Н.Энхбаяр хуулийнхныг өөрийнхөө дураар хөдөлгөж чадлаа

Түүний эхнэр О.Цолмон ОУХЭК-т хандахдаа Н.Энхбаярыг хилс хэрэгт хэлмэгдэх гэж байгаа мэтээр бичсэн нь ийм байдалд хүргэсэн юм байна

Өчигдөр Сүхбаатар дүүр­гийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын авлига, хувьчлалтай холбоотой шүүх хурал боллоо. Хурлын даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ё.Сагсай, О.Мөнхбаатар, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцсон юм. Эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэж байсан ч Н.Энхбаяр өөрийн биеэр шүүхийн танхимд ирсэн. Улмаар МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгч Н.Шинэн, Г.Ганбаатар нараас татгалзах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь харгалзан үзэж, хурлыг найман өдрөөр хойшлуулсан билээ.

Ийнхүү түүний өмгөөлөг­­­­­­чөөр О.Баасанхүү, Б.Оюун­билэг нар ажиллахаар болов. Тиймээс өмгөөлөгчдийн хавтаст хэрэгтэй танилцах хугацааг харгалзан үзэж, хоёр дахь боломжийг Н.Энхбаярт олгосоноор хуралдааныг хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Н.Энхбаяр өмнөх шүүх хурлуудад Г.Ганбаатар, О.Баасанхүү, Б.Оюунбилэг, Н.Шинэн нарын дөрвөн өмгөөлөгчтэй оролцож байжээ. Ийнхүү хурлын дараа түүнийг эмнэлгийн машинаар авч явсан юм.

Түүний өмгөөлөгч Б.Оюун­билэгээс энэ тухай асуухад “Бидэнд хэрэгтэй танилцах хугацаа өгч, шүүх хурлыг зургаадугаар сарын 12-ныг хүртэл хойшлуулсан. Мөн шүүхээс Сонгуулийн Ерөнхий хороонд бичиг явуулж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалз гэсэн чиглэл өгсөн нь “Түүнийг улстөрийн зорилготой яллаж байна” гэсэн хардлагыг улам лавшруулж байна” гэсэн юм. Нийт 49 хавтаст хэрэг байгаа бөгөөд найм хоногт танилцаж амжих эсэхээ сайн мэдэхгүй байна гэсэн тайлбарыг Б.Оюунбилэг сэтгүүлч нарт дайж байлаа. Гэхдээ тэр зарим хавтаст хэрэгтэй танилцаад эхэлчихсэн юм билээ.

Түүнчлэн Н.Энхбаярыг баривчилсан, мөн түүнийг авлигын хэрэгт сэжиглэн шүүж байгаа нь олон улсын анхаарлыг татах болжээ. Уг шүүх хуралд гадаадын ажиглагчид, өмгөөлөгчид оролцохоор ирсэн байв. Түүнийг урьдчилан хорих төвд хуурай өлсгөлөн зарлаж байх үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу ярьж байсан билээ. Тэрбээр Ерөнхийлөгч байсан хүний амь насанд эрсдэл учраад байгаа тул нааштайгаар шийдвэрлэхийг хүсч, зөвлөж байсан.

Харин үүний маргааш буюу тавдугаар сарын 14-нд Н.Энхбаяр батлан даалтад гарахаар болж, өлсгөлөнгөө зогсоосон. Тэгвэл өчигдрийн шүүх хурлаас гарах шийдвэрт мөн л дэлхийн хэмжээний байгууллагууд анхаарлаа хандуулсаар байна. Өнгөрсөн баасан гарагт Европын холбооноос Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотой мэдэгдэл гаргажээ.

Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгч Катерин Аштон “Н.Энхбаярын хэрэг явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Бид энэ хэрэгт ил тод, ардчиллын зарчим болон хууль эрх зүй, хүний эрхийг хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна. Европын холбоо Монголд ардчиллыг бэхжүүлэх үйл явцад бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Дээрх мэдэгдлээс үзвэл олон улсын байгууллагууд Н.Энхбаярыг шударгаар шүүнэ гэдэгт итгэл муутай байгаа аж.

Гэхдээ Н.Энхбаяр олон улсад тэгтлээ их нөлөөтэй хүн үү гэвэл үгүй. Түүний эхнэр О.Цолмон Олон улсын хүний эрхийн комисст хандахдаа Н.Энхбаярыг хилс хэрэгт хэлмэгдэх гэж байгаа мэтээр бичсэн нь ийм байдалд хүргэсэн юм байна. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Н.Энхбаяр зөвхөн Монголын хуульд захирагдах ёстой. Түүнийг сонгуулийн өмнө баривчилсан нь зохион байгуулалттай хэрэг биш. Удаа дараа мэдүүлэг, шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлосон болохоор ийм арга хэмжээ авсан.

Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол шүүхээс түүнд таван жилийн ял оноох аж. Ямартай ч экс Ерөнхийлөгч хийсэн хэргийнхээ ял зэмийг үүрэх нь бүү хэл Монголын төрийг дэлхийн өмнө улалзуулж байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих