Угжнаасаа гараад сархдад дурлалаа гэж үү?
Монгол сархдад живж байна Сархад нь савнаасаа хальж байна. Аавууд нь архины төлөө амьдарч байна. Аавын араас шаналсандаа ээж ч бас архиар элгээ дэвтээж байна. Харин үүний араас хүүхдүүд…
Нийслэлийн хаа нэгтээ,зөвхөн нийслэлд ч гэлтгүй Монгол орны хаа нэгтээ та ажиллаж, амарч, амьдарч явахдаа дасал болсон нэгэн зүйлийг харсан байх. Энэ юу вэ гэвэл золбин ноход, архинд хөлчүүрхэн тасарч унасан өвөө, эмээ, аав, ээж, ах эгч, магадгүй балчир хүү, охин. Саяхан нэгэн нартай өглөө автобуснаас буугаад ажил руугаа алхаж яваад нүдэндээ ч итгэмээргүй нэгэн аймшигт дүр төрхийг олж үзлээ. Энэ харсан зүйл маань юу вэ гэвэл зам дагуу байрлах шөнийн цэнгээний газраас гаргаад хаясан архи пивоны овоорсон их шилийг халтартсан хувцастай арваад жаал уутлаад сууж байв.
Тэд шилийг торлохдоо зүгээр ч аваад хийсэнгүй шил бүрийг сэгсэрч үзнэ. Сэгсэрсэн шилэнд ямар нэгэн шингэн зүйл полхийж сонсогдвол асгахнуу гэтэл харин ч эсрэгээрээ баярласан царайгаар шууд хоолой руугаа хөнтөрч орхих нь тэр. Тэдний насны байдлыг үзвээс хамгийн том нь 14 хүрсэн үү үгүй юу гэмээр л санагдана. Бас болоогүй энд тэнд цөөн цөөнөөр нь торлож хаясан шилнүүдийг тэд торноос нь салгаж үзэхдээ ганц нэг тааралдах архины шилийг хараад нөгөө хэд нь хүртэл яаран гүйж ирнэ. Шилээр нь аваад уусан мөнгөлөг шоучид ёроолд нь тултал ууна гэж үгүй. Тиймээс доозлогчтой шилний доозлогчийг нь чулуугаар хагалж байгаад хэлээ оруулаад долоох шахам байж сархдад шунах балчир хүүхдүүдийг хараад энэ Монгол яана даа хэмээн сэтгэл өмрөн тавгүйтнэ. Хүн доройтно доройтно гэхэд хог түүж идэхдээ тулах нь аймшигтай хэрэг. Гэтэл түүнээс аймаар нь 8-14 насны хэдэн хөвгүүн хог ухаж архи ууж байна!
Тэд гудамжны тэнэмэл хүүхдүүд байж болно. Гэвч гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхэд гээд өсвөр наснаасаа архи ууж, Нарантуулын үүд орчим, вокзал, Сансарын тунель гээд бүхэл бүтэн архичдын хороолол болсон энэ газруудаар нохойноос дор амьдрах тэд нөхдүүдийн тоог нэмэх ёстой гэж үү? Гудамжны тэнэмэл хүүхдүүд архинд хөлчүүрхсэн байхыг харсан анхны тохиолдол минь энэ биш юм. Арслантай гүүрний орчимд энэ насны зургаан хөвгүүн архинд согтуурсандаа Сэлбийн усанд яг л үнсэнд хөрвөөх морь шиг үйлдэл хийж байсныг тодхон санаж байна. Архи аль хэдийнэ залуу үеийг заналхийлээд эхэлчихэж. Үүнийг өнөөгийн нийгэм анзаардаггүй байсан бол саяхан болсон нэгэн хэрэг хүн болгонд нэгийг бодогдуулсан биз ээ.
Тодруулбал долоон настай хүү архи ууж үзэх хүсэлдээ автан насанд хүрээгүй ах нартайгаа мөнгөө нийлүүлэн дэлгүүрээс архи худалдаж аваад уусан хэрэг мартагдаагүй байгаа байх. Тэд Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр “Амгалан цогцолбор” сургуулийн хашаанд архидаж байхад нь нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар очиход өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон дөрвөн хүүхэд зогсож байсан юм. Долоон настай С хүү толгойгоо бариад л хамар, амнаас нь цус гоожчихсон “Би үхлээ. Цус гоожоод байна. Дөлгөөн ах аа та намайг яаж байгаа юм бэ” гээд л уйлаад байсан гэнэ. Мөн газар онож гишгэж чадахгүй гуйвж, дайвж байсан гэх. Хамт явсан 14 настай Д, есөн настай Б, Г нар ч хөл дээрээ тогтож чадахгүй бие биеэ гулдчиж, унаж, босч байсан гэнэ. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар тэднийг авч явах гэтэл “халамцсан” жаалууд “Та нар биднийг бариад байх даа яадаг юм бэ. Би хурандаа хүний хүүхэд шүү. Томроод байвал ажилгүй болгоно гэхчлэн цагдаа нарын өмнөөс пээдэлзэхийг үзүүлж өгсөн гэж байгаа.
Үүнээс өмнө архинаас үүдэлтэй амь насаа алдсан бас нэгэн хэрэг гарсныг хүн бүхэн мартаагүй байгаа байх. Эргэн сануулбал, өнгөрсөн өвлийн нэгэн өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд есөн настай Б архинд хөлчүүрхсэн эцэг эхийнхээ захиалгаар 1500 төгрөгийн архи худалдан аваад харих замд нь 13 настай Н түүний архийг булааж аваад Чингэлтэй ууланд гараад тасартлаа уучихаад пянг нь даалгүй өвлийн шөнө хөлдөөд үхсэн эмгэнэлт явдал. Хамгийн сүүлд сонссон бас нэгэн сэтгэл түгшээсэн мэдээ нь 16-гаас доош насны зургаан хүүхэд архинд хөлчүүрхэн хэнд ч гэм хийгээгүй нэгэн эмэгтэйг зодсон тухай мэдээлэл байна. Энэ мэт архидалт залуужиж, ирээдүй хойч үе ганхаж байгааг нотлох олон жишээ сонсогдох боллоо. Тэр болгоныг дурдья гэвэл бичиг цаас хүрэлцэхгүй гээд хэлчихэд би худалч болохгүй.
Үүнийг талхны үнэ хэд байдгийг мэддэггүй хэрнээ хууль баталдаг 76 мэдэхгүй, тансаг хороололд амьдарч хөл газар тавилгүй хувийн унаанд сууж амьдрах дээдсүүд мэдээж олж харахгүй. Харин агаар муутай, өмхий үнэртэй нийтийн тээврээр үйлчлүүлж, хар захаас хүнсээ татдаг мань мэт нь андахгүй сайн мэднэ. Архидалт Монголыг сүйрүүлж байгааг улс төрөөс тольдоод харчихсан хүн манай Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос өөр одоохондоо алга л байна. Түүний хэлсэн архи биш сүү өргөе гэсэн уриа сүйдтэй үр дүн өгөөгүй ч гэсэн олон хүний имижийг бүрдүүлж чадсан. Яахав зарим нэг нь архигүй Монголын төлөө хэмээн нэг гартаа сүү барьсан ч ширээн доогуур нөгөө гартаа хундагатай архиа бариад буруу харж байгаад архиа сүүгээр даруулж уух хошин дүр зураг тэгэсгээд л өнгөрсөн.
Манай орны хувьд архинд хөлөө алдах оргил үе нь 1989 оноос эхэлсэн. Энэ үеэс архичдын нас хязгааргүй болж эхэлсэн. Хэдхэн жилийн өмнө архичдын хамгийн идэвхтэй нас 40 байсан. Гэтэл өнөөдөр хүүхдүүд архи руу хошуурч эхлээд байна. Өнөөдөр арван жилийн хүүхдүүд эрүүлжүүлэх байранд хонох нь юу ч биш болжээ. Өнгөрсөн онд эрүүлжүүлэх байранд 257 сурагч эрүүлжүүлэгдэж, үүнээс гадна сургууль завсардсан насанд хүрээгүй буюу зарим нь тэнэмэл гэсэн тодотголд хамаарах 13 хүүхэд эрүүлжүүлэгдсэн байна. Архидалт Монголчуудын үр удмыг сүйтгэх дээрээ тулсныг нэгэн судалгааны дүн харуулж байна. 6-11 дүгээр ангийн сурагчдын дунд архийг ямар нэг хэмжээгээр ууж үзсэн уу гэсэн асуултанд хариулт авчээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 45 хувь нь их бага хэмжээгээр ууж үзсэнээ хүлээсэн байна. Дээрх судалгааг Хүүхдийн архидалт мансуурлын эсрэг төвөөс гаргасан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд ямар ч зорилгогүйгээр зүгээр л сонирхлын журмаар ууж үзсэн байх.
Үүнээс харахад Монголын нийгэмд архины бүхэл бүтэн арми хүмүүжиж байна. Өсвөр насныхан яагаад архинд донтоод байна вэ? Үүнийг мэргэжлийн байгууллагууд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Үнэндээ гарын таван хуруунд л багтах хэдэн кино театраас өөр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй байгаатай санал нийлэх хүн олон байгаа байх. Харин тэдэнд зориулагдан хэдэн зуугаараа үүдээ нээсэн газар бол нүхтэй болгонд үүрлэсэн шөнийн цэнгээний газрууд. Ийм л орчин ирээдүй хойч үеийнхнийг баллаж байна. Дээрээс нь Монголын баярын олныг хэлэх үү? Хамгийн гол нь архины үйлдвэрүүд жилээс жилд нэмэгдэж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр, гурав дахин өссөн. 320 төгрөгөөр худалдан авдаг байсан Атар талхны үнэ өнөөдөр 630 төгрөг болж өссөн байхад Монголыг хог шороо, нус нулимстай нь хутгаж буй архины үнэ л хэвээрээ үлдэж байна.
Хамгийн дургүй хүрмээр зүйл нь архины үнэ нэмэгдлээ гэхэд архичинд нь тохируулаад спирт найруулаад зарчих хувийн үйлдвэрүүд үй олноороо байна. Архинд живсэн Монголыг аврах ёстой хүмүүс хэмээн төр засагтаа хандан энэ үгсийг тэрлэлээ. Монголыг ядуурлаас авраач, диваажин болгооч гэж гуйхгүй. Зөвхөн архичин Монголыг архинаас нь салгаад өгөөч гэж 76-гаас бас Бурханаас гуймаар байна. Дөрвөн жилд нэг удаа болдог улс төрд үлдэхийн төлөөх тэмцэл энэ цагт өрнөж байна. Тэд одоо засгийн эрхэнд үлдэхийн төлөө би ингэж чадна, тэгж чадна гээд амандаа орсныг л бурж байна. Миний хувьд 76-гаас хүсэх ганц л гуйлт байна. Энэ юу вэ гэвэл найман настай балчраас наян настай буурлыг хүртэл хүссэнээрээ угжиж байгаа архидалтыг зогсоож өгөөч. Архичин Монгол архинаасаа татгалзахын цагт Монгол аяндаа хөгжинө гэдгийг ахин дахин хэлмээр байна.
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: