“ШОША” нэрт романаас түүсэн 99 сувд оршвой
1. Түүний үзэж байгаагаар Орчлон ертөнц гэдэг бол бүхэлдээ Бурхан, Бурхан гэдэг маань эргээд орчлон ертөнц юм байна. Хэрэв ертөнц гэдэг Бурхан юм бол Ареле би, миний шалбуур өмд, хилэн тоорцог, гал шаргал үс маань бас л Бурханы нэг хэсэг болох уу? /9/
2. Бурханы хүсэл зоргоор, түүнтэй адилхан бүтээгдсэн гэж хэлэхийн аргагүй өрөөл нэгэн зогсож байлаа. /14/
3. Уран зохиолын зорилго гэдэг урсан өнгөрч буй цаг хугацааг хэвлэн барлаж үлдээх гэдгийг би маш сайн ойлгож байсан ч миний өөрийн цаг хугацаа хуруун завсраар гоожоод өнгөрчихсөн байв. /17/
4. Тэдний сүсэг бишрэл миний хувьд бурхан оршин тогтнож байгаагийн цорын ганц баталгаа. /19/
5. Миний бүх сул дорой байдал хийгээд төөрөгдөл маань миний бүрмөсөн эрх чөлөөтэй байх гэсэн тэмүүллээс үүдэн гарах юм. Энэ хуурамч эрх чөлөө намайг боол болгон хувиргажээ. /21/
6. Гитлер ирвэл ороод нуугдчих боломжтой хөдөөгийн байшин дүрсэлсэн тийм л зураг ихэвчлэн худалдаж авна. /21/
7. Пессимизм бол уг нь эр хүний зан төрх байгаа юм шүү дээ. Би эр хүний зан чанартай, эр хүний чадварыг эзэмшсэн эмэгтэйчүүдийг, өөрөөр хэлбэл банзал өмссөн Моцарт, Эдисон нарыг төсөөлөх дуртай. Харин Шопенгауэр-эмэгтэй хүний дүр, миний ойлголтоос хэтийдсэн хүн л дээ. Харалган сохор оптимизм гэдэг бол бүх эмэгтэйчүүдийн нийтлэг чанар. /33/
8. Жүжгийн зохиол гэдэг чинь яг үнэндээ бол утга төгөлдөр уран зохиол биш шүү дээ. Хөгжим хөг авианаас бүтдэгтэй адил зохиолыг үгээр бий болгохдоо хоорондын уялдаа, цогц найралд гол амин сүнс нь явдаг. Хэрэв та тайзан дээрээс зүгээр л үг сугалан хэлж, эсвэл түүнийгээ уран яруу уншаад эхлэбэл энэ чинь гүйлгээний бараа болдог байхгүй юу. /34/
9. Өнөөдөр Еврейчүүдэд секс, Тора, хувьсгал гурав л хамгийн их таалагдана. Гэхдээ гурвуулаа хамт байвал шүү.
10. Мэдээж хүн болгон гедонист гэдэг нь ойлгомжтой. Өлгийд байхаасаа эхлээд авсанд орох хүртэлээ дан ганц өөрсдийн ая тухыг л боддог гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн сүсэгтэй еврей юу хүсдэг вэ? Нөгөө ертөнцөд эдлэх ая тухаа л бодож байгаа шүү дээ. Даяанчид ч гэсэн дээ. Сэтгэл санааны ая тух болон энэ төрлийн ямар нэг зүйл тэдний тэжээл болдог… …Спиноз хэлэхдээ бурханд бодол санаа болон ахуй гэсэн хоёр гол шинж байдаг гэжээ. Тэгвэл би Бурхан гэдэг бол бас л ая тух гэж хэлмээр байна. Хэрэв ая тух гэдэг гол шинж юм бол тэр хязгааргүй олон загвартай… …Тэр хүмүүс бидний боддогчлон тийм аугаа төгс биш, бидний тус дэмийг эрэлхийлж байдаг ч юм билүү. /34/
11. Спиноз хүн өөрөө өөрийгөө хайрлах хайр нь Бурхан хүнийг хайрлах хайртай тэнцэнэ гэж хэлсэн бий. Тэгээд ч хүслээ дагах нь бараг бидний үүрэг байдаг. Хэрэв үүн дээр тэр алдаа гаргаж байгаа бол бусад бүх зүйл алдаатай гэсэн үг. /35/
12. Тэр ганцхан авъяасаа ч биш өөрийнхөө бүтээлийн гол зорилгыг алдаж орхисон юм байх. /35/
13. Би одоо өндөр дээд эзнийг Түүний энэ олон нарны аймгууд болон бий болгосон өч төчнөөн хуулиуддаа төөрч будилж гүйцээд юу хүсч байгаагаа ч мэдэхээ болиод өөрөө өөрөөсөө хамаг юмаа нуучихсан өвчтэй элэнц эх шигээ санах болсон. Хөөрхий Бурхан маань өвдчихсөн юм шиг байна, энэ тоглоом биш. /35/
14. Бид дахиад онгон шүтээн тахьдаг эрин цаг руугаа буцаж очвол банк миний сүм болох байх шүү. /36/
15. Бид үнсэлдэнгээ хэрэлдэж, хэрэлдэнгээ үнсэлдэж байлаа. /40/
16. Уучлаарай, муужгайхан минь. Надад чамд өгөх юм даанч алга. Чамайг бүтээсэн тэр энэрэлгүй эзнээсээ гуй. /41/
17. Тэрээр Моисейг эхнэрээ үзэн ядагч хэмээн нэрлэж, энэ ертөнцөд бий болсон муу муухайгийн уршиг гагцхүү Бурхан эрэгтэй байгаагаас үүдэлтэй хэмээн үзжээ. /42/
18. Эрүүл байх нь илүү дээр гэж хэн хэлээд байгаа юм бэ? /51/
19. Хүнд яг үнэндээ юу хүсч байгаа, яах гэж байгаагаа ойлгон өөрийнхөөрөө байх боломж олгох хэрэгтэй. Энэрэнгүй үзэлтэн гэгдэж байгаа Мойсей, Ийсүс, Бхагавадгитын зохиогчид, Спиноз, Карл Маркс, Фрейд зэрэг хүмүүс бол юуны өмнө сэтгэл санааг боолчлогчид. Сэтгэл бол ямар ч дүрэм хуулинд захирагддаггүй тоглоом юм. Хэрэв Шопенгауэрын зөв бол, хэрэв юмс үнэхээр өөрөө өөртөө оршин байгаа нь сохор хүчин юм бол хүсдэг тэмүүлдэг биетэд яагаад ингэхийг нь зөвшөөрч болохгүй гэж. /51/
20. Зорилго заавал байх ёстой гэж хэн хэлээд байгаа юм бэ? хэрэв заавал байх ёстой бол тэр нь хаос ч байж болох шүү дээ. Та Каббалыг бага зэрэг сонирхож байсны хувьд Эйн Соф ертөнцийг бүтээхийн өмнөхөн гэрлээ унтрааж хоосныг бий болгосон. Тиймээс туурвил нь хоосны дунд болсон гэдгийг мэдэх байх. /51/
21. Хүний харах мэдрэмж тодорхой хязгаарт хүрээд гэмших мэдрэмжээр солигддог. /52/
22. Түүн шиг ийм л эгэл боргилхон хүмүүс тэнгэр, газар, бүх ертөнцтэй холбоотой гэсэн санааг бидэнд илгээдэг. Тэр Дора шиг дэлхийн амьдралыг сайжруулах гэж зүтгэхгүй, Селия шиг ертөнц дээр байгаа бүх зүйлийг туршиж, амсаж үзэх гэхгүй, бас Бетти шиг жүжгийн гол дүр нэхэн алдарших гэж явахгүй. Тэр ч бүү хэл Польшийн ард түмэн Текла шиг ганц бүсгүйг ертөнцөд төрүүлсэнээрээ эргэлзээнгүй ард түмэн байх үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа юм. /54/
23. Хүмүүс баярлана гэдэг бүтээгч Эзнээ баярлуулж буй хэрэг гэж… /63/
24. Бүх зүйлд өөрийн цаг хугацаа бий гэв. /68/
25. Эмэгтэйчүүл чухам хаврын урин агаарт гэссэн чогнуул аятай шуугилдаж, баяр жаргалтай нь аргагүй инээлдэн байж засмал хумстай гараараа таваг дээрээс тахианы хөл шүүрч байлаа. /82/
26. Нэгэнт бурхан тэгээд бүтээчихсэнээс хойш мах идэх чинь түүний хүсэл зорго. /83/
27. Савангийн хөөс тэнгисийн давалгааг эсэргүүцэж болдог юм уу? /84/
28. Нэг нүгэл нөгөөгөө дагуулдаг. /86/
29. Миний өгүүллэгийн баатрууд зөвхөн нэг л эмэгтэйд дурладаг. Харин би өөрөө бүхий л эм хүйстэнг тэмтэрч үзчих гээд байдаг. /87/
30. “Чамтай уулзсан тэр шөнөө түүнтэй унтсан,” гэх өөрийнхөө дуу хоолойг олж сонслоо. /98/
31. Үнэнээ хүлээх, түүгээрээ сайрхах нь надад бараг зуршил болон тогтжээ. /98/
32. Энэ ертөнц дэндүү баян. Байгальд юм бүхэн өөр өөрийн эзлэх байртай байдаг. Хэрэв таньд ухаангүйдэл хэрэгтэй бол үүнд ч буруу гэх зүйл байхгүй шүү дээ. /103/
33. -Харамсалтай нь амар амгаланг хүсэгч хүмүүс сул дорой байх юм даа. Хүч чадал ямагт муу санаатнуудын гарт байх юм. Хэрэв шударга сайн хүмүүс төрийн эрх авбал л нэг энх тайван тогтож магадгүй.
- Тэд хэзээ ч тэгэж зориглохгүй бөгөөд засгийн эрхийг ч мөн авч чадахгүй. Засаг, дорой байдал хоёр хэзээ ч эвлэрэн нэгдэшгүй зүйл. /104/
34. Сүм дуган нурсаны дараа Бурхан мэргэлэх рид хүчийг ухаангүйчүүдэд олгосон гэж Хемарт бичсэн байдаг юм. /112/
35. Амиа хорлохын тулд тийм их саадыг даван туулах хэрэгтэй болж байгаад зөвхөн хөхөөр инээж, өөрийгөө шоолох л үлдлээ. /119/
36. Цахилгаан сандалд суух ял авсан ялтан яагаад сүүлчийн гүнцэгтээ санаа тавьдаг юм бол, сонирхолтой биш гэж үү? /126/
37. Харваас амьдрал үхэл хоёр хоорондоо ямар ч холбоогүй юм байна шүү дээ. /126/
38. Гашуун үнэн гэвэл олон еврейчүүд цаашид еврей байхаа хүсэхгүй… /126/
39. Энэ өргөн уудам дэлхий дээр гуравдугаар зэрэглэлийн нэг жижигхэн зоогийн газар л түүнд гэр шиг дотно байдаг гээд бодохоор зугаатай ч юм шиг. /127/
40. Америкт хоёроос дээш жил амьдарсан хүн Америк болдог юм. /129/
41. Америк бол хүүхдүүдийн орон шүү дээ. /129/
42. Нэг сайхан өдөр хүмүүс үндэстэн, үндэстэн хоорондын харилцаа, шашин, шашингүйн үзэл, эв хамт, спиритуализм, материализм, тэр ч бүү хэл амиа хорлох хүртэл тоглоом юм гэдгийг ойлгох болно. /129/
43. Бид юунд ч итгэхгүй, маргааш нар мандах уу үгүй юу гэдэгт хүртэл итгэхээ байсан тэр цагаас хойш хүн төрлөхтөний хүчирхийлэл, тэр ч байтугай юмс үзэгдэл хүртэл тодорхой хэмжээний тоглоом л байхгүй юу. Бурхан – тоглогч, Сансар – түүний тоглоомын талбар. /130/
44. Ёс суртахууны үндэс гэдэг нь хүмүүс өөртөө сонгон авсан тоглоомоор тоглох эрх. Би таны тоглоомыг бусниулчихгүй, харин та минийхийг бүү бусниул, ийм л юм. Би бусдын Бурханыг доромжлохгүй, харин тэд минийхийг оролдохгүй. /130/
45. Бүх зүйл болох ёстой жамаараа болж байна гэж бодож байтал заавал ч үгүй санамсаргүй тохиолдол гарч ирдэг. Дэлхийн түүх тэр л санамсаргүй агшнуудаас бүрддэг юм шүү дээ. /132/
46. Еврейчүүд бид бусад ард түмнийг мөнхийн бурханаараа залхааж гүйцсэн тул тэд биднийг үзэн ядаж байна. /132/
47. Од од байж ханахаараа сүйрч мөхөөд ахин шинэ од болдог юм байх. /132/
48. Бие эрүүл байж ханахаараа өвдөж эхлэдэг. Харин амьдарч ханахаараа үхдэг. Үхэж ханахын цагт дахиад мэлхий ч юм уу салхин тээрэм болж хувирдаг байх л даа. /132/
49. Эртний Грекчүүд өөрсдийнхөө төөрөгдөлтэй зууралдаагүй, энэ нь тэдний агуу ололт байсан. Еврейчүүд бусад ард түмнийг онгод шүтдэгийнх нь төлөө буруутгаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ мөн л бүх нийтийн шударга чанар гэдэг онгон шүтээнийг мөн л тэдэнд тулгаж байна. /135/
50. Би өөрөө өөрийгөө бүтээсэн гэж үү? Хэн надад энэ их эрх мэдлийг өгөв? /136/
51. Мөнхийн амьдрал яг жинхэнээсээ сүйрэлтэй адилхан байж л байгаа. /136/
52. Хэрэв тэд өнгөрсөнөө мартчихдаг бол хэвээр оршин тогтнохоо болилоо гэсэн үг. Харин жижиг сажиг гэлтгүй бүгдийг нь санаж байгаа бол хөгжиж чадахгүй. /136/
53. Эрчүүд хэрэв бэлгийн сулралтай болохоосоо айдаггүйсэн бол өдрийн нэг биеэ үнэлэгч дуртай гэгч нь авах байсан биз. /140/
54. Хүн төрлөхтөний түүх бол ховсдолтын түүх юм шүү дээ. Миний гүнээ итгэж байгаагаар тахал, дэгдэж байгаа халдварт өвчин болгон олон нийтийг хамарсан ховсдолт. Сонинууд хотод хижиг өвчин гарсан тухай мэдээлэхэд хүмүүс хижгээр үхэж эхлэдэг. /142/
55. Амьсгалж байгаа хугацаандаа харанхуйд хэвтмээргүй байна. /146/
56. Авъяас гэвч алмаас эрдэнэтэй адил. Түүнийг засаж өнгөлөх хэрэгтэй байдаг юм шүү дээ. /147/
57. Хоёр хүүр бүжиглэхээр одов гэгчээр. /147/
58. Зохиолч ч гэсэн хүн юм болохоор хоол идэх хэрэгтэй биз дээ? Тэр ч бүү хэл Мойсей хооллодог байсан юм. /147/
59. Чиний хийж байгаа үйлдэл болгон чинь тэнгэрийн толинд тодорхой. /149/
60. Гэхдээ чи үй түмэн дутагдалтай шүү. /152/
61. Тэрэгний тав дахь дугуй болохыг хүсэхгүй байна. /153/
62. Уран зохиол бол зөвхөн үйл явдал, зан чанарыг л дүрслэн бичдэг, харин дараа нь түүнийгээ зөвтгөх шалтгаан хайдаг юм байна гэдгийг би эртнээс мэддэг болсон. Гаргаж ирж байгаа шалтгаан нь үнэн чиг, худал чиг байх шүү дээ. /158/
63. Бүхий л хувьсгалын явцад тиймэрхүү зүйл болдог шүү дээ. Шударга ёс, шашин, өөр бусад сайн сайхан зүйлсийн төлөө гээд цус асгаруулж эхлэбэл эцэст нь заавал харгислалд хүрдэг. /173/
64. Троцскийн цаг үргэлжийн хувьсгал ч байна уу, эсвэл дурын ямар ч хувьсгал эргээд одоо энэ Сталинчуудын хийж байгааг л хийнэ. /174/
65. Зөвхөн ёс суртахуун гэж ярих дуртай хүмүүс л энэ амьдрал дээр болдог үйл явдлуудыг харгис хэрцгий, бузар муухай хэмээн нэрлэцгээдэг. /175/
66. Байнгын хагалгаа гэж байж болдоггүйтэй адил байнгын хувьсгал гэж байдаггүй юм. /175/
67. Хамгийн гол тайтгарал нь үхэл байхгүйд байгаа юм даа. /185/
68. Хүн болгон өөрийнхөө хэмжээгээр бурханд үйлчилдэг шүү дээ гэж Мойше хэлэв. /187/
69. Харин бид цаасны эрин үед амьдарч байна. Чулуун эринээс багаж төхөөрөмж үлдсэн бол бидний эрин зуунаас юу ч үлдэхгүй. /194/
70. Тэд сараалжин тороо хүү татан зугатаахыг оролдоцгооно. Гэвч удам судрын сараалж бол яаж ч байсан урагдаж тасрахгүй шүү дээ. Сармагчингаас үүссэн бол сармагчингийн, загаснаас үүссэн бол загасны ямар нэг шинж хадгалагдсаар л байна гэсэн үг. /194/
71. Дора, чи ард түмэн ганцхан чинийх юм шиг ярих юм. Гэм зэмгүй хонин сүргийг цөөн тооны хэдэн гэмтэн эмгэнэлт ертөнц рүү хөөж яваа юм шиг. Гэтэл үнэн хэрэгтээ чиний яриад байгаа тэр олон түмний чинь ихэнх нь өөрсдөө алж, талж, хулгайлж, дээрэмдэж, Гитлер, Сталин, Муссолини нарын махчингуудын хийж байгаатай ав адилхан зүйл хийхэд бэлэн байдаг юм шүү дээ. /196/
72. Гашуун үнэнийг хэлэхэд ихэнхи залуу хүмүүс алж хороохын донтой байдаг. Тэдэнд зөвхөн шалтаг шалтгаан л хэрэгтэй. Нэг удаадаа шашны нэр барьж, дараачийн удаад нь фашизм, ардчиллыг хамгаалах нэр барьж аян дайнд мордоцгооно. Тэдний алж хороох хүсэл нь алагдчихаад хэвтэж байх айдсыг нь давж гардаг тул дайн болдог юм. /196/
73. Ганц удаа нэрсэн тамхи хүртэл Үнэн шударгын Дээд Шүүхийн дансанд алдалгүй орж байдаг. /200/
74. -Бурхан хаана байдаг вэ? Тэнгэрт үү?
-Тэр хаа сайгүй л байх ёстой. /212/
75. Энэ номын хуудсыг хэн ч буцаан эргүүлж болохгүй. Өнгөрч улирсан бүх зүйлс өөр өөрийн хуудсан дээрээ амьдарсаар л байгаа. /220/
76. Сэтгэл бөхөж алга болдоггүй. Биеэс гарч биед орших бөгөөд ийнхүү хэсэн явах нь бие түүнийг угтан найр тавьдагт байдаг юм. Сэтгэлтэй учрах нь биед хархүү лугаа учрах бүсгүй мэт тааламжтай байх бөлгөө. Санамсаргүй гэсэн ойлголт байдаггүй. Хүн болоод түүний хувь заяаг чиглүүлэгч хүчин үргэлж хувь тавилангийн зам хаашаа яаж эргэх вэ гэдэгтэй уялдан нөхцөлдөж байдаг. /221/
77. Америкт доллар болгон дээр гарын үсгээ зурдаг нэг Еврей хүн байдаг гэсэн, тэр үнэн үү? /223/
78. Хүн гэдэг чинь модтой адил зүйл шүү дээ. Үндсийг нь тайрч аваад өөр хөрсөнд суулгана гэдэг тун амаргүй. /227/
79. Гэтэл одоогийн хүмүүст чанга хөгжим, бүдүүлэг яриа, гуя хасаа ил гаргасан эмэгтэйчүүд, хэн мэдэх вэ өөр бас юу хэрэгтэйг, эргээд өөрт нь зовлон болох тийм л зүйлс хөөр хөгжил авчирдаг шиг байгаа юм. /229/
80. Үхэгсэд маш хүчирхэг, тэдэнд айх юм юу ч байхгүй гэсэн байдаг. /231/
81. Бүх амьд хүн зөвхөн үхэгсэдийн эдэлдэг амар амгалан, туйлын эрх чөлөөг олох гэж л тэмүүлдэг биз дээ. /231/
82. Үхэл надад олон зүйлийг шийдвэрлэх гарц, тэр бүү хэл хүрэх гэж тэмүүлдэг зорилго минь болж хувирсан. /231/
83. Үхэл ганц хутганы зангаагаар ч юм уу шийдвэрлэгдчихдэг тийм хялбар зүйл биш. Маш ач холбогдолтой эрхэм зүйл. Сайн дарсыг хадгалан байж алгуур шимж уудаг шиг түүнийг ариглах хэрэгтэй. Амиа хорлогч үхэлтэй хамт тэгээд бүрмөсөн дуусч байна гэж боддог байх. Гэтэл би түүнийг бага багаар хүртэнхэн сэтгэлийн таашаал эдлэмээр байна. /231/
84. Хүн болгон өөрийнхөөрөө ухаан самуурдаг. /235/
85. Амиа хорлох гэгч юу юм бэ? Энэ бол гедонист, өөрт заяасан хэр чадвараас илүү таашаал жаргалыг амьдралаас олж хүртэх гэж тэмүүлэгсэд,” гэж би нойрондоо бодов. /238/
86. Хэн ямар чадалтайг нь хэзээ ч мэдэх аргагүй гэдэг үнэн юм. Гэхдээ өөрийгөө золионд гаргаж байгаа бүхэн ариуссан гэгээнтнүүд байдаг юм биш. Хүмүүс Сталин, Птелюр, Махно нарын төлөө амь насаа өргөж л байдаг. Ямар ч зандалчны төлөө өөрийгөө золиослогч олддог. /240/
87. Заримдаа хүмүүс өөрийнхөө төлөө үхэх хэн нэгэн мангууг хайж насаа бардаг юм шиг санагдах юм. /240/
88. Чамайг тэд орхино гэж бусдыг орхиж бас хүлээж болдоггүй. /241/
89. Би анхны төрөлдөө эргэн очихын тулд үхэж байна. /241/
90. Хэрэв надад өөрийн дур зоргоор байхыг эрмэлзсэн өчүүхэн төдий хүсэл үлдсэн бол энэ өглөө би хүн гээч амьтан миний энэ бугуйн цагийн эд ангиуд шиг, мөн ширээн дээгүүр эргэлдэх ялаатай л адилхан эрх чөлөө эдэлдэг юм байна гэж бодов. /242/
91. Би ч гэсэн таньтай адил сүүлчийн мөч хүртэл өөрийнхөө дүрд тоглоход бэлэн байна. /243/
92. Харин би тэдэнд хариу болгон дотроо “Та нар үгийн сүлжээ бөглөж чадах боловч амьдралын нууцад хэзээ ч хүрэхгүй. Долоон өдөр, долоон шөнө Хелмийн ухаантнууд шиг духаа алгадан бодоод ч хариу олж чадахгүй,” хэмээн тавлан бодож байлаа. /246/
93. Бурханд итгэдэггүй. Гэхдээ хэн нэгний гар таныг хөтөлж яваа гэдэг бол үгүйсгэхийн аргагүй үнэн бодит зүйл юм шүү. /251/
94. Үнэн сүсэгтэй байна гэдэг бурханд үйлчлэх биш, тэгэхээс тэгэх гэж зориуд түүнийг хашраах явдал юм гэж Морис хэлдэгсэн. /256/
95. Гой нар Еврейчүүдийг Еврей хороо руу тууж очихгүй. Харин тэд дайн байлдаан өдөж, баатар эрсээ үхдэл болгон тулааны талбайд хаядаг амьдралаас уйдсандаа өөрсдөө тийшээ очих болно гэж Морис хэлдэг байв. /256/
96. Номлолын аравны нэгийг зөрчиж байгаа бол бүгдийг нь зөрчсөнтэй адил. /260/
97. Тэр зөрчигдөж байгаа аравны нэгийг чинь бурхан биш хүн бичсэн юм. Хэрэв чи хэн нэгэн хүнд гай тарихгүй байгаа бол хүссэнээрээ амьдарч болно гэсэн үг. /261/
98. Хэрэв хадан цохио сая живаа жил оршин тогтнодог юм бол хүний сэтгэл, эсвэл өөрөөр ч нэрлэе хамаагүй, хамгийн эрхэм тэр зүйл яагаад алга болох ёстой гэж? /261/
99. Зовлонгийн зөвтгөл гэж байхгүй шүү дээ. /262/
За энэ бол цэвэр Баярааг дуурайсан үйлдэл шүү. Угаасаа ном уншихаараа улаан эрээн болтол нь цоохорлоод уншчихдаг юм, би. Баярааг “Шүгдэн”-гээс түүсэн ишлэлүүдээ эгнүүлсэн байхыг хараад номын сангаасаа гарт таарсан нэг номоо аван өөрийн цоохорлож тэмдэглэсэн хэсгүүдийг түүгээд тавьчихав. Гарт таарсан тэр ном нь Д.Оюунчимэг эгчийн орчуулсан Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн “Шоша” роман байлаа. Бас л зохиогчийн биш юм гэхэд орчуулагчийн хөдөлмөрт халдсан хэрэг боловч энэ романыг унших хүсэл ганц ч болохнээ хүнд төрөв заа хэмээн найдав. Энэ хүсэл маань харин Баярааг дуурайгаагүй, хар зөнгөөрөө төрсөн юм шүү. /ккк/. Тэгээд сая харахнээ миний палийтал улаанаар зурсан ишлэлүүд ихэнхидээ бурхантай холбоотой байх юм. И.Зингерийн энэ ишлэлүүдийг магадгүй Баяраагийн тавьсан Г.Аюурзанын зохиолын ишлэлүүдтэй харьцуулаад уншвал хоёр өөр соёл, хоёр өөр шашны тухай ондоо иргэншил, итгэл үнэмшилтэй, ондоо цаг үеийн хоёр зохиолчийн үзэл бодол сүлэлдээд сонирхолтой байх ч юм билүү /гэж гэнэт бодов./ Тод хараар тэмдэглэсэн нь миний чиг онцгой таашаал гэхүү дээ.
Б.Баясгалан /http://bayasgalanb.blogspot.com/
URL: