм эмгэгтэй хүмүүс эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шат, мөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авдаг. Манай төвд одоогоор 30 ортой донтох эмгэгийн эмчилгээний тасаг ажиллаж байгаа. Мөн хэвтүүлэхгүйгээр өдрөөр нь тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө, оношилгоо, эмчилгээ явуулдаг. Манай эмчилгээний гол арга нь сэтгэл засал. Мөн хордлого тайлах эмчилгээ хийдэг. Эмчлүүлэгчдийн хувьд насны хязгаар байхгүй.

-Хүмүүс юунаас болж мансууруулах бодис хэрэглэж байна вэ. Танайд энэ талаар хийсэн судалгаа байна уу?
-Иргэд ихэвчлэн өөрөө ч мэдэлгүйгээр энэ төрлийн бодисыг хэрэглэдэг. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэтээс мэдээлэл авч энэ зам руу орж байна. Өсвөр үеийнхэн аливаа зүйлийг шохоорхож, хэн нэгнийг даган дуурайх тэр ч бүү хэл хүн санал болгоход нь үгүй гэж хэлж чаддаггүй нь энэ зам руу ороход хүрч байна.

-Хар тамхи хэрэглэснээс хүний биед яг ямар хор хөнөөл учирдаг юм бэ?
-Нэгдүгээрт эрүүл мэнд, бие бялдрын хувьд донтох эмгэг буюу хараат байдлын аюултай өвчин үүсдэг. Ер нь хар тамхи хүний биеийг бүхэлд нь өвчлүүлдэг. Буруу хэрэглэсэн, тун хэтрүүлсэн зэргээс болж амиа алдах тохиолдол ч байна. Мөн тариур хэрэглэдэг байлаа гэхэд бохир зүүнээс нь болж элэгний үрэвсэл, цусан өвчлөл гэх мэт өвчин авдаг. Мөн ХДХВ-ийн халдвар авах магадлал өндөр байдаг.

НЭГ ХҮН ХОЁРООС НАЙМАН ТӨРЛИЙН МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭДЭГ
Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг (ХТМБИХН)-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн:

-Та бүхний гаргасан судалгаагаар манай улсад мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг хэчнээн хүн байна вэ?
-Манайхаас гаргасан үндэсний хэмжээний хоёр том судалгаа байдаг. 2010 онд нийслэлийн өсвөр үеийн 200 хүүхдийн дунд хийсэн судалгаа байна. Энэ судалгаагаар 54 хэрэглэгч илэрсэн. Тэдгээр хүүхдүүдийн 36 нь канабис татдаг бол 18 нь экстази гэх бодис хэрэглэсэн байсан. Мөн энэ онд байнга хэрэглэдэг 100 хүний дунд судалгаа хийхэд үнэрлэх, тарих, татах гэх мэт бүх хэрэглээ бий болсон нь харагдлаа. Мөн донтох байдал өмнөх судалгаатай харьцуулахад арай түлхүү болсон гэсэн харамсалтай хариу гарлаа. Хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Анх 1999 онд 45 хар тамхи хэрэглэдэг хүн байсан бол одоо 561 болоод байна. Мөн нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хүн байдаг гэж бодохоор 2000 гаруй хүн байна гэх тооцож болно. Хамгийн ноцтой нь нэг хүн нэг л мансууруулах бодис бус хоёроос найман төрлийнхийг хэрэглэдэг. Энэ нь хэрэглэгч этгээдүүд ямар төрлийн мансууруулах бодис олдож байна түүнийгээ л хэрэглэдэг гэсэн үг юм.

-Өсвөр насны хүүхдүүд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт их холбогдож байна уу?
-Хэн нэгэн санал тавьснаар, эсвэл хэн нэгний гуйлтаар мэдэхгүй зүйлээ дамжуулах, борлуулах үйл ажиллагаанд оролцох тохиолдол гарч байна. Үүнээс болоод хүүхдүүд эрүүгийн гэмт хэрэг холбогдох нь ихэссэн. Иймээс эцэг, эхчүүд үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа өнгөрүүлж юу хийж байна вэ гэдгийг анхаарах ёстой. Манай хүүхэд архи уудаггүй гээд тайван сууж болохгүй. Бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэж байна уу гэдгийг хянаж л байх ёстой.

-Өсвөр насны хүүхдүүдийн дунд сургалт явуулдаг уу?
-Бид сургагч багш нарыг бэлтгэж байна. Саяхан нийслэлийн Хүүхдийн төлөө газартай хамтраад есөн дүүргийн нийгмийн ажилтанг багшаар бэлтгэсэн. Энэ мэтчилэн олон ажил хийж байгаа. Мөн ЕБС-ийн сургалтын программд энэ талаар хичээл оруулж өгсөн. Өмнөх жилийн судалгаанаас харж байхад ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн хичээлээр хар тамхи, мансууруулах бодис түүний хор хөнөөлийн талаар хичээл огт ордоггүй гэж хариулсан. Нэг хувь нь л эрүүл мэндийн хичээлээс хар тамхины хор хөнөөлийг олж мэдсэн гэж байна. Энэ нь хангалтгүй дүн. Иймээс дараа жилээс энэ талаар хичээл оруулах, БСШУЯ-ынхан ч үүнд анхаарах байх.

Ч.Ариунболд

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих