Цэрэгт яваагүй бүх нэр дэвшигчийн эрхийг хязгаарлая
Н.Энхбаярын эрхээрээ хатсан хүү Э.Батшугарыг өмгөөлж байгаа юм биш. Эр цэргийн алба хаагаагүй нэр дэвшигчдийн УИХ-д дэвших эрхийг адилхан хязгаарлая гэдэг саналыг манай www.mongolcomments.mn тавьж байна.
Аавын хүүг алагчилж үзэх нь муухай шүү дээ. Гадаад, дотоодын их, дээд сургуульд сурч байгаа нэрийдлээр цэргийн албанаас зугтах явдал Монгол эр хүн болгонд тохиолддог болчихоод байхад “Чи л цэргийн алба хаасангүй” хэмээн зөвхөн Н.Энхбаярын хүү рүү дайрах нь ичгэвтэр хэрэг.
Ер нь цэргийн алба хаах ажил чинь эрдэм, номын мөр хөөсөн, хэт боловсролтой эрчүүдэд байдаггүй ганц шалгуур болчихоод байгаа юм биш үү. Борогшуу амьдралтай, хоёр идэхгүй, хоосон хонодоггүй, хоёр ба түүнээс дээш хүүтэй жирийн айлын гүндүүгүй эрс л цэргийн албанд морддог болсон гэж бодож байна. Монгол эрчүүдийн цэрэгт явсаныг нь биш, цэрэгт яваагүйг нь тоолоход амархан болсон цаг. Сайн ярих юм бол МАН-ын дарга С.Батболдоос эхлээд цэргийн алба хааж үзээгүй эр энэ нэр дэвшигчид байтугай Монголоор дүүрэн байна.
Гэтэл ганц Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэдэг шалтгаанаар түдгэлзүүлж байгаа нь СЕХ хэт улстөржиж буй мэт харагдаж байна. Тэгтлээ улстөржмөөр байгаа бол Э.Батшугарыг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх зэрэг асуудлуудаар тойглох хэрэгтэй байсан юм. Мөнгөтэй, эрх мэдэлтэй айлын хүүхэд болгон л зодоон хийж, эр бяр, эд хөрөнгөндөө барддаг болохоор Э.Батшугараас энэ мэт алдааг хайсан бол олдох байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Магадгүй хайж, эрээд олдоогүй учраас л Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэдэг нийтлэг шалтгаанаар “барих” гэж оролдож буй биз ээ.
Тэгвэл СЕХ улстөрийн шантаажинд хэт баригдаж, онигоонд орохоо болиод эр цэргийн алба хаагаагүй нэр дэвшигч болгоны эрхийг адилхан түдгэлзүүлэх хэрэгтэй.
Эс тэгвээс сонгуулийн үр дүн сонгогчдод ямар нэг хэмжээгээр таалагдахгүй бол санал луйвардлаа, анхнаасаа улстөржсөн гэдэг шүүмжийг хүссэн, хүсээгүй сонсох болно.
Тэгэхээр боломжтой бол УИХ-д нэр дэвшиж буй аавын хөвгүүдийн алагчилж үзэлгүй адилхан хандаач ээ гэж холбогдох албаныханд хэлмээр байна.
http://mongolcomments.mn/
URL: