Хүүхдүүдийн хувь заяагаар тоглосон элсэлтийн шалгалтын алдаанууд

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд болоод өнгөрлөө. Улсын хэмжээнд 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлээд байсан юм. Өнөө жилийн шалгалтад математикийн хичээлээр хамгийн их буюу 36924, орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу 3580 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хэдэн шалгуулагч орох ёстойгоос хэд нь хамрагдаж чадаагүйг Боловсролын үнэлгээний төвийнхөн гаргаж амжаагүй байгаа гэнэ. Нийслэлийн хэмжээнд орос хэлний хичээлийн шалгалтанд 3581 хүүхэд орох байснаас 3370, химийн шалгалтанд 12597 байснаас 12095, англи хэлний хичээлээр 29947 хүүхэд өгөх байснаас 28936 хүүхэд оролцсон гэхээр хоцорсон хүүхэд нэлээд байсан бололтой.

2006 оноос Боловсролын үнэлгээний газар байгуулагдаж шалгалт авах ажлыг хийж эхэлсэн цагаас жил бүр л тест, хэвлэлт алдаатай, хариу буруу байх зэрэг маргаанууд гардаг байсныг БСШУЯ болон Боловсролын үнэлгээний газраас нягталж үзээд хохирсон хүүхдүүдэд зохих оноог олгож гомдолгүй болгодог байсан байна.

Харин энэ жилийн шалгалтанд зохион байгуулалтын хэд хэдэн томоохон алдаа гарчээ. Байгалийн ухааны хичээлүүд буюу бодолт ордог хими, физик, математик зэрэг хичээлүүдийн шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн 100 минутын хугацаатай авдаг болсон байна. Гэтэл энэ жил “Хүрээ” дээд сургууль, Батлан хамгаалах их сургууль зэрэг шалгалт авах төвүүдэд ажилласан хянагч багш нар шалгалтын дэвтрийн нүүрэн дээрх шалгалт үргэлжлэх хугацааг бусад хичээлийн адил 80 минут гэж хэвлээд гаргачихсан байна. Тэр дагуу тухайн шалгалтыг өгсөн сурагчдаас 80 минут болоод материалаа хурааж авсан аж. Тус хоёр сургууль дээр гарсан алдаанаас болж 200 гаруй хүүхэд 20 минут алдаж бодлогоо бодож чадалгүй хохирсон гэсэн үг. Эдгээр хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулах асуудалтай. Хичээлдээ сайн, муу янз бүрийн хүүхэд байсан тул оноог нөхөж өгөөд ч гомдол нь тасрахгүй.

Мөн Увс аймагт зургадугаар сарын 9-ний өдөр Биологийн шалгалт авах болоход 80 гаруй сурагчийн материал дутсан байна.

Боловсролын үнэлгээний газрын дарга Ц. Цэрэндуламын томилсон элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах комисс тус материалыг шалгалт өгөх хүүхдүүдэд тарааж байгаад материал дутахаар нь “Шалгалтыг чинь хойшлууллаа” гээд буцааж аваад гаргачихсан аж. Уг нь шалгалт бүр улс орон даяар нэг цагт эхлээд дуусах ёстой. Тэндээс зарим хүүхдүүд шалгалтын материалаа хураалгалгүй гарсан гэнэ. Ингээд шалгалтын тест задарч хариултуудыг нь хүүхдүүд хувилж авсан тухай яриа ч гарчээ. Энэ тухай Боловсролын үнэлгээний газар орой нь мэдээд тухайн тестийг боловсруулсан багшаар дахин нэг хувилбар хийлгэж түүнийгээ хувилаад зургадугаар сарын 10-ны 06 цагийн онгоцоор Увс руу явуулсан бөгөөд тухайн өдрийнхөө 16 цагт нь шалгалтыг авсан байна. Хүүхэд болгоноос нэг хувилбараар шалгалт авсан гэхээр хуулах магадлал улам л ихэснэ. Мөн оноог нь хэрхэн дүгнэх нь эргэлзээтэй.

Элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдийн нэр, овог бүхий гэрээний хуудас нэр овог тэмдэглээгүй хариултын хуудас хоёрт нэг нэгээр нь наадаг баганан код гэж байдаг. Тус баганан кодыг нааснаар шалгуулагчийн шалгалт өгсөн материалыг баталгаажуулж байгаа юм. Дүн гарсны дараа энэ хоёр код нийлснээр хэрхэн зөв дүгнэснийг мэдэх ёстой. Хөдөө орон нутагт уг нь хяналтын кодыг дутчихаж магадгүй гээд илүү хэдийг явуулдаг гэнэ. Гэтэл Завхан аймагт энэ код 50 гаруй дутсан аж. Тэгэхээр нь Боловсролын үнэлгээний төвөөс и-мэйлээр явуулсан байна. Түүнийг хэвлэж аваад хариултын болон гэрээний хуудастай скочоор наасан аж. Уг нь өөрөө наалддаг цаасан дээр гардаг лацтай зүйл. Тиймээс тус аймгийн эцэг, эхчүүд болон шалгалт өгсөн сурагчид өөрсдийг нь зөв дүгнэх болов уу гэсэн сэтгэлийн эовиуртай болчихож байгаа юм. Мөн Хэнтий аймагт Ховд аймгийн шалгалтын материал очсон байсан тухай гомдол ч иржээ.

Мөн орос хэлний шалгалтад орсон хүүхдүүд тэр өглөө “Орос хэлний хичээлийн зарим тест алдаатай А, В, С, D гээд дахиад А,В гэх мэтээр хариулт нь хэвлэгдсэн асуултууд гарсан. Хянагч багшаас энэ ямар учиртай юм гэж асуухаар багш ойр-ож, ярилцах хориотой гээд тоогоогүй” гэлцэж байсан юм. Үнэхээр ч химийн хичээлийн шалгалтын “0″, математикийн “С”, орос хэлний “А”, “В” хувилбарын зарим асуулт хариултууд буруу байсан гэнэ.

Мөн Баянзүрх дүүргийн зарим сургуулиудын сурагчдын шалгалтыг авсан Улаанбаатар дээд сургуулийн байранд болсон зургадугаар сарын 8-ны 16 цагийн англи хэлний хичээлийн шалгалтыг 16.46 цагт авсан гэнэ. Тэгсэн мөртлөө маргааш өдрийнх нь 11.30 минутын математикийн хичээлийн шалгалтын өмнө 2-8 минутад цагтаа амжиж очсон дөрвөн хүүхдийг оруулаагүй байна.

Тэдний эцэг, эх болох Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн Р.Гансүх, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн О.Тэгшээ нар “Амжиж оччихоод хаалгыг нь нүдэж хамгаалагчтай нь зууралдсаар нэг минут хоцроод ороход нь материалыг нь урчихсан байсан. Урьд өдрийн шалгалтыг нь 46 минут хүлээлгэж байж авсан. Том дарга эсвэл их мөнгөтэй хүний хүүхэд хоцорсон байх” гэж байв. Цааш нь “Хамгийн харамсалтдй нь хүүхдийн 11 жилийн хөдөлмөр юм даа. Дандаа эмэгтэй хүүхдүүд сэтгэл санаагаар унаж яваад хүнтэй танилцаад жирэмсэн болчихвол, хүнтэй суучихвал яах вэ. Адаглаад бэлдсэн бэлтгэл нь алга болно. Их сургуулийн багш хөлсөлж хичээл заалгасан болон гүнзгий ангийн хүүхдүүд байсан шүү дээ. Сэтгэл санаагаар унаад өдөржин уйлсан” гэж ярив.

Ийм явдал болсныг тэр газрыг хариуцаж байгаа Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Гантуяа гэгч даргадаа мэдэгдээгүй байсан байна. Энэ талаар нь хэлэхэд тэндхийн багийн ахлагч Дашцэрмаа эцэг, эхчүүдэд “Өдөр болгон дээшээ мэдэгдэх албагүй” гэсэн гэнэ. Хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтанд цагийн өмнө цуглараад 10 минутын өмнө анги танхимдаа байраа эзэлсэн байх ёстой гэдэг боловч найман минут хоцорсон хүүхдүүдийг оруулаад ирээдүйг нь бодож болох байсан аж.

БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн захирал Ц.Цэрэндулам “Шалгалт ном дүрэм журмаараа хууль дүрмийн дагуу явагдлаа гэж үзэж байгаа. Энэ жилийн хувьд зохион байгуулалтын зөрчил гараагүй гэж би шууд хэлнэ. Манай багш нар дүрэм журмынхаа дагуу ажилласан. Бид шалгалтаас нэг өдрийн өмнө хянагч багш нарт нэг өдрийн сургалт хийж ямар журмаар шалгалт явагдахыг нэг бүрчлэн заасан. Шалгалтууд орон даяар нэг цагт эхлэх ёстой. Цагтаа эхэлсэн гэж бодож байна. Хоцорсон тухай мэдээллүүд надад ирээгүй. Хэрэв багш нараас шалтгаалж сурагчид хохирсон байвал өндөр хариуцлага хүлээлгэнэ” гэж байв. Мөн “Батлан хамгаалах их сургууль дээр 80 минутад шалгалт авсан тэр хүмүүсийг хэрхэхийг комисс хуралдаж шийдвэрлэнэ. Хүмүүс гадуур янз бүрийн юм ярьж байна. Шалгалтын бүх протоколтой танилцаж байж эцсийн хариуг хэлнэ. Завхан аймгийн тухайд гэвэл надад албан ёсоор Завханаас ийм зөрчил гарлаа гэсэн мэдээлэл ирээгүй. Би үүнийг аман яриагаар цуурч байгаа зүйл болов уу гэж бодож байна. Хэрэв ийм явдал гарсан бол хүүхдийг хохиролгүй болгох талаас нь тухай бүрт нь шийдвэрлэсэн байх гэж бодож байна” гэсэн юм.

Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дараа хамгийн багадаа 100 гаруй гомдол, санал ирдэг байна. Боловсролын үнэлгээний газрын хуулийн зөвлөх О.Батзоригоос энэ жил хэдэн гомдол ирсэн талаар асуухад “Одоогоор долоон өргөдөл, санал ирээд байна” гэв. Гэтэл зургадугаар сарын 9-ний өдөр математикийн шалгалт авсны дараа зөвхөн Батлан хамгаалах их сургуулийн шалгалт авах байраас 20 гаруй хүүхэд эцэг эхийн хамт Боловсролын үнэлгээний газар очиж өргөдлөө гаргасан тухайгаа ярьж байсан. Эцэг эхчүүд гомдол, өргөдлөө Боловсролын үнэлгээний төвд гаргадаг гэтэл энэ газар долоон гомдолтой байна гээд сууж байна. Увс аймагт 400 гаруй хүүхэд биологийн шалгалт өгсөн. Батлан хамгаалах их сургууль болон “Хүрээ” дээд сургуулиудын шалгалтын байранд авсан шалгалтанд 200 гаруй хүүхэд 100 минутын ажлыг 80 минут өгсөн. Тэгэхээр холбогдох хүмүүс нь боловсролын үнэлгээний газраа анхааралдаа авахгүй бол хүүхдүүдийн хувь заяагаар тоглочих нь байна шүү.

Ж.БАЯРСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих