Сайн тавилттай жүжиг

Монголын амьдрал үргэлжилсээр сонгуулиас сонгуулийн хооронд амьтны нас урссаар л байна. Сондгой тоотой саруудад сумогоор амьсгалж оройн цагаар уйлж хайлсан солонгос киногоор өдрийг төгсгөнө. Савангийн дуурь, сумо бөх, сонгууль гуравгүйгээр Монголчуудыг төсөөлөхгүй байхын аргагүй юм. Өдөржин гэртээ гэрийн ажлаа хийхээс гадна хааяа нэг улс төржөөд талбай дээр жагсаад, шударга үнэний төлөө жагсдаг байвал бидний амьдралд хэрэгцээтэй бодлого төлөвлөлт хийгдэж болох юм шүү. Улс төрчид энэхүү тайван амьдралыг цочроох маш сайхан жүжиг тавина. Түүнийг нь бүх нийтийн мэдээллийн хэрэгслээр яг одоо өгөх гэж байгаа юм шиг, яг одоо гайхамшигтай болох гэж байгаа юм шиг тайлбарлаж жүжиглэж өгөх нь харийнханы нүдэнд инээдтэй бас гутамшигтай харагддаг.

Сайн жүжиг 1

Ичсэн улс төрч эдийн засгаа алж бидний хувьд 21 мянган төгрөгөөр овоо хүнсний зүйлс гэртээ авдаг байсан бол одоо 21 мянгаар 3 кг мах авч дийлэхээ болсон. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө очиж байгаа мэт харагдах боловч далдуур эрээн хотын наймаачдын гар дээрх мөнгийг дэмждэг гэдгийг хэлэх хэрэгтэй. 21 мянгаар архи ууж, эрүүлжүүлэхийн нэг өдрийн орлого сар бүрийн 16-ний өдөр сайжирдаг гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй байх. Яг үнэндээ бэлэнчлэх сэтгэлгээ залхуурал, зүгээр суугчдыг хөхүүлэн дэмжсэн эдийн засгийн ямарч бүтээмжгүй Монгол улсыг өрийн дарамтанд оруулж байгаа далд явуургүй бодлого энэ нэг жүжгийн цаана оршиж байна.

Сайн жүжиг 2

Хотын утаа дийлдэхээ байж утааг 2011 оноос 2012 онд 30 хувь бууруулна гэж залсан ч урд жилүүдэд 50 метр зай харагддаг байсан бол одоо харин 30 метрт юу ч харагдахаа байж түлш эрчим хүчний сайд баахан хэрэггүй зуухны шахаа, утаа түлшний үйлдвэр гэж баахан манаргасан нь 30 хувь бууруулах биш 30 метрт зам харагдуулахаа болихоо хэлсэн байж. Утаагүй зуух хийснээс үнэн чанартаа тухайн сайд нь 5-р цахилгаан станцаа нэг өдрийн өмнө барьж байсан бол хэрэгтэй байсан гэдгийг мэдэж байсан Монголд тустай ажилд хойрогошиж, мөнгөнд үрэлгэн ажилд ханцуй шамлан орсон нь утаа бууруулж байгаа мэт сайхан харагдах бас нэгэн жүжиг байлаа.

Сайн жүжиг 3

Утааны дарамтаас гадна гэр хорооллын асуудал томоос том асуудлын нэг болоод байна. Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдрах бөгөөд халуун ус, нийтийн тээвэр, сургууль, эмнэлэгийн үйлчилгээ гээд ихээхэн санаа зовоосон асуудлууд их байдаг. Тэд бүгдээрээ халуун устай орон сууцанд амьдрахыг хүсдэг мөрөөдөлтэй. Амьдралын бэрхшээлээс нэг нэгээр нь дурдвал бидний асуудал дуусахгүй. Бараг жилдээ нэг ирдэг хогны машин, оройн цагаар явахад аймшигтай харанхуй гудамж, цэвэр цэмцгэр орчин, хүүхэд багачуудаа гадаа тоглуулахад хэцүү хог шороо гээд асуудал их байна. Энэхүү асуудлыг энэ сонгуулиар шийдэж байгаа мэт 100 мянган айл гэсэн баахан лоозонг орилож эхлэв. Иргэний бүртгэл битүү оочeр 400 хүний лавлагааг нэг өдөр өгнө. Материалыг нь орон сууц санхүүжилтийн корпораци дээр авна. Яг ингээд харахад нөгөө орон сууцныхаа асуудлыг шийдэх гэж хүсч хүлээсэн ард түмэндээ өгөх гэж байгаа мэт гоё жүжгийг тавьж байна даа. Яг үнэндээ улайсан санхүү, хоосорсон өртөй төсөвт суугдаагүй цөөхөн хүмүүст өөрийн эх үүсвэрээр Төрийн банк зээл олгож байгааг мэдсэн бол ард түмэн нэлээд бухимдана даа. Том сайд, дарга нараасаа авахуулаад өгч байгаа мэт өдөр бүр шоудаж жүжиг тавих нь гайхамшигтай сайн тавилттай жүжиг гэхэд хэн ч маргахгүй.

Сайн жүжиг 4

Оюутан гэдэг нэр яг үнэндээ оюун ухаан, оюунлаг гэсэн үгнээс гаралтай эрдэм мэдлэгийн эрэл хайгуулчдыг хэлдэг гэж боддог. Тэгээд ингэж нэрлэсэн байх. Оюутны саналыг сонгууль дөхтөл худалдаж авахаар оюутны 70 мянган төгрөгийг тарааж эхлэв. Оюутнаа орлогожуулах гэсэн нэг талаасаа харагдаж байгаа боловч 150 мянган нас биед хүрсэн хүмүүс таалагдах гэсэн нэгэн жүжиг юм. Хөдөөний оюутны байрны асуудалтай, сурлагатай хэдий ч автобусны мөнгөгүй амьдралын боломж тэр бүр хүрдэггүй оюутнууд их байдаг гэдгийг хэн хүнгүй бүгд мэднэ бас мэдрэгдэж байдаг. Тийм л хүмүүстээ төрийн мэргэн бодлого хүрч байвал оюутнууд талархах байлаа. Оюунлаг хүмүүс хулхи хуудуутай ажил хийж байгаа хүмүүст оюунлаг бус мунхаг гэдгээр ойлгуулж байгаа байлгүй дээ. Энэ бол сайхан тавилтай хөгийн нэгэн жүжиг байлаа.

Сайн жүжиг 5

Сар бүр цалинтай болсон оюутнууд 70 мянгаа аваад эрүүлжүүлэх байраар дүүрдэг болсон бөгөөд дахин сайн найруулгатай жүжгийг оюутантай холбож тавьлаа. Амьдралын боломж тэр бүр хүрдэгүй, улсын бүтээн байгуулалтанд шаардлагатай мэргэжилээр сурч байгаа оюутнуудынхаа 4 жилийнх төлбөрийн даахын оронд эчнээ өдөргүй 500 мянган төгрөг тарааж эхлэв. Мэдээж сонгуульд зориулсан сайхан жүжиг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа ч мөнгөнд нүд улайдаггүй ард түмний үр сад бид яав ч энэ олиггүй жүжгэнд баярлаж инээхгүй байх.

Сайн жүжиг 6

Төрийн толгойд мөнгө гарсанаар хялбар амьдрал хөөгсөд Солонгос киноны амьдралаар бодит амьдралыг төсөөлөгчид их болжээ. Ядуу байж байгаад гэнэт баян болчихдог тийм л киногоор бид амьсгалсаар бас улс төрчид нь энэтэй нь уялдуулан сайхан жүжиг тавина. Айхтар том толгойноос маш их мөнгө хураагаад хураасан мөнгөнөөсөө иргэн бүрт 1.5 саяын хувьцаа олгоод “Со” киноны босс шиг казиногоор нэг мөнгө тарааж цацах боломж 2.7 сая Монголчуудад олдлоо ч гэх шиг. Ийм балай жүжиг тавиад бараг л баяжуулж байгаа юм шиг, бараг л өгч байгаа юм шиг өргөдөл хүсэлт, аваад л хувьцаа авахуу, мөнгө авахуу гэд л гоё гоё найруулгыг маш сайн хийнэ. Энэхүү жүжгэнд нь төрийн алба ч маш сайн хутгалдан орно. Үнэн нүүр нь тэр толгойнууд нь атгаалжин мангасын 15 толгой болоод бүгд эзэнтэй болцон гэдэг шүү. Ядарсан түмэн 1 сая төгрөг авлаа ч нэг хонины мах авахад хэцүү болоод байгааг харах хэрэгтэй. Бидний ярьж заншсанаар цаас гэдэг чинь жинхэнээсээ мөнгө биш бодит байдлаараа цаас болгож байгаа энэхүү жүжигтэй холбоотой юм. Өвгөд хөгшид хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь алалцах шахуу 350 мянгад оочирлох нь ядарсан иргэдээрээ ингэж тоглож байгаа нь эмэгнэлт дуурь тавиж байгаа юм бишүү.
Монгол улс MONEY улс болчоогүй байлтай. Шударга үнэн заавал нэг цагт ялна гэдэгт бүгд итгэлтэй. Харин одоогийн эрх баригчид мөнгөний барьцаанд орогсод төрийн эрхийг барьж байгаа цагт хэзээ ч Монгол улс хууль дээдэлсэн улс үндэстэн болж чадахгүй, чадах ч үгүй.

Одоо Монгол хүнээ жинхэнээсээ боддог, дүлий биш төртэй болох цаг болсон. Сонголт худалдаж авч байгааг энгийн зүйл шиг ярьж байгааг одоо болиулах цаг болж.

С.Лхагважав

http://gonews.mn/post.php?id=4847


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих