Харгис, алуурчин ээжүүд яагаад олдохгүй байна вэ?
Сүүлийн жилүүдэд нярай хүүхдийн цогцос олдох нь нэмэгдэх боллоо. Өнгөрөгч онд бидэнд мэдэгдсэнээр арваад хэрэг гарсан юм.
2011 онд гарсан хэргүүдийг эргэн санахад, 2011 оны есдүгээр сард Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрийн “Хангай” зочид буудлын өрөөнөөс 2-3 сартай хүүхдийн цогцос олдсон. Хэргийн газарт хийсэн анхны үзлэгээр талийгаач нярай амьсгал хураагаад 2-3 хоносон байх магадлалтай гэж үзсэн юм.
Мөн тус дүүргийн VII хорооны 25 дугаар байрны хоёрдугаар орцноос 7-8 cap тээсэн нярайн цогцсыг хогийн саванд хаясан байсныг олжээ.
Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос хүүхдийн цогцос олдсон. Цогцсыг уутанд хийлтүй, шууд хаясан байлаа. Харин Туулын бургаснаас 53 см урттай, 3.2 кг жинтэй нярайн цогцос олдсон. Хэргийг шалгахад осгосон нярайн аманд малгайг нь чихсэн, төрөөд 2-3 хоносон эрэгтэй хүүхэд байсан нь тогтоогдсон.
Мөн Баянзүрх дүүргийн XXIII хорооноос 27 см урттай, 900 гр жинтэй 16-18 долоо хоногтой, эмэгтэй нярай хөлдөж, амиа алдсаныг олж байсан юм.
Харин 2012 оны хоёрдугаар сард Сонгинохайрхан дүүргийн жалганд дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос хаясан байжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, 18 дугаар гудамжны жалганаас хүй нь ч цөглөөгүй нярайн цогцос олдсон байна. Нярайг улаан даавуунд ороогоод хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олж, холбогдох хүмүүсийг нь эрэн сурвалжилж байгаа юм.
Энэ мэтчилэн хэргүүд нэлээд гарах боллоо. Өнгөрөгч онд зургаан нярайн цогцос олдсон. Харин дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд олдоогүй. Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа тоо баримт. Үүний цаана мэдэгдэхгүй хэчнээн хүүхдийг хаяж байгааг таах аргагүй юм.
Гэмт этгээдүүд болох тэдний ээжүүд өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа нь хачирхалтай. Хаягдсан нярайн цогцсуудыг шинжлэхэд эсэн мэнд бойжиж байсан байгаа юм. Хамгийн бага нь гэхэд 900 гр жинтэй байсан. Тээж төрүүлсэн үрээ хүйтэн шал, хогийн сав, жалга, жорлон, буудлын өрөө, Туулын бургасанд хаяад явсан харгис алуурчин ээжүүд яагаад олдохгүй байна.
Э.Энхцолмон
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: