Улаанбаатараа их санаж байна

Дуунд хүртэл мөнхөрсөн “Мишээсэн дагина шиг  миний Улаанбаатар” төрөлх хот  минь харь газарт амьдран суусан цагаас хойш үргэлж сэтгэлд дотно байж, үгүйлэн санагдаж байдаг.

Зарим нэг хүмүүс  Улаанбаатарыг хэн хамгийн сайн шүүмжилж чадах вэ?  гэсэн аян өрнүүлж, зөвхөн муу муухайг нь хайж эрцгээнэ. Уг нь бол дэлхийн том хотууд анх хөгжихдөө утаанаас тойроогүй, дэд бүтэц бусад зүйл нь ч асуудалтай тулгарч түгжрэлийг дайрч гарсан л байдаг. Манай муу Улаанбаатар ч бусдын дайрсан тэр зовлонг яг одоо туулж яваа нь үнэн.

Би яахав өндөр хөжгилтэй, нөгөө манай шүүмжлэгчдийн хэлдгээр бол сайхан хотод амьдардаг.  Нээрээ ч энд сайхан юм олон. Гэхдээ л эх орныг минь яаж гүйцэх вэ дээ. Хүний газар бол хүнийх л байдаг. Стресстсэн үедээ эсвэл нутгаа санасан үедээ хээр гараад хаашаа ч юмаа гүймээр санагдсан ч тийм тал нутаг байхгүй, хөндий дүүрэн хашгирч бүх зүйлээ гаргая гэсэн ч хаашаа л харна үргэлжилсэн хот. Тэхээр бусдад галзуу, солиотой мэт харагдах болохоор тэгж бас чадахгүй. Аягүй бол цагдаа магдаа гарч ирээд аваад явчих биз. Дуучин МУГЖ Жаргалсайханы дуунд гардагчлан “Харийн нутаг давчдаад л байна” гэдэг нь яг л биелэх мэт.

Харин манай хот бол есөн Богдын үе элээж 375 жил суурин суухад шигшигний унь шилгээх төдий газар хөдлөх айдасгүй нутаг сонгосон их хувь ерөөлтэй.  Манай эх оронд байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлт, цунами, галт уул, гал усны гашуун зовлон түгшээхгүй нь сайхан.Бид л цухалдаад байдаг болохоос санаа зовох юм юусан билээ.

Нээрээ миний амьдарч буй энэ хотод бүх зүйл байгаа, юм бүхэн сайхан харагддаг боловч нүдний үзүүрт  хонгилоор харх гүйлдэх нь жихүүдэс төрүүлж, эрхий хуруун чинээ жоом өрөө тасалгаанд ороод ирэх нь сэжиг төрүүлнэ. Ядаж байхад хурдан гүйж цохиод авахын завдалгүй аяга таваг, бусад зүйлээр дамжиж, хана, тааз гээд арилж өгнө. Түнтийчээд муухай юм чинь их хурдан. Үнэхээр сэжигийн. Би Улаанбаатартаа ийм зүйл харж байгаагүй болохоор бие арвалзаж, шар үс босч жинхэнэ зэвүүцэнэ шүү дээ.

За тэгээд хөгжил гүйцсэн, дэлхийн топ улсын нэг хэрнээ нийслэл хотод нь гуйлгачин байх нь их сонин. Энэ асуудлыг бас л шийдэж чадаагүй юм байхдаа гэж бодогдох. Том том метроны буудал дээр зузаан цаасан хайрцаг дэвсэж хөлийн доор унтаад өгөх. Хэдэн сар жилээр усанд ороогүй байдаг юмуу тэдний хөл тавхай биеийн ил гарсан хэсэгт зузаан саарал саарь харагдах.

За тэгээд газар хөдлөлт бол байнга болно. Өглөө унтаж байхад хүн хөжил татан сэрээх шиг болохоор нь харахад хэнч байхгүй, харин өрөө тасалгааны юм савлаж, шүүгээн дээр байгаа ном, сул тавьсан юмнууд ойчих нь элбэг. За тэгээд ноднин энэ улсад маш том газар хөдлөлт болсон. Байхгүй ээ, Атомын цахилгаан станц дэлбэрч бөөн асуудал. Одоо би үнэндээ ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэх юм алга. Бороо орохоор шүхэр бариад л гарахгүй бол нороод байвал толгойтой үснээсээ хурдан салах байх шүү.

Энд заримдаа хүмүүс нь хэт хөндий хүйтэн, бусдын асуудал бидэнд хамаагүй гэж харьцах нь сонин санагдана. Олны хөлийн газар, гудамж талбай, их дэлгүүрт зарим нэг сэтгэцийн юмтай гарууд  дайран орж, олон хүнийг хутгалж, алах тохиолдол хааяа гарна.

Бас гадны цагаач иргэд нь гэмт хэрэг хийх нь элбэг… Ер нь гадныхан бол гадныхан байдаг гэдгийг тэдгээр цагаачдаас харж болох. Мэдээж нутгийн хүмүүс энэ үед намайг яг гадныхан гэж хэлэхгүй ч дэргэд муусайн гадныхан манай улсад ирчихээд тэгээд, ингээд, хууль дүрэм барихгүй энэ тэр гээд ярих нь намайг хэлж байгаа юм шиг санагдана.

Одоо ч нутагт минь сайхан зун ирж байгаа даа. Улаанбаатар хотод маань их бүтээн байгуулалт үргэлжилж, хөгжил цэцэглэлтрүү тэмүүлж байгаа байх. Бид дэд бүтцийнхээ асуудлыг шийдчихвэл манайхны нөгөө бухимдаад байдаг жижиг асуудлууд арилж, илүү амар тайван, илүү сайхан амьдрах байхдаа.

”Улаанбаатарын үдэш намуухан намуухан” гэдэг шиг тийм сайхан намуухан орой гудамжаар алхсан шигээ… нэг сайхан романтиклах юмсан. Өсөж төрсөн төрөлх хот Улаанбаатараа яасан их санана вэ…


URL:

Сэтгэгдэл бичих