Гадны шашинд үйлчилсэн улс төрчдийг ТЕГ-т шалгуулна

Залуус нэгдэн Солонгосын шашны байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажилладаг зарим улс төрчдийг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар болсон байна. БНСУ-аас гаралтай Мүүний шашны үйл ажиллагааг Монголд дэлгэрүүлэх, анхнаас нь дэмжиж ирсэнтэй холбоотойгоор МҮАН-ын дарга М.Энхсайхан, Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар нарыг ТЕГ-т шалгуулах хүсэлтэй байгаа ажээ. Учир нь Мүүний шашин нь оюутан залуусаар гудамжинд бараа заруулдаг, охид бүсгүйчүүд, залуучуудыг хооронд нь болон гадныхантай шашны зан үйлээрээ дамжуулан гэрлүүлдэг нь Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж буй хэмээн залуус үзэж байгаа юм.

Иймд энэхүү шашны үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн улс төрчдийг хуулийн байгууллагаар шалгуулах, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдох эрхийг нь хаах арга хэмжээ авах ёстой гэж үзэж буй юм байна. Улс төрчдийг Шашны байгууллагатай холбоотой ажилладаг нь тэднээс ямар нэгэн тусламж дэмжлэг авдаг хэмээн тэд үзэж буй ажээ. Энэ талаар залуучууд Монгол ньюс мэдээллийн төвд Пүрэв гаригт мэдээлэл хийхээр болсон байна.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих