Г.БАТХҮҮ, М.ЗОРИГТ, Д.ЗОРИГТ НАР СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ?

Шинэ гарсан сонгуулийн хуультай холбоотойгоор “тархи угаагч пиарчдын арми” нам гүмхэн байна.

Бэлэн бөнгө, элдэв сурталчилгааны хэм хэмжээ, хугацааг яг таг зааж, улмаар зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан байгаа. Мөн төрийн албанд харьяатай бүхнийг дайчлан ашиглахыг бүх талаар хориглосон. Тийм ч учраас сонгууль гэхээр хамаг ажлаа хаян алба юм шиг давхидаг дарга нар ичээнд орсон. Гэхдээ л намын шахаастай нөхдүүдийг цаанаас нь хатгаж байгаа нь тодорхой. Юутай ч “тархи угаах”-аас өгсүүлээд олон нарийн ширийн зүйлийг хуульчилж өгснөөрөө өмнөхөөсөө огт өөр сонгууль болно. Сонгогчдын саналыг автомат машинаар тоолно, тойрогт нэр дэвшигчдээс гадна намд санал өгнө гээд олон шинэ зүйл бий. Цөөхөн монголчууд бид бие биенээ хараан зүхэж бус шударгаар өрсөлдөн төрөө түших эрхэмээ зөв сонгож чадах эсэхээс Монголын цаашдын хувь заяа ихээхэн шалтгаална.

Энэхүү сонголтыг хийх эрх ард олонд зөвхөн 4 жилд нэг удаа л олддог. Нэг удаа хийсэн сонголтоороо 4 жил засгийн эрх барина гэсэн үг. Харин цөөнх нь хүчтэй сөрөг хүчин болох учиртай. Тэрнээс биш сонгуульд ялагдахаар амьдрал тэр чигээрээ дуусч байгаа юм шиг ойлгож болохгүй. Ер нь цаашдаа Монгол улс намын гишүүнчлэлгүй орон болно гэдэгт би хувьдаа итгэлтэй явдаг. Ингээд олныг үл нуршин сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй зарим нэр дэвшигчдийн фактыг уншигчдад хүргэе. Уншигчид өөрсдийнхөөрөө тунгаана биз ээ.

1.Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч

М.Зоригттой холбоотой мэдээлэл

Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч М.Зоригт аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг сумдад ажиллаж, тайлангаа тавихад нь хамт явж “сэргэлэнтжээ”. Хошин шогийн тоглолт үзүүлж, “Монгол Улсын төрийн дээд одон медальд нэр дэвшигчийг тодорхойлох журам”-ыг зөрчин 30 гаруй хүнд төрийн дээд шагналуудыг олгожээ. Эдгээр хүмүүс дотор нийгэмд хөдөлмөр эрхэлж үзээгүй хүмүүс ч байсан гэнэ. Ингэж явахдаа М.Зоригт сурталчилгаагаа овоо хийгээд авсан юм байх. Хийлгүй ч яах вэ дээ, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүн чинь. Харин сонгуулийн хууль зөрчсөн асуудалд нэр холбогдож болзошгүй болоод байна. Мөн Баруун-Урт хотын төвд болсон хөдөлмөрчдийн уулзалтад оролцон 5000 төгрөгийн билетийг иргэдэд үнэгүй тарааж, МУГЖ Батсүх, Далантай нарын тоглолтыг үзүүүлжээ. Ингэснээрээ овсгоотой, сэргэлэн нэр дэвшигч маань Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.15.1-т “сонгуулийн жил эхэлснээс хойш сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах” заалтыг зөрчсөн асуудалд “унаж” мэдэхээр болоод байна.

2.Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч

Г.Батхүү, Д.Зоригт нартай холбоотой мэдээлэл

Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар нь өөрсдийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа болон Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19 суманд 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 560 иргэнд мөнгө тараасан байна. Энэ нь нийтдээ 168.000.000 орчим төгрөг болно хэмээх мэдээллийг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар олон түмэнд тараасан. Хэдийгээр Ардчилсан намын гишүүн голдуу хүмүүст тараасан боловч /өөр намын харьяалалтай иргэдэд ч тараасан/, хөлсөөр ажиллах гэрээ маягтайгаар өнгөлөн далдалсан ч гэлээ энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчлах зорилготой, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бусад тоооцогддог тул мөнгө тараасан энэхүү явдлыг ямар нэг эрх зүйн ач холбогдол бүхий, хуульд нийцсэн үйл ажиллагаа маягаар тайлбарлах ямар ч боломжгүй гэж тэр үзэж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,15 дахь заалтыг тус тус үндэслэн    нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасуулах,
тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.18-д зааснаар эрүүгийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж буй.

3.Сэлэнгэ аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч

С.Баярцогттой холбоотой мэдээлэл

УИХ-ын гишүүн С.Баярцогт хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан. Ажлаа дүгнүүлэлгүй засгаас гараад явчихсан болохоор сайн, муу ажилласан гэж хэлэхэд хэцүү. Уул уурхайгаас Монголд орж ирэх мөнгөнөөс илүү гадны миссүүдэд анхаарлаа хандуулдаг С.Баярцогт сайдад ард түмэн сонгуулиар дүн тавих биз ээ. Юутай ч энэ улсын мөнгөний авдарны түлхүүрийг бараг 4 жил шахуу барьсан эрхэм сайд маань засгийн ажлаа өгчихөөд сонгогчидтойгоо ёстой нэг тулж ажиллаж байгаа бололтой. Айл болгоноор шахуу орж алтадсан баян Намсрай бурхан тарааж аргагүй л нэг юмны эзэн сумны занги шиг загнажээ. “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт” гэсэн бичигтэй түүний тараасан баян Намсрай бурхан 1 ширхэг нь 150 мянган төгрөгийн өртөгөөр бүтсэн аж. Энэхүү бурханыг Сэлэнгэ аймгийн 30 мянга орчим сонгогчдод тараагдсан гэж үзэхэд доод тал нь 450 сая төгрөг болно.

Сангийн сайд ард иргэддээ аз хийморь сайн сайханыг бэлгэдэж баян Намсрай бурхан тарааж болох ч энэ нь Сонгуулийн тухай хуулийн 37.15.1, 18.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөн асуудлаар мөн л хэл ам татлаад байгаа.

Дашрамд сонирхуулахад Сангийн сайдын сонгогчиддоо тараасан уг бурхны өртгөөр 200 хүүхдийн тоглоомын парк 4-ийг, 17 тоглоомын талбай, 120 хүүхдийн ортой бичил цэцэрлэг 2-ийг барьж байгуулж болох ажээ.

Х.Ханбаатар


URL:

Сэтгэгдэл бичих