Албан тушаалд шунасан “синдром”-ууд
Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд амь ордог бичигдээгүй хууль манай улсын улс төрд үйлчилдэг. Хөндлөнгийн ажиглагчид тэдний энэ үйлдлийг хаврын синдром гэж нэрлэдэг нь сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг биш. Яг одоо хаврын синдром нь эхэлж, олны анхаарлыг татаж байгаа улс төрийн хүчин бол Монголын ногоон намынхан. Өнгөрсөн хугацаанд намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбатаас өөр хүнгүй юм шиг нам жим байсан улс төрийн хүчний гишүүд гэнэт “амь орж”, санал ширээгээ булаацалдаж эхэлсэн.
Эрх мэдэл, албан тушаалд шунасан тэд юуны өмнө эхлээд намын даргаа зайлуулах хор найруулж, өөрсдийнхөө хэмжээнд “жүжиг” тоглоод амжсан. Өөрөөр хэлбэл, Ногоон намын Ёс зүйн хорооны дарга М.Чинзориг гэгч намын дарга Д.Энхбат, намын гадаад харилцаа эрхэлсэн дарга Э.Зоригт нарыг намаас хассан байна. Мэдээж, нам удирдагчгүй байж болохгүй, тиймээс өнгөрсөн бямба гарагт О.Бум-Ялагч, н.Басандорж нар намын Онц их хурал гээчийг зарлан хуралдуулж, өөрсдийгөө намын даргаар томилсон нь хэн нэгний хатгаас байв уу, эсвэл намын даргын суудал сонгууль дөхөх тусам үнэтэй байдаг болохоор тэр үү… Төрийн цагдаагаар хамгаалуулан байж хуралдсан тэд намын даргаа урих нь битгий хэл, босго давуулахгүй байх арга хэмжээ авсан нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Ёс зүйн дэд хороо нь ганцхан гишүүнтэй хуралдсан, хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэнэ.
Ногоон намынхан хөнжилдөө хөлөө жийлцэх болсон нь Иргэний зориг намтай нэгдэх болсноос үүдэлтэй гэж байгаа. Гэхдээ Ногоон нам Иргэний зориг намтай нэгдэх болсон нь гэнэт шийдсэн асуудал ч биш. Шинэ содон мэдээ ч биш. Өнгөрсөн хугацаанд хангалттай яригдаж, харин яг хэзээ нэгдэх вэ гэдгээ л хүлээж байсан. Нөгөөтэйгүүр, хоёр нам нэгдэх тухай асуудлыг Д.Энхбат, С.Оюун хоёр дур мэдэн шийдээгүй байх. Тэгэхээр хоёр нам нэгдэхийг эсэргүүцээд байгаа эрхмүүд энэ мэдээллийн хаагуур нь явж байсан юм бол.
Ногоон намынхантай дөрөө харшуулж, бас л синдром нь хөдөлсөн яваа хүмүүс бол МАХН-ынхан. МАХН-ыг МАН болоход “өрх тусгаарласан” хэсэг бүлэг хүн намынхаа “хувьсгалт” гэсэн үгэнд хайртай гээд бууриа сахиж үлдсэн. Эзс Ерөнхийлөгч Н.Энхбаяраар удирдуулсан тэд намынхаа нэрийг бүтнээр нь авч үлдэхийн тулд МАН-тай сөргөлдөж, элдвийн арга чарга гаргаж байгаа. Ард түмэн нь ядуу, ажилгүй, төр нь авлигад идэгдсэн, хүний эрх гээгч “юм” хөсөр хаягдсаныг гэнэт ухаарсан Энхбаярын фракцийнхан нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь синдром биш гэж үү. Төрийн өндөр албан тушаалыг гүйцээсэн энэ эрхэм “тэнгэрийн амьтан” байхдаа ард түмнийхээ ядарсан амьдралыг дээрээс ч гэсэн харж байсан бол ингэж “тэнэгтэхгүй” байсан биз. Харин одоо эрх мэдэл, албан тушаалгүй болж, ялзарсан төр, ядарсан иргэдийнхээ төлөө санаа тавьж эхэлсэн нь ирэх 2012 оны сонгуулийн “бие халаалт” гэдэгт эргэлзэх зүйл алга. Улстөрчид өө гэж, эрх мэдэл, албан тушаалын төлөө хэнийг ч, юуг ч золиосолж чадах хүмүүс шүү.
Г.Нар
URL: