“Шантаажилсан”-ыг нь сулладаг юм бол цагдаагийн экс дарга нар ч бас шантаажлах хэрэгтэй
Цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих төвд үргэлжлүүлэн эмчлэх болж байна. Тушаал биелүүлж, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө шоронд орж, амь тавих дээрээ тулчихаад байгаа тэднийг төр засаг нохойд барьдаг мод шиг халжээ.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын зургаанд Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор товлогдоод буй.
Хэдхэн хоногийн өмнө дамнуурга дээр хэвтсэн чигээрээ хорих анги руу зөөгдсөн Ч.Амарболд, О.Зоригт нарын биеийн байдал улам дордож байгаа гэнэ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр генерал Ч.Амарболд элгэндээ хагалгаа хийлгэж, элгээ боолгосон, харин хурандаа О.Зоригтын чихрийн шижин улам хүндэрч, хоёр хөл нь мэдээгүй болсон энэ байдлаараа удвал хоёр хөлийг нь тайрч магадгүй гэнэ. Ш.Батсүх ч мөн чихрийн шижингээс болж даралт нь ихэсч цус харвах аюул нүүрлэсэн гэж эх сурвалж мэдээлж байна.
Яг энэ мэдээлэлтэй зэрэгцэн МАХН-ын даргыг Н.Энхбаярыг суллах нь тэр. Хачирхалтай л юм. Уг нь Н.Энхбаяр адилхан хэрэгт сэжиглэгдэж, шоронд орсон. Дараа нь өлсгөлөн зарлаж, хорихоос элдэв мессеж тараасаар батлан даалтад гарсан. Ингээд ч зогссонгүй АТГ, хууль хяналтынхныг “шантаажилж”, үүндээ тархийг нь угаасан иргэдийг татан оролцуулсаар, эцэст нь бараг л ардын баатар болох хүсэлтэй.
Үнэндээ цагдаагийн экс дарга нарын дуулиан Н.Энхбаярын дуулианд дарагдаад байсан. Тэдэнд эмчилгээ хийсэн эмч нар нотолж буйгаар хэзээ ч амиа алдаж болохоор байдалд орсон нь үнэн. Хамгийн гол нь цагдаа нар тангараг өргөсөн учраас өлсгөлөн зарлахгүй гэсэн бололтой. Магадгүй одоо өлсгөлөн зарлавал бие нь дийлэхгүй биз. Эндээс нэг зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл эмч, цагдаа гэлтгүй бүгдийг тангараг өргүүлэх хэрэгтэй, улстөрчдөөс бүр хатуу амлалтыг албан ёсоор авдаг болох шаардлагатай юм байна.
Мэдээж Ч.Амарболд нарт Н.Энхбаярынх шиг эрх мэдэл байхгүй. Тиймээс ч мэс заслын шарх нь эдгээгүй байхад хорих анги руу ачигдлаа. Яг үнэндээ одоо тэд Н.Энхбаяртай барьцаж болмоор санагдлаа. Хэн “шантаажилсан”-ыг нь батлан даалтад гаргадаг юм бол энэ дарга нар эрүүл мэндийн шалтгаанаа урдаа барьж, барьцах хэрэгтэй.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Цагдан хорих 0461 дүгээр ангийн эмнэлгийн хүсэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээний гуравдугаар шатлалд хийгдвэл зохих клиник лаборатори, багажийн стандарт шинжилгээнүүдийг хийлгэхээр Ч.Амарболд, О.Зоригт нарыг П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Тэдэнд зохих шинжилгээ, мэс ажилбарыг гүйцэтгэж дууссан байна.
Тодруулбал, генерал Ч.Амарболд 2012 оны тавдугаар сарын 28-нд элэгний судасны ангиографийн шинжилгээ, мөн доод мөчдийн тараагуур судасны бөглөрөл шалгах шинжилгээнд оржээ. Харин хурандаа О.Зоригтод тавдугаар сарын дөрвөнд зүрхний титэм судасны ангиографийн шинжилгээ, доод мөчдийн тараагуур судасны ангиографийн шинжилгээ хийж, цус цэвэрлэх, шүүх эмчилгээг хоёр удаа хийсэн байна. Үүний дараа буюу тавдугаар сарын 24-нд зүрх судас болон зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан шийдвэрээр зүрхний үнхэлцгийн хөндийгөөс шингэн авах мэс ажилбар хийжээ.
Дээрх байдлаар шүүгдэгчдэд хийгдэх шаардлагатай гэж үзсэн эмчилгээ, үйлчилгээг авсан байна. П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очироос тавдугаар сарын 29-нд ирүүлсэн эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдлын талаарх тодорхойлолтод онош, эмчилгээний заалтын дагуу төрөлжсөн мэргэжлийн эмч нарын байнгын хяналт, зөвлөгөөний дагуу эмийн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж заасан.
Энэ дагуу цаашид хийгдэх эмчилгээ, сувилгаа болон эмнэлгийн хяналтыг үргэлжлүүлэх болжээ.
Ингэхдээ Сүхбаатар дүүргийн шүүх цагдаа нарын эмчилгээг Цагдан хорих 0461 дүгээр ангийн эмнэлэгт үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байх юм. Ч.Амарболд, О.Зоригт нарыг насилкаар зөөлгөөд ачигдсаныг монголчууд харсан шүү дээ. Цагдан хорих төвийн эмнэлэг өлсгөлөн зарласан хүнийг эмчилж чадахаар сайн багаж хэрэгсэлтэй биш гэдгийг Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нэг бус удаа мэдэгдсэн. Гэтэл хагалгаанд орж, хөл нь мэдээгүй болсон хүмүүсийг яаж эмчлэх гэсэн юм бол.
Хамгийн ноцтой нь ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх тухай ямар нэгэн тушаал шийдвэр өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн шүүхэд ирээгүй байгаа аж. Н.Энхбаярыг өлсөж байхад Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, хоёр ч удаа эмч нарын багийг томилсон санагдаж байна. Ингэхээр л эрх мэдэл гэдэг шүүх, хууль хяналтынханд хэрхэн нөлөөлдөг нь харагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очирын 2012 оны тавдугаар сарын 29-ний өдрийн албан бичгээс өөр ямар нэгэн дүгнэлтийг эмнэлгийн байгууллагаас гаргаагүй байгаа ажээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: