Цагдаа нар хууль бус ангийн хэргийг сейфэндээ хийгээд ор тас мартчихдаг
-ТӨВ АЙМАГТ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР 69 БУГА БУУДУУЛЖЭЭ-
Ховордсон амьтдыг агнасан, эд эрхтнийг нь хууль бусаар наймаалж байгаа хэргийн араас цагдаа нар явах сонирхолгүй, яваад ч урамгүй байдаг ажээ. Араас нь яваад хэрэгтнийг илрүүллээ гэхэд өнөөх хэрэг нь прокурор, шүүхийн шатанд торгуулсан болоод замхардаг болохоор үр дүн байдаггүй гэдгийг энэ талын хэрэг мөрддөг цагдаагийн албан хаагчид онцолж байна лээ. “Ховор амьтан хөнөөчихсөн бололтой. Эд эрхтэн нь алга байна” гэх мэдээллийг хөдөө сумын иргэд цагдаа нарт мэдэгдлээ гэхэд хэргийн газарт очиж үзээд бүртгэчихээд л яваад өгдөг жишиг тогтсон гэдгийг олон эх сурвалж баталж буй. Төв аймгийн Аргалант, Алтанбулаг сумын нутаг дархан цаазат Хустайн нурууны цогцолбор газарт гарсан 40 гаруй бугын хэрэг илрэхгүй байгаа нь үүнтэй холбоотой юм билээ. Төв аймгийн цагдаагийн газрын албан хаагчид энэ хэрэг дээр хойрго хандаж, ажлаа хийгээгүй нь тодорхой байна. Энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч Хустайн нуруунд гарсан бугын хэрэг дээр хавтаст хэрэг нээгээд сейфэндээ хийгээд мартчихсан бололто.
Дээрх хэргийн араас нэхэл дагуул болох газар байхгүй болохоор хэдэн жилээр ч мартаж болно. Хэрэв Төв аймгийн цагдаа нар ажлаа хийсэн бол хэргийн газарт гэмт этгээдүүдийн үлдээсэн эд мөрийн баримтаар, гар хурууны хээгээр нь бариад авах боломж бүрэн байсан байгаа юм. Бугын хэрэг дээр Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хэрхэн ажиллаж байгаа талаар сурвалжлахаар тус газрыг зорив. Гэвч Төв аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Чулуунбаатар “Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хустайн нуруунд гарсан бугын хэрэг дээр Улсын мөрдөн байцаах газар болон Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нартай хамтарч ажлын хэсэг гарган шалгаж байна” гээд халгаасангүй.
ДАРХАН ЦААЗАТ БАТХААН УУЛАНД 39 БУГА АГНАСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Хоёр жилийн хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэрт ховордсон ан агнасан 11 хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс ес нь буга агнасан хэрэг. Хоёр нь аргаль, баавгай буудаж эд эрхтнийг нь авсан үйлдэл. Төв аймгийн нутаг дэвсгэрт хоёр жилийн хугацаанд 69 буга хяджээ. Үүний 49 бугыг агнасан гэмт этгээдүүд баригдсан юм билээ. 2010 оны нэгдүгээр сараас эхлэн Төв аймгийн сумдаар бэлчээрт явж байсан малыг буудаад газар дээр нь өвчиж, гэдсийг нь хаяад, бөгс, цээж болгон ачиж явдаг гэмт хэрэг удаа дараалан гарсан байдаг. Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дархан цаазат Батхаан уулнаас удаа дараагийн үйлдлээр 39 тооны буга калибр маркийн буугаар буудаж чив, сүүл, хээл, эврийг нь авсан хэрэг гарсан байна. Хэргийн мөрөөр шалгахад Налайх дүүргийн Хонхорт амьдардаг Ж.Мөнхбат, Р.Энхтөр, Д.Чинзориг, Б.Нэргүй, Г.Мягмар нарын 28 бүлэг этгээд уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэд бэлчээрт явж байхад нь буудсан мал болон бугаа ченж Д.Цэнд-Аюуш нарын найман ченжид өгдөг байсан юм билээ. Улмаар тэд цаашаа хятадуудад өндөр үнээр борлуулдаг байжээ. Шүүхийн шатанд дээрх хэрэг шийдэгдэж, Ж.Мөнхбат, Р.Энхтөр, Д.Чинзориг, Б.Нэргүй нарт гурваас таван жилийн ял өгчээ. Харин тэднээс худалдаж авсан ченжүүд торгуулсан болоод өнгөрсөн байгаа юм. Зарим нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан нэрээр шийтгэл авалгүй өнгөрчээ.
ХУУЛЬ БУС АНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ГЭРЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛБАЛ ОЛОН ХЭРЭГ ИЛЭРНЭ
Мөн Хустайн нуруунд гарсан хэрэг байгаа юм. Энэ талаар тус газрын хамгаалалтын албаны дарга Ш.Тогтохсүрэн “Хустайн нурууны цогцолбор газрын байцаагчид өнгөрсөн жил согоо буудсан хоёр иргэнийг барьж, Төв аймгийн цагдаад өгсөн байдаг. Тэднийг шүүх хурал болж Хустайн нурууны цогцолбор газрын байгаль хамгаалагч гэрчээр оролцсон юм. Гэтэл шүүгч нь хэрэгтнийг биш манай байгаль хамгаалагчийг яллах шахуу юм болж, “Чи байгаль хамгаалагч юм бол амьтнаа алуу-лахгүй хамгаалах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байна” хэмээн буруутгаж байгаа юм. Хэргийн холбогдогч сэтгэцийн өвчтэй болж, хэрэг хариуцах чадваргүй гээд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна лээ” гэв. Тэрбээр цааш нь “Тэр үед ах, дүү хоёул явсан. Хэргийн газарт тэр дор нь цагдаагийнхан очсон. Бид ч бичлэг хийсэн. Гэтэл тэд сүүлд нь “Бид согоо алаагүй, цагдаагийнхан шуудайтай мах машинд авчирч тавиад, биднийг алсан болгож, зодож хүчээр хийгээгүй хэрэг хүлээлгэсэн” гэх мэт худал зүйл ярьсан байсан. Хэрэгт холбогдсон нөхрийн дүү нь нэг дээд сургуулийн захирал юм байна лээ. Ахыг нь хэрэг хүлээх чадваргүй, дүүг нь согоо алаагүй, зүгээр л машин барьж явсан” гээд тэднийг ямар ч шийтгэлгүй гаргасан. Байгаль хамгаалагч үүргээ сайн биелүүлж, хэрэгтнийг илрүүлсэн. Тэгээд шүүх хуралд гэрчээр оролцсон. Гэтэл гэрчээ буруутгаж байгаа юм. Ийм байдлаас болж, хүмүүс гэрч болохоос ихээхэн зайлсхийдгийг нуух аргагүй. Хэрвээ гэрчийн эрхийг хамгаалдаг байсан бол хулгайн ангийн цөөнгүй хэрэг илрэх байсан. Ядаж л хулгайн ангийн эрхтэн зараад явж байгаа этгээдийн талаар иргэд айхгүйгээр цагдаад мэдэгддэг болно шүү дээ. Ер нь сэтгэцийн өвчтэй хүн галт зэвсэг хэрэглэх эрхгүй шүү дээ” гэлээ. Илэрсэн гурав дахь хэрэг нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан Сүхбаатар дүүргийн VII хороонд оршин суух Г.Ганчимэг гэх эмэгтэй, түүний нөхөр Н.Оюунбаатар нарын хэрэг. Тэд 14-64 УБИ улсын дугаартай “Лексус-470″ маркийн автомашиндаа баавгайн 52 ширхэг савар, бөхөнгийн эвэр 11, хүдрийн заар 15, согооны сүүл 124, бугын чив 60 ширхгийг тээвэрлэж яваад хоёр жилийн өмнө цагдаа нарт баригдаж байсан. Гэвч энэ хэрэг хэрхэн замхарсан талаар өмнөх дугаартаа дэлгэрэнгүй бичсэн билээ.
ЭД ЭРХТНИЙ НАЙМАА “ЦЭЦЭГЛЭХ” ШАЛТГААН НЬ ХУУЛИЙН ЗААЛТ
Ховордсон амьтдын эд эрхтний наймаа хүчээ авч байгаа шалтгаан нь Хуулийн заалтын дутуу дулимаг, хэтэрхий хөнгөн ял, шийтгэлтэйгээс болж байгааг албаныхан учирлаж байв. Зарим нэг хууль хяналтынхан ч үүнийг дэмжиж ажилладаг бололтой. Эрүүгийн хуулийн 155.1.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
155.2.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулах зорилгоор авсан буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж бий.
Энэ заалт түүхий эдийн ченж нарт олз болж, ховордсон амьтдын эд эрхтний наймаанд хэнээс ч айхгүйгээр ханцуй шамлан орох том шалтгаан нь болж байна. Баригдлаа гэхэд учрыг нь олж ядаад байх юмгүй. Ердөө л торгууль, эсвэл хэдхэн сар саатуулагдах шийтгэлтэй болохоор тэр.
Түүхий эд худалдан авдаг ченж нар хууль бус ангийн эд эрхтнийг анчдаас хямд үнээр худалдан авч, харийнханд тэр тусмаа хятадуудад үнэ хүргэн тушаадаг дамжуулагчид. Хэрэв ингэж байгаад баригдлаа гэхэд айх юм байхгүй. Сүлжээ хэрэг гээд цагдаа нар шалгаж байгаа нэртэй хавтаст хэргээ ширээндээ хадгалж байх зуур хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг гэнэ. Шүүхээс хэрэг нь таслагдлаа гэхэд торгуулах юм уу анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа гээд Өршөөлийн хуульд хамрагдаад суллагдаад явчихдаг гэсэн. Эсвэл гэнэт шалгаж байсан хэрэг нь хэрэгсэхгүй болох шаардлагатай болоод явчихдаг байна. Байдал ийм байхад цагдаагийнхан ч цаг заваа гарздаж, үүний араас нэхэл дагал болох шаардлагагүй байдаг бололтой. Энэ нь эргээд дэлхийд ховордсон, улаан номонд орсон амьтад руу буу шагайх, харийнхны бэлэн өгөөш болох замыг шулуутгаж байгаа хэрэг юм.
Э.ХҮРЭЛБААТАР
URL: