Энгийн монгол дээл энэ наадмын гоёо байх нь
Наадмын уур амьсгал ерөнхийдөө орчихсон гэдгийг оёдолчны газрууд илтгэж байна. Жижиг, том гэлтгүй оёдлын цехүүд, хувь оёдолчид бүгд наадмын дээлний захиалгад дарагджээ.
Монголчуудын хувьд зуны гоёлын хувцаст наадмын дээл зүй ёсоор тооцогддог. Өнөө зун ямар өнгө загвартай дээл моод болоод байгаа талаар “Монгол костюмс” төвийн дизайнер Н.Сумьяабазараас тодрууллаа.
-Танай төв жил жилийн наадмын гоёлын загварыг тодорхойлдог болоод удаж байна. Энэ зуны наадмын гоёлд ямар загварын дээл зонхилж байгааг манай уншигчдад сонирхуулахгүй?
-Хүмүүс энэ жил үндэснийхээ загвар хийцийг түлхүү барьж байгаа. Өөрөөр хэлбэл, түрүү жил мөөрөлжин энгэртэй, нарийн ханцуйтай дээл зонхилж байсан бол энэ удаа манжийн үеэс орж ирсэн гэгдэх захтай монгол дээл зонхилж байна. Харин материалын хувьд нэлээд өөрчлөлт орсон. Ерөнхийдөө хятад торго халаагаа өгч вьетнам торго, сариг сонгож байна. Халуунд өмсөхөд биед хөнгөн гэдэг утгаараа ийм материалыг илүүд үздэг болчихсон.
-Өнгөний тухайд?
-Зуны гоёл гэдэг утгаараа тод өнгө илүү сонгож байна. Вьетнам торгоны хувьд хээ нь зуны шинж чанарыг тодотгож дэгжин харагдуулдаг. Сари ч ялгаагүй өнгөний хувьд өргөн сонголттой, завсрын өнгө их байдаг. Манай материалууд өнгө давтагдаад байдаггүй. Ерөнхийдөө өнөө жил хул шар буюу оранж өнгө моодонд орж байгаа ч бид энэ л зөвхөн жилийн өнгө гэж явцуурахгүй захиалагчдадаа зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Тухайлбал, тухайн хүнийхээ арьс, үс, нүдний өнгийг харж байгаад тэр хүнд ямархуу өнгө зохих уу, бас бие галбир нь ямар байна түүнд нь зохицуулж сонгож өгдөг. Үндэсний баяр гэдэг утгаараа үндсэн өнгүүдийг ч нэлээд сонгож байна.
-Вьетнам торгоор эрэгтэйчүүд дээл хийх үү. Эрчүүдийн хувьд ямар материал сонговол моодноос хоцрохгүй байх вэ?
-Эрчүүд энэтхэг түүхий торгыг илүүтэй сонгож байгаа. Энэ нь цулгай хээгүй материалтай, өнгөний өргөн сонголттойн дээр зарим торго нь хамелеон маягийн солигддог өнгөтэй байгаа. Мөн гэр бүлийн хосууд даавуун дээлээр ижилсэх сонирхолтой болсон байна. Дээлний загвар энгийн болсон учраас бид эмжээрт нь нэлээд өөрчлөлт оруулж өгсөн. Дундаа өргөн, хоёр захаараа нарийн хавчуургатай эмжиж өгч байгаа нь энэ зуны дээлний нэг шийдэл.
-Дуучин Д.Болдын дэлгэрүүлсэн гэх загварын дээлийг эрчүүд нэлээд сонирхоод байгаа юм биш үү?
-Тийм загварын дээлийг эрчүүд нэг хэсэг их сонирхсон. Өнгөрсөн цагаан сарын үеэр хүчээ авсан гэхэд болно. Одоо орж ирж байгаа захиалгууд бол дээр хэлсэнчлэн илүү дутуу юмгүй уламжлалт захтай монгол дээл зонхилж байна. Ийм дээлний эсгүүр үргэлжээрээ шууд эсгэгддэг учраас хуниас нугалаа үүсдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн бие галбирыг тодотгож чадахгүй жаахан дутагдал бий. Тиймээс манайх европ эсгүүрээр мөрөнд танаас хийж урлаж байна. Энэ нь бүсгүйчүүдийн маань биеийн галбирыг илүү тодотгож дэгжин харагдуулдаг.
-Загвар материалаасаа шалтгаалаад танай дээл нэлээд өртөг өндөртэй гардаг шиг байгаа юм. Нэг дээлийг ямар үнээр оёдог вэ?
-Оёдол загвар, материал гээд бүх зүйл үнийн дүнд багтдаг. Эмэгтэй дээл 250-350 мянган төгрөг, эрэгтэй нь 300-450 мянган төгрөгийн хооронд үнэлэгддэг. Вьетнам торго өөрөө үнэтэй учраас ийм материалаар хийсэн дээл илүү үнэтэй болчихдог.
-Сая нэг хэсэг “Хонхны баяр”-ын захиалгад дарагдсан байх. Хонхны баярын гэхээсээ илүүтэй залуучуудын загвар энэ үеэр гарч ирдэг гэж ойлгодог?
-Тэгж ойлгоход болно. Үндэсний хувцас жаахан овор нэмдэг талтай учраас сүүлийн үед хонхны баяраа хийж байгаа залуус үндэсний хувцас шиг харагдахаар хөнгөн нимгэн хувцас хийж өгөөч гэж хүсдэг болсон. Залуучуудын энэ сонирхол дээр тулгуурлан манай төв европ хувцас, костюм дээр өмсөхөөр зариулагдсан брэнд загвар гаргасан. Энэ бол манай нэрийн бүтээгдэхүүн. Үндсэрхэг маягтай харагдахын зэрэгцээ загварлаг, залууст тохирсон хөнгөн хувцас гэдгээрээ нэлээд таашаагдаад байгаа. Бас залуучууд сүүлийн үед монгол цамц их өмсдөг болсон.
Д.ЦОЛМОН
URL: