Хотын төв үү Хятадын хороолол уу

Баянгол дүүргийн засаг дарга, өдгөө УИХ-д МАН-аас нэр дэвшигч Л.Амгалан хатагтайн улс төрийн өнөөгийн карьер эхэлсэн цэгтэй нь харьцуулахад нэлээд өндөр авчээ. Анх Хэнтий аймагт зоотехникчээр ажлын гараагаа, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд ТҮЦ ажиллуулж бизнесийн гараагаа эхэлж байсан гэдэг. Засаг даргын сэнтий түүнд нэлээд зохисон төдийгүй ТҮЦ-ийн бизнес нь ТҮК-ийн бизнес болж хувирсан. Дүүргүүдийн  ТҮК-үүдтэй хогны гэрээ байгуулж багагүй мөнгө завшсан тухай хэл ам нэлээд гарсан. Бүр засаг даргын суудлыг луйвардаж авсан тухай ч хэвлэлээр шуугиж байв шүү.
Засаг дарга байхдаа хийсэн ажлаа тайлагнавал толгой эргэмээр тоо баримтаас авхуулаад учир нь олдохгүй баахан цаас үзүүлэх биз. Харин амьдрал дээр Баянгол дүүргийн  өнгө зүс ямар байгаа талаар цөөн хэдэн үг хэлэе. Баянгол дүүргийн 2-р хорооны иргэдийн гаргасан гомдол саналын дагуу манай сайт газар дээр нь очсон билээ. Тус 2-р хорооны барилгын 7-н байшин хэмээх газар бидний мэдэхээр “ТБД андууд”-ын орчим хотын төв хэсэг гэхэд арай л гомдмоор харагдаж байв. Хэдэн жилийн өмнөөс гражуудыг цэгцлэх ажил өрнөсөн нь зөвхөн “Амгалан хатагтайн улс”-д  хамаараагүй бололтой. Дээрээс нь ямар ч орчны тохижолт гэх юм алга. Нээрээ л “хэдэн өвгөд хөгшид улаан шороон дунд даалуу өрж суух нь өрөвдөлтэй” гэж манай сайтын сэтгэгдэл бичих хэсэгт бичиж үлдээсэн нь үнэн байв. Өнөө цагт хүний эрүүл мэнд амь насанд аюулгүй хүүхдийн тоглоом зөндөө гарсан. Харин Баянгол дүүргийн 2-р хорооны хүүхдүүд аль коммунист үеийн төмрийн үлдэгдэл дээр тоглодог байх нь. Тоглох ч гэж дээ харахад ч аюултай харагдах юм. Гэтэл хажууханд нь байх хувийн эмнэлэг хашаан дотроо зүлэг ногоо, мод сөөг тариад, саравч сүүдрэвч бариад гялайж гялтайж харагдана лээ. Улсын төсвөөс орчны тохижолт ногоон байгууламжаараа Улаанбаатар хотын урдаа барьдаг дүүрэг болно хэмээн хамгийн их төсөв мөнгийг хуваарилуулж авдаг атлаа хамгийн хоцрогдсон, хогондоо дарагдсан дүүрэг болгож хувиргав. Зүлэг тарихын оронд амарчлаад хиймэл зүлэг авчраад дэвсчихдэг нь хариуцлагаа ухамсарладаг төрийн албан хаагч биш юм аа гэхэд арчаатай эмэгтэйн хийх үйлдэл мөн үү. Ёстой нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр хотын эко орчныг сайжруул гэхээр хиймэлээр орлуулаад тавичихдаг хүнийг юу ч гэж ойлгомоор юм та минь. Уг нь манай улстөрчид “Гэрээ засаад төрөө зас“ гэдэг хэлцийг их л ашиглаж харагддаг. Харамсалтай нь Л.Амгалан хатагтай гэрээ битгий хэл өөрийгөө ч засаж чадахгүй УИХ-д нэр дэвшлээ. Хэрхэхийг Баянгол дүүргийн сонгогчид мэдэх биз ээ.

WORD.MN     Б.Инжир


URL:

Сэтгэгдэл бичих