Хөлийг минь хугалсан хятад “Чамайг заавал ална” гэж монголоор хашгирсан
-1.5 КИЛОГРАММ МАХААР 60 ХҮНД ХООЛ ХИЙЖ ӨГДӨГ-
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Топ” тоосго компанийн хятад ажилчид 16 настай хүүгийн зүүн хөлний шилбэний ясыг чулуугаар бяц цохисон хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гарсан билээ. Хятадуудад зодуулсан хүүгийн биеийн байдал тааруу байна. Гэмтэл согог судлал, сэргээн засах клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ долоо хоногтоо багтаад хүнд хагалгаанд орох гэнэ. Гэхдээ эмч нарын хэлж буйгаар хөлөнд нь мэс засал хийгээд ч хүү хэл дээрээ явах магадлал маш бага гэх харамсалтай мэдээг дуулгасан юм. Бид хятадуудад шилбэнийхээ ясыг бяцлуулсан хүүгийн ээжтэй Гэмтэл согог судлал, сэргээн засах клиникийн эмнэлэг дээр очиж уулзлаа. Хүүгийн ээжийг Кульнаар гэдэг. Тэднийх Баян-Өлгий аймгаас нүүж ирсэн айл юм байна. Харин хүүг Казырбэк гэдэг. Энэ жил Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургуулийн есдүгээр ангийг төгсчээ. Хүүгийн ээж “Миний хүү эрэмдэг болчихоод л байж байна. Манайх гэр бүлээрээ “Топ” тоосгоны үйлдвэрт ажилладаг юм. Би тогооч хийдэг. Харин нөхөр, хүү хоёр тоосгон дээр ажиллаж байгаад ийм зүйл болчихлоо.
Одоо биеийнх нь байдал их хүнд байгаа. Эмч нар хагалгаанд оруулна гэж байна лээ. Сэтгэл санаагаар унаад их л хэцүү байна. Болсон явдлын талаар надад ярьсан, гэхдээ та нар өөрсдөө ороод асуучих” гээд биднийг дагуулаад тус эмнэлгийн зургадугаар тасагт орлоо.
ХЯТАДУУД БИДНИЙГ БООЛ ШИГ Л ҮЗДЭГ
Хүүгийн хөлийг сойгоод уячихжээ. Казырбэк хүү өнгөрсөн гуравдугаар сард 16 нас хүрчээ. Энэ жил сургуулийнхаа шилдэг хүүхдээр шалгарсан байна. Бас сургуулийн сагсан бөмбөг болон волейболын шигшээ багт тоглодог гэсэн. Хүү болсон явдлын талаар ийн ярьсан юм.
-Тухайн үед юу болсон юм бол. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Бид өглөө эрт ажилдаа гарсан юм. Хөлөө хугалуулдаг өдөр Жан гээд хятад эзний авгай нэг охиныг загнаад байсан. Тэр охин ажилд ороод удаагүй байсан юм. Бас жижиг трактор унаж, сайн дадлагашаагүй байсан юм. Тэр охин трактортой ухарч байгаад өрсөн тоосгоноос хэдэн ширхгийг нураачихсан юм билээ. Гэтэл хятад эзэд уурлаж, тэрүүгээр нэг дуу шуу болсон. Охин их даруухан. Нөгөө охиныг алгадаж аваад зодоод эхлэхээр нь тэнд байсан монгол хүмүүс өмөөрсөн. Тэгтэл хятадууд бөөгнөрчихөөд л биднийг хөөж, элдэв янзаар доромжилсон. Тэгэхээр нь эд нарт дандаа дээрэлхүүлдэг гээд “Даяар Монгол” хөдөлгөөний залуусыг дуудчихсан. Удалгүй таван залуу хүрээд ирсэн. Гэтэл нөгөө биднийг хөөж туугаад байсан хятад ажилчдын ихэнх нь урд байдаг нүх рүү зугтаасан юм. Тэгээд тэндээ нуугдчихсан байсан. Зарим хятад ажилчин үлдсэн байсан болохоор “Даяар Монгол” хөдөлгөөний ах нар харж үлдээд Мийгаа гээд нэг хүүхэдтэй намайг дагуулаад нэг ах нь зугтаасан хятадуудын араас нь явсан. Тэгтэл нөгөө хятадууд чинь нүхнээс орилолдоод л гараад ирсэн. Тэгээд “Даяар Монголын ахын толгой руу нь модоор цохиод босч ирэхээр нь өшиглөж унагаад л зодоод байсан. Тэгэхээр нь хамт явж байсан Мийгаа гэдэг хүүхэд нэг хятадыг нь барьж аваад дороо хийж унагаад, би нэгийг нь хорьсон юм. Тэгтэл Бон гээд хятад их том чулуугаар Мийгаагийн яг толгой руу шидэх гэж байхаар нь “Мийгаа холдоорой. Чулуу” гэж хашгирсан. Мийгаа ч тэр үед чулуунаас бултаж чадсан. Хэрэв тэр чулуунд оногдсон бол тархиа бяц цохиулаад, балрах байсан. Тэгээд би бас зугтаахаар эргэтэл Кан гэдэг хятад гараа зангаад чулуу бариад ирсэн. “Чамайг заавал ална даа” гээд хашгираад байсан. Тэгээд зугтааж явтал том чулуу хөл оноод л таг гээд л явчихсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн нүхнээс гаргаж байсан.
Мийгаагаа алуулахаас аварсан гэж бодогдоод л байгаа. Гэхдээ хөл дээрээ босч чадахгүй болчихвий гэж айж байна. Хятадууд ядуу буурай биднийг өмөөрөх хүн байхгүй гэж бодоод, нохойноос дор харьцаж байна шүү дээ, үнэн дээ. Тэд хүнийг огт хайрлахгүй, дандаа дээрэлхэж байгааг хүн бүр хэлдэг. Би зуныхаа амралтаар аав, ээждээ тусалдаг юм. Аав, ээж бид гурав өнгөрсөн жил цалингаараа байшин барьсан. Энэ жил би өөртөө нөүтбүүк авах гэж байсан юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэг ах нэг жилийн интернетийн үнэгүй эрх өгсөн юм.
-Тэнд байгаа хүүхдүүдийг зоддог гэсэн үнэн үү?
-Үнээн. Өшиглөж, алгадах энүүхэнд. Дандаа л хэл амаар доромжилж байдаг юм. Тэглээ гээд өмөөрөх хүн байхгүй. Ах нар өмөөрлөө гэхэд бүгд мод, чулуу бариад л хүрээд ирдэг болохоор хэн ч халдаж чадахгүй. Тэгээд ч тэд нартай муудлаа л бол ажилгүй болно. Өөр тоосгоны үйлдвэрт очих гэхээр дарга нар нь “Битгий аваарай” гээд захичихсан байдаг юм” гэв.
ХҮҮ МИНЬ ХҮНИЙ АМЬ АВРААД ОРОНД НЬ ХӨЛГҮЙ БОЛЛОО
Хүүгийн ээж Кульнаар “Бид ч хоногийг хоолоо гэж яваа болохоор юу ч хэлэхгүй тэсээд л ажиллаж байна. Хүү ухаан ороод л “Ээжээ би хөлгүй болчих юм бол яах юм бэ” гээд уйлаад байгаа гэв. Тэнд би гурван жил ажиллаж байна. Эхний хоёр жил бүх юм хангалуун цалин өндөр байсан. Гэтэл өнгөрсөн жилээс монгол хүмүүсийг боол мэт үзэх болсон. Тэнд насанд хүрээгүй хүүхдүүд олон ажилладаг. Бас сургууль завсардсан хүүхдүүд ч байгаа. Хүүхдүүд, эмэгтэйчүүдийг ажиллуулдаг юм. Өглөөнөөс үдэш болтол борви бохис хийлгүй тоосгон дээр ажиллаж байна. Ихэнх нь ар гэрээ авч явдаг хүүхэд, эмэгтэйчүүд. Бас энэ хавраас 60 гаруй ажилчинд 1.5 килограмм мах, нэг аяга тос, гурван килограмм гурилаар шөлтэй хоол хийлгүүлэх болсон. Би эздэд хүрэхгүй гэхээр “Битгий хуцаад байгаарай. Наадхаараа хийгээд өг. Эсвэл эндээс зайл” гээд л загнах болсон. Бидний хийсэн хоол хаанаа ч хүрэхгүй дуусчихдаг. Бас тэнд ажиллаж байгаа хүүхдүүдийг толгой өөд татахгүй загнаж, өшиглөөд, нүүр лүү нь алгадах болсон. Энэ бүхнийг тэсэхээ болиод л “Даяар Монгол”-ын залуусыг дуудсан. Гэвч хүү минь хүний амиар хөлөө сольчихлоо шүү дээ” гээд нулимсаа арчиж байв.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТООСГОНЫ ҮЙЛДВЭРТ 20 МЯНГАН ХЯТАД АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА
Налайх дүүрэгт тоосгоны 33 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрийн 30 нь хятад хүний эзэмшлийн үйлдвэр юм байна. Харин үлдсэн гурав нь Казахстан улсын иргэдийн үйлдвэр аж. Хятад эзэнтэй тоосгоны үйлдвэрүүд нутгийн иргэдийг өдөрт 3500-5000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг юм билээ. Гэхдээ тоосгоны үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, орон нутгаас ирсэн хөгшид, иргэд байдаг гэсэн. Бид 16 настай хүүгийн хөлийг бяц цохисон “Топ” тоосгоны үйлдвэрийг зорилоо. Налайх дүүргээс чанх урд зүг рүү арав гаруй километрийн цаана тоосгоны үйлдвэрүүд оршино. Зам гэж там болжээ. Тоосго ачсан хүнд даацын машинууд энд тэндгүй сүлжилдэн давхина. Бороо орж газар чийгтсэн учир машинууд хий эргүүлэн зогсох аж. Ингээд хэсэг явсны дараа гүвээн дээгүүр давангуут л доохно талд нь энд тэндгүй хар өнгийн гялгар цаасаар нэлэнхүйд нь бүтээсэн “Тоосгоны дүүрэг” гэмээр газар нүдэнд тусах аж. Уг газраас холгүйхэн тоосгонуудыг ирийтэл нь өрчихжээ. Тоосгоны үйлдвэрүүд хоорондоо ойрхон байх бөгөөд засан хүмүүжүүлэх газрын хашаа шиг өндөр бетонон хашаатай юм билээ. Мөн дээгүүр нь өргөст тор татаад хаалган дээрээ “Гадны хүн орохыг хориглоно” гээд монгол болон хятадаар бичжээ. Энд 20 мянган хятад ажилтан ажиллаж байгаа гэсэн судалгааг Налайх дүүргийн цагдаагаас гаргасан байдаг гэнэ. Ингээд “Топ” тоосгоны үйлдвэрийн гадаа яваад очлоо. Хашаан дотор цөөн хүмүүс бөхөлзөн тоосго зөөж байгаа харагдав.
Биднийг очихоос өмнөхөн тоосго шатаах пийшингээс шатаасан тоосго гаргажээ. Битүү уур савссан халуун тоосгыг монгол эмэгтэйчүүд болон хүүхдүүд чөлеө завгүй “пад пад” гэх жижиг оврын тракторын чиргүүл дээр ачиж байлаа. Гартаа хөвөнтэй бээлий өмссөн эмэгтэйчүүдийн хувцас тоосгоны шороонд нэлэнхүйдээ улаан болчихжээ. Тэднээс зарим нэг зүйлийг тодруулах гэсэн боловч “Хятад эзэн биднийг ирсэн хүмүүст хамаагүй юм яривал ажлаас халчихаад байгаа юм аа. Эртээр мэргэжлийн хяналтаас хяналтын байцаагч нар ирээд биднээс юм асуусан. Тэгэхээр нь муу муухай болгоныг яриад ажлаасаа халагдаад хэд хоног баларсан. Амьдрахын эрхээр л энд хятад хүмүүсийн боол шиг толгойгоо эргэтэл загнуулаад л сууж байна даа” гэлээ. Мөн “Өчигдөр бөөн юм болсон гээд цагдаа нар ирсэн. Боссууд алга байна. Цагдаа дээр байгаа гэсэн. Цагдаа нар ч тавиад явуулчих биз дээ. “Топ”-ын эзэд их мөнгөтэй. Хууль бус олон юмыг аргалаад гарч байсан юм чинь” гээд л ярьж гарлаа. Ийнхүү тус үйлдвэрийн ажилчид болох эмэгтэйчүүдтэй ярилцаж байх хооронд эгнүүлэн тавьсан гурван чиргүүл тоосгоор дүүрсэн юм. Тэгтэл 20-30 насны болов уу гэмээр гурван эмэгтэй “пад пад” асаагаад хүрээд ирдэг юм байна. Гурван талаас маш чадмаг гэгч нь ухарсаар чиргүүлээ чирээд шатаасан тоосго өрж байгаа зүг рүү явж одов. Нөгөө шатаагч зуухнаас тоосго ачиж байсан эмэгтэйчүүд “пад пад”-ын араас гүйлдэж очоод ачсан тоосгоо эргүүлээд тоосгон дээр өрж гарлаа. Нэг нь тоосгон дээр гарчихаад нөгөө нь доороос тоосгыг хоёр хоёроор шидэх бөгөөд гурав дахь нь үргэлжлүүлэн өрөх аж. Өдөрт 100 гаруй мянган тоосгыг ийнхүү зөөдөг байна. Ийм маягаар хүүхэд, эмэгтэйчүүд суганыхаа булчирхайг цочтол тоосго зөөж өдрийг өнгөрөөх юм. Өөрийгөө Батнасан гэж танилцуулсан 30 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй гурван настай хүүхдээ дагуулаад ирсэн байна лээ. Гэрт нь хүүг харах хүн байхгүй гэж байсан. Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд буюу тэндхийн ажилчдын хэлж буйгаар “Болжморууд” иржээ. Хүүхдүүд өдрийн гурван мянган төгрөгөөр ажиллаж байгаа гэсэн. “Шо фа” нэртэй үйлдвэр дотор таван хүүхэд ажиллаж байна лээ.
Тэд тэргэн дээр тоосго өрчихөөд тэрэгний морь шиг л хөлсөө дуслуулан зүтгэх. Гарынх нь хуруу нэлэнхүйдээ хагараад яр шархандаа баригдчихсан хүүхдүүдийн нүд хальтрим дүр төрх харагдаж байлаа. Хүүхдүүдийг зунжин ажиллуулдаг байна. Үүнд холбогдох газрууд хяналт тавихгүй, тавьсан ч нөгөө хужаа нар нь хөнгөхөн аргалаад өнгөрдөг байна. Хүүхэд өмөөрч, найзынхаа амь насыг аварсныхаа төлөө хөл дээрээ босч чадахгүйд хүрч буй Казырбэк хүүгийн хэрэг ч бас энэ байдлаар замхрах вий дээ, хууль хяналтынхан, Нийгмийг хамгаалахын сайд аа.
Э.ХҮРЭЛБААТАР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: