Парламентийн танхим руу сэтгүүлчдийн “арми” айсуй
Усан луу жилийн сонгууль маш олон нэр дэвшигчтэйгээрээ өмнөх жилүүдээс ялгарч байна. Намууд хүний нөөцөө шавхаж, ар “халаасаа” ухав. Аль ч намаас улс төрчидтэй ойрхон ажилладаг сэтгүүлчид энэ жил олноороо нэр дэвшиж байна. УИХ-ын сонгуульд хорь гаруй сэтгүүлч, сэтгүүл зүйн тогоонд чанагдсан хүмүүс өрсөлдөхөөр зэхэж буй бөгөөд үүн дээр НИТХ-ын нэр дэвшигчдийг нэмбэл тоймгүй олон тоо гарах нь. Ерөнхийлөгч нь сэтгүүлч мэргэжилтэй манай улсын хувьд улс төрийн салбарт хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүмүүсээс гадна сэтгүүлчид нь манлайлсаар ирсэн билээ. Ингээд 2012 оны шинэ парламент руу бөөнөөрөө зүтгэж байгаа сэтгүүлчдийн “арми”-д хэн хэн багтсаныг 24tsag.mn хүргэж байна.
Ж.Мөнхбат- Архангай аймагт “залуу хүн” гэсэн имижээр оролцож байгаа “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат бол энэ нутгийн унаган хүү. Тэрбээр МУИС-ыг улс төр судлаач мэргэжлээр төгссөн ч уран зохиол, сэтгүүл зүйн салбарт илүү танигдсан юм. Ж.Мөнхбат 2011 оноос хойш МАН-ын хэвлэл болох “Монголын Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байгаа. Харин одоо бол намын дарга нараа дагаад сонгуулийн сурталчилгаагаа эхлэхэээр ажлаасаа түр хөндийрөөд байна. Гэхдээ тэрбээр МАН-ын хувьд “хуучин бууны хугархай”-д тооцогдох бөгөөд МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны дэд тэргүүн, намын Бага хурлын гишүүн юм. Хамгийн сүүлд МАН-ын 90 жилийн түүхийг харуулсан “Долоон бурхан харвадаггүй” киноны зохиолыг бичиж намын дарга нараасаа гайгүй оноо авч чадсанаар Архангай аймгаас нэр дэвшихээр болоод байна.
Л.Энх-Амгалан – Хөвсгөл аймагт нар дэвшиж байгаа “MCS”-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан бол сэтгүүлч, эдийн засагч мэргэжилтэй хүн. Тэрбээр ажлын гараагаа “Ил товчоо” сониноос эхэлсэн бөгөөд орлогч эрхлэгчийн ажил хийж байжээ. Харин АНУ-ын Дакотагийн Их сургуульд суралцаад ирснээсээ хойш бизенсийн салбарт хүч үзэх болсон байна. Шүлэг бичих сонирхолтой түүнийг АНУ явснаасаа хойш сэтгэлгээ, амьдралыг үзэх үзэл нь эрс өөрчлөгдсөн гэж найз нөхөд нь ярьдаг аж.
Ө.Энхтүвшин – МАН-ын намын жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Ө.Энхтүвшин мөн л сэтгүүл зүйн салбарын хүн. Тэрбээр “Ардын эрх” сонины улс төрийн тоймч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргын ажил хийж байжээ. Мөн МАН-ын хэвлэл “Үнэн” сонины эрхлэгч байсныг нь хүмүүс мартаж эхлээд байгаа бололтой.
Д.Сарангэрэл- Сэтгүүлчдийн дундаас хамгийн их шүүмжлүүлэн байж сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бол “ТВ5”-ын гэх Д.Сарангэрэл. Д.Сарангэрэл ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг төгссөн сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэй билээ. Тэрбээр “МОНЦАМЭ” агентлагийн гэрэл зургийн газарт фотолаборант, Монголын Үндэсний телевизэд сурвалжлагчаас ерөнхий редактор хүртэл дэвшсэн байна. Мөн “ММ” агентлагийн захиралаар ажиллаж байгаад өөрийн гэсэн хувийн телевизтэй болсон нь “ТВ5” юм. Одоо “ТВ5” телевизийн зөвлөх гэсэн статустай явдаг ч телевизийнхээ эзэн хэвээрээ байгаа. Д.Сарангэрэл бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч байсан сэтгүүл зүйн халуун тогооны хүн.
Г.Мөнхцэцэг –“Болор цом”-ын эзэн, Монголын гарын хуруунд тоологдох сайн яруу найрагч бүсгүйчүүдийн нэг Г.Мөнхцэцэг энэ жил МАН-ын намын жагсаалтйн 23-т бичигдсэн байна. Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр зүгээр нэг квот бөглөх гэж нэр дэвшигчдийн тоонд орж ирээгүй аж. Г.Мөнхцэцэг Засгийн газрын хэвлэлээс эхлээд олон өдөр тутмын сонинд сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байсан. Сүүлийн үед Монголын зохиолчдын эвлэлийн захирлын хувьд зурагтаар үе үе гарах болсон нь түүний сонгуулийн бэлтгэл ажил байжээ гэж хэлэх хүмүүс байгаа юм.
Н.Энхболд- УИХ-ын дэд дарга Н.Энхболд инженер, эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй ч хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Тэрбээр Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакци, Улсын хэвлэлийн комбинатад удирдах албан тушаал хашиж байжээ. Мөн “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, Ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийттэй харилцах албаны дарга гэх мэт сэтгүүл зүйн салбарт ойр ажил хийж ирсэн байна.
Ц.Оюундарь- АН-ынхан дотроос ажлаа хамгийн сүүлд өгч, нэр дэвших тал дээр асуудал үүсээд байсан хүн бол МҮОНРТ-ийн захирал Цагааны Оюундарь. АНУ-ын Калифорнийн их сургуулийн Сэтгүүл зүйн дээд сургуулийг төгссөн тэрбээр сэтгүүл зүйн тогоонд арав орчим жил чанагдаж байна. Ажлын гараагаа Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд сурвалжлагчаар эхэлж байжээ. Ц.Оюундарь “ММ” агентлагийн улс төрийн тоймч, Засгийн газрын хэвлэлийн албаны дарга, “Ийгл” телевизийн дэд захирал, АНУ-ын Калифорнийн Их сургуульд багшийн туслах зэрэг ажил хийжээ. Харин 2009 оноос хойш МҮОНРТ-ын захирлаар ажиллах болсон билээ. Тэрбээр “Тусгай салаа”, “Хэцүү анги” зэрэг олон агит киноны зохиолыг бичсэн юм. Сэтгүүл зүйн магистр цолтой.
Ч.Куланда – Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда бол унаган сэтгүүлч. Тэрбээр МУИС болон Токио хотын Хитоцүбаши Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1990-ээд оны үед “Ардын эрх” сонины Япон дахь сурвалжлагч, NHK телевизийн гэрээт сэтгүүлч, “Монгол таймс” сонины эрхлэгч байв. Бүр Монголын Үндэсний телевизийн захирал байсан эмэгтэй юм. Дэд сайд Ч.Куландаг сэтгүүлчдийн “зовлон”-г дэндүү сайн мэддэг гэж сэтгүүлчид өөр хоорондоо ярьдаг. Тэрбээр энэ жил Баян-Өлгий аймагт АН болон хүүхнүүдийг төлөөлөн нэр дэвшиж байгаа юм.
Н.Алтанхуяг- АН-ын дарга Н.Алтанхуяг биофизикч, физикийн багш мэргэжилтэй ч сэтгүүлчийн ажил хийж байсан. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэж, номын дуу сонсоогүй ч өөрөө ном гаргаж, зураг авч, “Алтан гадас” сонингийн эрхлэгчээр ажилладаг юм.
Ч.Сайханбилэг – АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг 1990 оны үед МҮОНРТ-д ажиллаж байсныг цөөн хүн мэддэг. Тэр мэддэг хүмүүс нь Ч.Сайханбилэгийг “Та сувгаа бүү солиорой” гэж телевизийн дэлгэцээр гардаг байсан тухай хуучилдаг юм.
З.Алтай – 2008 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтай гишүүн энэ жил ИЗНН-аас хуучин тойрогтоо өрсөлдөхөр болжээ. “25-р суваг” телевизийн захирал байсан тэрбээр “Найзууд аа” гэж ирээд олон нэвтрүүлэг хөтөлж байсан. Хааяа, хааяа сэтгүүлчдийг өмөөрөөд дуугарчихдаг болохоор улс төрийн сэтгүүлчид түүнд талтай. З.Алтай өнгөрсөн дөрвөн жилд бие даагч байсан тул парламентийн танхимд ганцаардаж байснаа мэргэжил нэгт нөхөддөө ярьдаг.
Ц.Буянзаяа – Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ц.Буянзаяа Булган аймагт нэр дэвшиж байна. Тэрбээр МЗЭ-ийн Бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Үүнээс гадна “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч байсан, энэ салбартай дэндүү холбоотой хүн юм. Хамгийн сүүлд “Гүн санааны дүрс” нэртэй ном гаргасан юм.
Т.Алтаншагай- “Ийгл”-ийн гэдгээрээ олонд танигдсан сэтгүүлч Т.Алтаншагай улс төрд хөл тавихаар шийдээд буй юм. Тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт ширүүн өрсөлдөгчидтэй тулгараад байгаа. Одоо “ТВ8” телевизийн захирлын зөвлөх гэсэн тодотголтой байгаа тэрбээр УИХ-ын гишүүн болох “шанстай” гэж үзэн ийнхүү нэр дэвшжээ. Т.Алтаншагайг яруу найрагч Төрбатын өмнөх эхнэрийн хүүхэд хэмээн яруу найрагч, сэтгүүлчид дотно ханддаг гэж зарим хүмүүс ярьдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа ч нэг их санаа зовохгүй байгаа гэсэн.
Т.Наранцэцэг – “Ногоон шуудан” сонины эрхлэгч. Архангай аймгийн нэгдүгээрт тойрогт ИЗНН-аас өрсөлдөж байна.
Ё.Нандинцэцэг- Баянхонгор аймагт нэр дэвшиж буй 29 настай энэ бүсгүй “Миний компьютер” гэдэг сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг байна.
Г.Уянга – 2008 онд Чингэлтэй дүүрэгт нэгэн залуухан сэтгүүлч бүсгүй бие даан нэр дэвшиж байсан нь тухайн үедээ шинэ үзэгдэл байв. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ниргэсэн” хэд хэдэн шуугиантай нэвтрүүлэг хийж байсныг үзэгчид мартаагүй байгаа. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний зохицуулагч тэрбээр одоогийн эрх баригчидтай зөрчилдөхийн зэрэгцээ Н.Энхбаярын намтай нэгдэж байгаа нь бас л сонин үйл явдал болж байна. Өмнө нь нэр дэвшихдээ Н.Энхбаярыг муулж гарч ирсэн бол энэ удаа хамгаалагчийн дүрээр нэр дэвшиж байгаад зарим хүмүүс гайхан “найдваргүй” гэсэн дүгнэлт өгөөд байгаа юм.
Эдгээрээс гадна бусад жижиг нам, НИТХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэмбэл 2012 оны сонгуульд хүч үзэж байгаа сэтгүүлчдийн уртаас урт жагсаалт гарахаар байна. Парламенийн танхим руу сэтгүүлчдийн “арми” айсуй.
Б.Баяр
24tsag
URL: