“Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагч хүний амь хөнөөлөө
Төв аймгийн Заамар сумын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагчид нутгийн залууг зодож аминд нь хүрчээ. Улмаар цагдаагийн байгууллагад “Манай талбайд согтуу хүн ухаангүй хэвтэж байхаар нь авчирлаа” гэж талийгаачийн цогцсыг хүргэсэн байна. Харин хэргийн газрын үзлэг, талийгаачийн цогцост хийсэн анхан шатны үзлэгээр зодуулж амиа алдсан нь тодорхой болсон байна.
ЗОДЧИХООД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГЭЖ ӨГЧЭЭ
Заамар сумын цагдаагийн хэлтсийн шуурхай албанд энэ сарын 5-ны шөнө Ланд круйзер машинтай залуучууд иржээ. Тэд “Манай талбайн 36 дугаар карьерт танихгүй хүн ухаангүй согтуу хэвтэж байлаа” гэж ухаангүй байдалтай хүнийг авчирчээ. Жижүүрт гарч байсан цагдаа нар хохирогчийг багийн эмнэлэгт хүргэж өгөхөд эмч “Нас барсан байна” гэжээ.
Ингээд талийгаачийн ухаангүй хэвтэж байсан гэх газарт шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалтаар талийгаач мотоцикльтойгоо зогссон мөр, зодуулсан байж мэдэхээр ул мөр үлдсэн байжээ. Ингээд хамгаалалтын албаныхныг шалгахад П.Балт гэгч нь талийгаачийг зодсоноо хүлээсэн байна. Түүнтэй хамт байсан хүмүүс ч болсон явдлыг гэрчилжээ.
Болсон явдлын талаар тоймлоход, “Алтан дорнод Монгол” компани Заамар сумын нутаг Ар наймган гэдэг газарт тусгай зөвшөөрөлтэй аж. Тус талбайд харуул хамгаалалтын албаны дарга С.Энхбаатар, хамгаалалтын тусгай бүлгийн дарга П.Балт, хамгаалагч Д.Батсайхан. Ч.Батжаргал нар ажиллаж байжээ. Улмаар шөнө талбайгаар нь явж байсан хүнийг зогсоож, мотоциклиосоо буухыг шаарджээ. Хохирогч “Яаралтай явах ажилтай байгаа” гэж учраа хэлтэл П.Балт нүүр рүү нь цохиж, цээжин дээр нь дэвсчээ.
Зодсоныхоо дараа хохирогчийг босгох гэтэл ухаан алдсан байж. Хиймэл амьсгаа хийгээд сэргэхгүй болохоор нь хэрхэх тухайгаа ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад хүргэж өгөхөөр болжээ.
ТАЛИЙГААЧ ЭЭЖТЭЙГЭЭ АМЬДАРДАГ БАЙЖЭЭ
Хамгаалалтын албаны тусгай бүлгийн даргад зодуулж амиа алдсан хохирогч ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ. Талийгаач М.Жамбалням 1986 онд төрсөн. Гэрээр Заамар сумын Ар наймганы уурхайн ар талд арван таван жил ээжтэйгээ мал маллан амьдарч байсан аж. Ээж Мягмар нь өндөр настай, асаргаанд байдаг гэнэ.
Хэрэг гардаг өдөр малаа хотлуулчихаад ээждээ “Хайлааст багийн төв ороод тамхи аваад ирье” гэж яваад эргэж ирээгүй аж. Талийгаачийн талаар нагац эгч нь “Манай дүү архи уудаггүй. Хүнтэй маргалдаад байхаар догшин зантай биш. Даруу төлөв зантай, хүний үгээр байдаг юм. Архаг хууч өвчингүй. Эгчийг минь авч яваа ганц хүү нь байсан юм. Амьдралын гол түшиг болсон сайхан дүүг минь хөнөөсөнд гомдоод барахгүй байна” гэсэн юм.
Талийгаач амь зуулгын хэдэн малаа хариулахаас алт олборлоод явдаггүй гэдгийг нутгийнхан нь хэлсэн.
СЭЖИГТНИЙ ТУХАЙД
Сэжигтэн П.Балт 42 настай. Баянзүрх дүүргийн нутагт эхнэр, урван хүүхэдтэйгээ амьдардаг аж. Өнгөрсөн гуравдугаар сараас “Алтан дорнод Монгол” компанид архи уудаг, дээрэнгүй зантай гэдгийг Заамар сумын иргэд ярьж байсан.
Тэрбээр өмнө нь О.Эрдэнэбат гэдэг залууг талбайгаас алт ухлаа гэх шалтгаанаар зодож аарцаг, нурууных нь ясыг хугалж байжээ. П.Балтыг Урьдчилан хорих 461 дүгээр хорих ангид хорьж байгаа аж.
Ц.ӨРНӨХ
URL: