Нэр зээлдсэн намаас нэр дэвшигчид нь зугтаж эхэллээ
Монголын улстөрд МАХН хэмээх 19 дэх нам мэндлээд удаагүй байна. Монгол Ардын намын хуучин нэрийг зээлдэн улстөр хийсэн энэ нам УИХ-ын сонгуульд МҮАН-тай эвсэж, “Шударга ёс” эвсэл байгуулаад байгаа билээ.
Гэвч нэр дэвшигчдийнх нь баримт материалыг СЕХ-нд нягталж байх зуур зарим нь нэр дэвших эрхээсээ татгалзаж эхэлсэн гэнэ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Зэвэгийн Ойдов Өвөрхангайн тойрогт хүч үзэхээр болсон ч энэ намын мөн чанарыг таниад гарсан тухай эх сурвалж хэлж байна. Ер нь МАХН-аас зугтаж байгаа нэр дэвшигчид цөөнгүй гэнэ.
Баянзүрх дүүрэгт өрсөлдөнө гэсэн Монголын анагаах ухааны холбооны ерөнхийлөгч Г.Цэрэнчунт нэр дэвших бодлоо орхисноо мэдэгджээ. Түүнчлэн хөдөөгийн малчдад телевизийн антенн анх санал болгож байсан “Малчин” компанийн Чинзоригийг Өмнөговьд дэвшүүлнэ гэж баахан мөнгө аваад хулхидсан тухай тэрбээр ярьж явна. Тэр болохгүй бол бие дааж нэр дэвших ч сураг дуулдав.
Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй МУИС-ийн Газар зүй, геологийн сургуулийн багш С.Авирмэд, намын жагсаалтад багтсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл нар ч хуульд заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдөөгүй учир тэдний нэрийг СЕХ-ноос татах магадлалтай байна. Харин намын дарга Н.Энхбаярын шүүх хуралтай холбогдуулан нэр дэвшигчээр бүртгэхээс түр татгалзах саналыг хуулийн байгууллагаас тавьжээ.
Өөр намын хуучин нэрээр улстөрд орогнох гэж хичээсэн МАХН-ын сонгуулийн ажил анхнаасаа будлиан, эргэлзээ дунд ийнхүү эхэлж байна. Улстөрийн намаас нэр дэвшигчид санал хураалт болох сүүлийн өдөр хүртэл хүчин зүтгэдэг болохоос биш барианд орохоосоо өмнө замын дунд буцдаг тохиолдол энэ намд л илэрч байх шиг байна. Угаас байгуулагдсан түүх, үүсэл нь хууль дүрмээс гажууд, бусдын нэрийг зээлдсэн цөөн хэдэн хүний улстөрийн ашиг сонирхолд үйлчлэх зорилготой болохоор тус намын удирдлагуудын мөн чанар, эрх ашгийг олж харагсад тэдэнтэй цаашид зам нийлэхгүйг бие сэтгэлээрээ мэдэрч байгаа нь энэ юм.
Монгол Ардын нам 90 жил оршин тогтнохдоо агуулгын олон өөрчлөлт шинэчлэлийг намдаа, улс орондоо ч хийж хэрэгжүүлсэн. Гагцхүү хэлбэрийн шинэчлэл буюу уугуул нэрээ сэргээх асуудлыг олон жилийн судалгаа, олон түмний санал хүсэлтэд үндэслэн намын XXVI Их хурлаараа эцэслэн шийдэж, Монгол Ардын нам хэмээх нэрээрээ нэрлэгдэх болсон юм. Үүний үр дүнд Монгол Ардын нам хэлбэрийн ч, агуулгын ч шинэчлэлийг цаг үетэйгээ нийлүүлж чадсан улстөрийн ууган хүчин болжээ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг зоригт хөвгүүдийн байгуулсан Ардын нам хэмээх уугуул нэрээрээ дуудуулах болсон нь нийгмийн захиалга билээ.
Харин хуучин нэр сахиж үлдсэн МАХН-д энд тэнд гологдож, албан тушаал горьдож явсан нөхөд л ирж, улстөрийн хүсэл зорилгоо биелүүлэхээр наалджээ. Тэдний туйлын хүсэл нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх. Эрээвэр хураавар хүмүүс цугларсан МАХН-д ямар өрсөлдөөн гэж байх биш, нэр дэвшихийг хүссэн бүхний хүсэлтийг ёсоор болгосон ч хэдэн өдрийн дараа эргэцүүлж нэг бодоод нэр дэвшигч гэсэн статусаас татгалзаж эхлээд байна. Нэр дэвшигчид нь ингэж зугтаж амь амиа бодож байхад жирийн гишүүдэд нь байх суух газар олдоно гэж үү?
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: